Монголд мэдлэг заадаг болохоос арга заахгүй байна

2018-05-04 11:57      geregmn

МУБИС-аас жил бүр зохион байгуулдаг олон улсын эрдэм шинжилгээний хурал энэ удаад “Боловсролын чанар, үр дүн” сэдвийн хүрээнд өрнөж байна. Хуралд АНУ, Герман, Итали, ОХУ, Япон, Солонгос, Хятад, Энэтхэг зэрэг улсын 80 гаруй эрдэмтэн, судлаачид оролцож, өөрийн орны боловсролын систем, түүний онцлогийн талаар туршлага, санал бодлоо хуваавцах юм. Энэхүү хурлыг жил зохион байгуулснаар хурлаас гарсан судалгааны дүнд тулгуурлан сургалтын үйл ажиллагаагаа сайжруулах, гадаадын их, дээд сургуулиудтай судалгааны чиглэлд хамтын ажиллагаагаа өргөжүүлэх боломж бүрддэг. Орчин үед мэдлэгтэй хүмүүс нийгмээ авч явдаг болсон. Техник технологи, шинэ систем нэвтрэхийн хэрээр боловсролын чанараа сайжруулж, олон улсад ойртуулах, цаашид тэр түвшинд хүргэх зүй ёсны шаардлага тулгарч байгааг МУБИС-ийн захирал Д.Мандах хэлсэн үгэндээ онцоллоо.

Нийт гурван салбар хуралдаанд гадаад, дотоодын 200 гаруй эрдэмтэн, судлаач судалгааныхаа бүтээлийг илүүрснээс 105 илтгэлтийг сонсож, хэлэлцүүлэх юм. Үндсэн хуралдааны үеэр МУБИС-ийн Суурь судалгааны төвийн эрхлэгч Б.Жадамбаа гуайн илтгэл уламжлалт талаас боловсролыг амьдралд ойрхоноор тайлбарласан, өөр өнцөг, өөр гаргалгааг гаргаж харуулснаараа онцлог байлаа.

Тэрбээр “Бид боловсролыг хийсвэр талаас нь харж, ярьдаг. Амьдрал, боловсрол хоёр бол нэг зүйлийн хоёр тал юм. Амьдрал гэдэг хөдлөнг, боловсрол гэдэг зогсонги. Тиймээс энэ хоёрыг холбодог үйл гэж бий. Үүнд нь хандуулаач л гээд байгаа. Амьдралын чанар ямар байгаагаас боловсролын чанарыг харж болно. Боловсролын чанарыг нэгдүгээрт, хийж буй үйлийнх нь чанар, хоёрдугаарт амьдралын чанар, гуравдугаарт эрдмийн чанараар нь үнэлдэг. Харин өнөөдөр эрдмийг нь үнэлж чадахгүй байна. Монголчууд дээр үед “эдийн чанар эвэндээ, эрдмийн чанар аргандаа” гэдэг байсан. Тэгэхээр боловсрол бол эцсийн дүндээ арга заах ухаан. Гэтэл өнөөдөр мэдлэг заагаад арга заахгүй байгаад л асуудал бий. Боловсролын чанарыг амархан чанарыг сайжруулъя гэвэл мэдлэг бүтээдэг аргыг зааж өгөх хэрэгтэй. Арга мэдэхгүй учраас амьдарч чаддаггүй. Амьдарч чаддаггүй учраас амьдрал нь дорой байдаг. Энэ өнцгөөс нь харж боловсролын чанарыг тайлбарлахгүй бол гол зүйлээсээ өөр зүйл яриад үндсэн асуудалдаа анхаарал хандуулахгүй байна. Үүнийг өөрчлөх хэрэгтэй” гэв.

Олон улсад боловсролын чанарыг сайжруулахын тулд багшийн боловсролд анхаарал хандуулж, багш сургадаг сургуулиудыг дэмждэг түгээмэл практик байдаг байна. Улс орон бүхэн өөрийн улсын онцлогт тулгуурласан боловсролын бодлого хэрэгжүүлдэг учраас нийтлэг хэлбэрээр бодлого явуулах, өөр улсын туршлагыг шууд авч хэрэгжүүлэх боломж байдаггүй аж. Эрдэм шинжилгээний хурал маргааш үргэлжилж, хурлын төгсгөлд зөвлөмж гаргах юм. 

Ц.Жаргал




Манай сайт таалагдаж байвал л LIKE дараарай


Сэтгэгдэлүүд


Анхааруулга! Уншигчдын бичсэн сэтгэгдэлд gereg.mn хариуцлага хүлээхгүй болно. Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй.

Сэтгэгдэл нэмэх