“Петрочайна Дачин Тамсаг”-т Засаг дарга “ховлож”, Хятад дарга амлаж, сайд харин үүрэгджээ

2018-05-08 12:01      ГэрэгМН

-“Петрочайна Дачин Тамсаг” Тамсагийн  сав газраас 20 жил газрын тос олборлох гэрээтэйгээс 6 жилийг үджээ-

Монгол Улсын газрын тосны хамгийн том хөрөнгө оруулалт хийж буй “Петрочайна Дачин Тамсаг” ХХК-ийн үйл ажиллагаатай Уул уурхай, хүнд үйлдвэрийн сайд Д.Сумьяабазар танилцжээ. БНХАУ-ын хөрөнгө оруулалттай уг компани Дорнод аймгийн  Чойбалсан хотоос зүүн тийш 220 км-т  байх  Тосон-Уулын XIX талбайд 179 сая, Тамсагийн XXI талбайд 127.5 сая тоннын газрын тосны батлагдсан нөөцтэй үйл ажиллагаа явуулдаг.

2017 оны эцсийн байдлаар “Петрочайна Дачин Тамсаг” ХХК  олборлолтод нийт 3.16 тэрбум ам.долларын хөрөнгө оруулалт хийснээс хайгуулд 616 сая ам.долларыг  зарцуулжээ.

“Петрочайна Дачин Тамсаг” ХХК Тамсагийн  сав газраас түүхий газрын тос олборлох 20 жилийн хугацаатай  бөгөөд үүнээс одоо 14 жил үлдээд буй аж. Нийт 306 сая геологийн баталгаат нөөц батлуулснаас 113 сая тонн буюу 34 хувийг ашиглаад буй аж. Олборлох хүчин чадлын хэмжээ жилд нэг сая тонн давсан бөгөөд 2005-2017 онд нийтдээ 5.8 сая гаруй тонн түүхий тос олборложээ.

 Харин үүнээс улсын төсөвт 2.9 тэрбум ам.долларын түүхий тос экспортолсон бөгөөд бүтээгдэхүүн хуваалтын орлогоос улсын төсөвт 654 сая ам.долларын хөрөнгө оруулалт хийсэн байна.

УУХҮ-ийн  сайд Д.Сумьяабазарыг  “Петрочайна Дачин Тамсаг” ХХК дээр ажиллах үеэр Дорнод аймгийн Засаг дарга М.Бадамсүрэн,  компанийн ерөнхий захирал Зян Вейдун нар гурван талт уулзалт хийжээ.

Засаг дарга М.Бадамсүрэн  гэрээний дагуу “Петрочайна Дачин Тамсаг” ХХК-д  Дорнодын залуус ажиллах  ёстой ч ажилд орж чадахгүй байгааг хэлжээ. Дорнодын политехникийн коллежийг  газрын тосны олборлолт болон техникийн мэргэжлээр төгссөн 200-300 боловсон хүчин бий атал ажилд авахгүй байгаа аж.

Туслан гүйцэтгэгч компанийн тендерийг ил тод нээлттэй явуулахгүй байгааг ч салбарын сайдад “ховлов”.

Нөхцөл байдалтай газар дээр нь танилцсан сайд Д.Сумъяабазар  “Петрочайна Дачин Тамсаг” ХХК-ийн удирдлагуудад хэд хэдэн үүрэг даалгавар өгчээ.

Үүнд:

  • Олборлолтын операторыг заавал орон нутгаас авах
  • Туслан гүйцэтгэгч компанийг сонгон шалгаруулах болон худалдан авалтаа ил тод нээлттэй болгох
  • Байгаль орчны нөхөн сэргээлтийг стандартын дагуу хийх
  • Замын бүтээн байгуулалтаа дуусгах
  • Хөдөлмөрийн аюулгүй байдлыг чанд сахих
  • Монгол Улсын хууль, дүрэм журмын дагуу үйл ажиллагаа  явуулах
  • Нийгмийн хариуцлагын хүрээнд олборлогч компани орон нутагтай харилцан ойлголцож, цаашид нэгнээ дэмжиж ажиллах
  •  Хариуцлагатай уул уурхайг хөгжүүлэхийг үүрэг болгов.

Харин “Петрочайна Дачин Тамсаг” ХХК-ийн захирал Зян Вейдун өнөөдөр ажиллаж байгаа 630 монгол ажилтны 75 хувь нь Дорнодын иргэд гэж хэлжээ.  Мөн цаашид нэмж ажилтан авах шаардлагатай бол нутгийн иргэдийг ажилд авнэ гэж сайдын нүүрэн дээр хэлсэн байна.  Түүнчлэн эхний ээлжинд түүхий газрын тос тээвэрлэж буй замын асуудлыг шийдвэрлэх, орон нутагтай хамтран ажиллахаа хэлээд Монгол Улсын хууль дүрэм журмын дагуу үйл ажиллагаа явуулна гэдгээ амлажээ.

 “Петрочайна Дачин Тамсаг” ХХК үйл ажиллагаа явуулж эхэлснээс хойш нийтдээ хоёр сая гаруй ам.долларыг хандив тусламжийг орон нутгийн эмнэлэг, сургууль, малчдад үзүүлсэн гэнэ. Матад сум, хилийн отряд, Баянхошуу боомтод ард иргэдийн ундны усны нөхцөлийг сайжруулахад 323 мянган ам.доллар зарцуулж, байгаль орчны нөхөн сэргээлт, хамгааллын ажилд 156 сая ам.долларын хөрөнгө оруулалт хийснээс өрмийн шингэн хаягдлын сан, уг хаягдлыг саармагжуулах 1198 байгууламж барьж, зам дагуух 600 км-т байгаль хамгаалах ажил хийсэн аж.

УУХҮ-ийн сайд  Д.Сумьяабазар “Петрочайна Дачин Тамсаг” ХХК-ийн газрын тос олборлолт болон тээвэрлэлт хийж буй үйл ажиллагаатай танилцахдаа тус компанид ажиллаж байгаа монгол ажилчидтай ч уулзжээ.

Эх сурвалж: Уул уурхай, хүнд үйлдвэрийн яам




Манай сайт таалагдаж байвал л LIKE дараарай


Сэтгэгдэлүүд


Анхааруулга! Уншигчдын бичсэн сэтгэгдэлд gereg.mn хариуцлага хүлээхгүй болно. Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй.
Zochin

Жилд 1000 гаруй хятад ажилчид оруулж ирж ажиллуулах квот Засгийн газар өгөхөө болиочээ. 100 тусгай мэргэжлийн хүнд аажилах квот өгөхөд хангалттай бишүү. Энэний ард хахууль л явдаг байх даа

2018-05-09 07:11    66.181.180.105
зочин

бид ч хятадын харьяанд оржээ новш гэж...

2018-05-08 12:13    203.91.118.180

Сэтгэгдэл нэмэх