Усны асуудлыг нэгтгэн зангидахаар болов

2018-05-06 08:55      gereg

Дэлхийн дулаарал, уур амьсгалын өөрчлөлтийн улмаас усан гадаргын ууршилт Монгол орны хэмжээнд 2016-2035 оны хооронд жилд дунджаар 107-165 мм, 2050 онд 96-364 мм, 2080 онд 150-370 мм тус тус нэмэгдэх хандлагатай байна. Үүнтэй уялдан гол мөрний эх болсон мөнх цас, мөсөн гол, мөстлийн хайлалт хурдацтай нэмэгдэж болзошгүй байгааг судлаачид хэлж байна.

Мөнх цас, мөсөн голын усны нөөцийн хэмжээ 30 орчим хувиар багасч, 2017 оны байдлаар 391 нуур  тойром, 344 гол горхи, 760 булаг шанд ширгэжээ.

Энэ талаар УИХ-ын чуулганы хуралдаанд Ерөнхий сайд У.Хүрэлсүхийн хийсэн “Монгол Улсын усны нөөц, ус ашиглалтын өнөөгийн нөхцөл байдал, тулгамдаж байгаа асуудал, цаашид авч хэрэгжүүлэх арга хэмжээний талаар” мэдээлэлд дурдсан юм.

Манай орны хувьд баталгаатай цэвэр усаар хангагдсан хүн амын эзлэх хувь 2015 оны байдлаар 65 хувьтай байжээ. Өөрөөр хэлбэл сая орчим хүн баталгаагүй, ил задгай болон зөөврийн усыг ундандаа хэрэглэсээр байна. Энэ нь иргэдийн маань эрүүл мэнд тодорхой хэмжээнд өвчлөлд өртөх эрсдэлтэй байгааг Ерөнхий сайд тэмдэглэсэн юм

Тиймээс Монгол Улсын үндэсний аюулгүй байдал, хүн амын өсөлт, эдийн засгийн тогтвортой хөгжлийг хангах, уур амьсгалын өөрчлөлтөнд дасан зохицохын тулд ус хангамжийг сайжруулах, усны нөөцийг нэмэгдүүлэх зорилгоор авах арга хэмжээг төлөвлөөд байна. 

Юуны өмнө усны асуудал эрхэлсэн төрийн захиргааны байгууллагыг татан буулгасан нь алсын хараагүй, оновчгүй шийдвэрт дүгнэлт хийж, усны бодлогыг  улсын хэмжээнд нэгтгэн зангидаж хэрэгжүүлэх зохистой арга хэлбэрийг олох шаардлагатай байгааг онцлов. 

“Ус” үндэсний хөтөлбөр, Улсын болон сав газруудын усны нөөцийн нэгдсэн менежментийн төлөвлөгөө, Засгийн газрын 2016-2020 оны үйл ажиллагааны хөтөлбөр, төлөвлөгөөнд тусгагдсан зорилтуудыг хэрэгжүүлэхтэй холбоотой хөрөнгө, төсвийг шийдвэрлэхээр болоод байна.

 

 

Б.БИЛГҮҮН

 




Манай сайт таалагдаж байвал л LIKE дараарай


Сэтгэгдэлүүд


Анхааруулга! Уншигчдын бичсэн сэтгэгдэлд gereg.mn хариуцлага хүлээхгүй болно. Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй.

Сэтгэгдэл нэмэх