Д.Батхуяг: Инновацийн тогтолцооны маш энгийн загвар нь алтан гурвалжин байдаг

2018-05-07 18:54      geregmn

Монгол Улс 2012 онд Инновацийн тухай хуулийг анх удаа баталсан хэдий өнөөгийн инновацийн хурдацтай хөгжлийн явцтай нийцүүлэн тус хуулийг бүрэн шинэчлэх зүй ёсны шаардлага тулгарчээ. Энэ талаар ШУА-ийн инноваци, мэдээллийн албаны дарга Д.Батхуягтай ярилцлаа.

-Өнөөдрийн байдлаар манай улсад инноваци ямар түвшинд хэрэгжиж байна вэ?

- Улсуудыг эдийн засгийн хөгжил, инновацийн гол индексээр нь ангилдаг. Энэ ангиллаар манай улс эхний тавд багтдаг учраас боломжийн хэмжээнд яваа гэж боддог. Гэхдээ бид илүү дээд шатанд хүрч, хурдтай хөгжиж, илүү үр дүнд хүрэхийг зорьж байна.

Инноваци гэдэг аль нэг салбарын асуудал бус бүх салбарт хамаатай. Тухайн улсын бүх байгууллага, хувь хүний оролцоотойгоор амжилттай хэрэгждэг. Тэгэхээр манай улсын хөгжлөөс хойш татаж буй нь хамтын ажиллагааны үзүүлэлтүүд юм. Монгол Улсад үйлдвэрлэлийн салбарын каластер хөгжил байхгүй. Тиймээс энэ үзүүлэлтээр 140 улсаас сүүлээсээ нэг, хоёрт ордог. Сүүлийн хэдэн жилд энэ тоо өөрчлөгдөөгүй. Каластер гэдэг нь хийдэг юмаа хийгээд хэрэглэдэг хэсэгтээ нийлүүлдэг тогтолцоо юм. Ерөнхийдөө томхон аж ахуйн нэгжүүд бүх зүйлээ өөрсдөө хийх хандлагатай байдаг. Үүнээс хамтран ажиллах, итгэлцэл харагдахгүй байна. Сул тал нь энэ.

-Төр, хувийн хэвшил, эрдэм шинжилгээний байгууллагуудын уялдааг хангах талаар ярьж байна. Өнөөгийн байдлаар эдгээрийн хамтын ажиллагаа хэр байна вэ?

-Инновацийн тогтолцооны маш энгийн загвар нь алтан гурвалжин байдаг.

Төр, хувийн хэвшил, эрдэм шинжилгээний байгууллагуудын хамтын ажиллагааны үр дүнд инноваци хөгждөг.

Энэ бол маш энгийн загвар. Тодорхой зүйлийг эхлэхэд манлайлал чухал. Үүнийг аль аль талаасаа гаргах хэрэгтэй. Монгол Улсад төрийн манлайлал байна. Харин хамтын ажиллагааг авч үзвэл төр-хувийн хэвшил, төр-эрдэм шинжилгээний байгууллагын хамтын ажиллагаа тодорхой хэмжээнд байна.  Тэгвэл хувийн хэвшил-эрдэм шинжилгээний байгууллагын хамтын ажиллагаа хаана байна вэ?. Үүнд л асуудал байгаа юм.

- Инновацийн тухай хуулийг шинэчлэх шаардлагын тухайд юу хэлэх вэ?

-Хуулийн гол гол хэрэгтэй зүйлийг механикаар авчихсан учраас хууль хэрэгжихгүй байна. Хуульд вэнч сангийн хөрөнгө оруулагч нарын талаар тусгаагүй. Вэнч хөрөнгө оруулалт бол амьдарч ч магадгүй, үгүй ч байж магадгүй эрсдэлтэй. Амьдарч чадвал маш том үр ашиг авчирах боломжтой бизнест хөрөнгө оруулалт хийдэг хүмүүсийг вэнч хөрөнгө оруулагчид гэдэг. Гэтэл санхүүгийн механизмыг нь авчихсан учраас хууль хэрэгжихгүй байна. Хуульд тодорхой үзэл баримтлал бий. Гэтэл голоос нь ганц, нэг зүйлийг нь механикаар авчихаар хуулийн нэгдмэл шинж чанар алдагддаг. Хэрэв эхнээсээ вэнч сангийн тухай тусгахгүй бол хэрэгжих боломжтой байсан.

Инновацийн тухай хууль гаргасан нь манай улсын хувьд анхных учраас өмнө нь үүнийг хэрэгжүүлж, хэрэглэж үзсэн туршлага байгаагүй. Инновацийн тухай хуулийг Засгийн газрын 20 гаруй журмаар зохицуулна гэж хуульд тусгасан байдаг ч Засгийн газар өнгөрсөн хугацаанд гурван л журам гарсан. Өөрөөр хэлбэл, журам гаргах явц удаан байна. Ингэхээр яаж хэрэгжих вэ.

-Инновацийн эрх зүйн орчныг бүрэн шинэчлэх тухай ярьж байна. Таны дээр хэлж байгаа вэнч хөрөнгө оруулалтаас гадна ямар ямар зүйлийг тусгах шаардлага байгаа вэ?

-2012 оны Инновацийн хууль технологийн инновацийг түлхүү дэмжсэн. Улсыг үйлдвэрлэгч болгоё гэсэн үзэл баримтлалтай байдаг. Гэхдээ үйлдвэрлэлийн үйл ажиллагааг дэмжихэд нийгмийн талын инноваци маш чухал суурь нөлөөтэй. Энэ талаар тус хуульд ерөөсөө байхгүй. Үүнийг тусгана. Энэ бол цоо шинэ үзэгдэл байх болно. Өөрөөр хэлбэл, нийгмийн инноваци гэдэгт санхүү, хөрөнгө оруулалт, төлбөр тооцооны чиглэлийг хамтад нь ойлгох хэрэгтэй. Түүнчлэн инновацийн үйл явцыг тодорхой болгож, вэнч сангуудын үзэл баримтлалыг тусгана. 2012 оны хуулиас үүгээрээ ялгаатай.

Ц.Жаргал




Манай сайт таалагдаж байвал л LIKE дараарай


Сэтгэгдэлүүд


Анхааруулга! Уншигчдын бичсэн сэтгэгдэлд gereg.mn хариуцлага хүлээхгүй болно. Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй.

Сэтгэгдэл нэмэх