Төрийн  албаны хариуцлагыг сайжруулах нь нийгэмд бус бүлэглэлд цочроо өгч буй хэрэг

2018-05-04 10:19      ГэрэгМН

 

  Засгийн газрын  2017 оны 10 дугаар сарын 26-ны өдрийн хуралдаанаар сахилга, хариуцлага, дэг журмыг бүх шатанд чангатгах албан даалгавар гарч, холбогдох бүх  удирдлагуудад уг албан даалгавраа хүргүүлсэн юм. Уг албан даалгаварт, төрийн албан хаагчийн ёс зүйн хэм хэмжээг чанд сахиж, УЛСТӨРӨӨС АНГИД байх, АВЛИГА,ХЭЭЛ ХАХУУЛЬ, ШУДАРГА БУС БАЙДАЛТАЙ тэмцэх, төрийн албан хаагчийн ажлыг дүгнэн хариуцлага тооцох, урамшуулж байх зэргийг  даалгаж байв.

Уг албан даалгаврын хэрэгжилтэд ЗГХЭГ-ын дарга  Г.Занданшатар хяналт тавьж ажиллаж ирсэн. Тэгвэл саяхан Г.Занданшатар дарга Төрийн албаны сахилга, хариуцлагын тухай хуулийн төслийг боловсруулахаар ажиллаж байгаагаа мэдэгдэж, хэлэлцүүлэг хийлээ. Тэрбээр хэвлэлд “Нийгэмд цочроо өгч, өөрчлөлтийг мэдрүүлэхийн тулд хуульчлагдаж байж ёс зүйн хэмжээ шинэ шатанд гарч ирэх ёстой” хэмээн ярив.

Г.Занданшатар даргын ярьснаар, төрийн албан хаагчийн ёс зүйн хэм хэмжээ, сахилга хариуцлагыг хуулийн хэмжээнд өргөхгүй бол төрийн албаны ёс зүйн дүрэм байдаг эсэхийг ч хүн тоохгүй болжээ. Ийм учраас  шинэ ёс зүйн хэм хэмжээ хэрэгтэй болсон, түүнийг хуульчлах хэрэгтэй гэнэ.

Төрийн алба уг нь хуультай байгууллага. Уг хуулиар төрийн албан хаагч хэн байх, хэрхэн халах, солих, яаж ажиллах, ямар хариуцлага хүлээлгэх гэхчилэн бүх асуудлыг хуульчилж өгсөн. “Төрийн албан тушаалыг эрхэлж, бүрэн эрхээ хэрэгжүүлсний төлөө төрөөс цалин хөлс авч, ажиллах нөхцөл, баталгаагаар хангагдан ажиллаж байгаа этгээдийг төрийн албан хаагч гэнэ” хэмээн Төрийн албаны тухай хуульд заажээ.

Төрийн албан хаагч төрөөс буюу татвар төлөгчдийн мөнгөнөөс  цалинжиж байгаагийнхаа хувьд үүрэг, хариуцлага хүлээж, шударга, ёс зүйтэй ажиллах тангараг хүртэл өргөдөг.

Мөн Засгийн газрын 2010 оны 288 дугаар баталсан Төрийн албан хаагчийн ёс зүйн дүрэм үйлчилдэг.

Харамсалтай нь сонгууль бүрийн дараа төрийн албанд улстөрийн буюу намын, бүлэглэлийн, хувь улстөрчдийн нөлөө орж, төрийн албанд тэнцэх ямар нэг шалгуургүйгээр төрийн албан хаагчдыг халж, сольж, томилгоо хийдгээс төрийн алба чадавхгүй, нөлөөнд автамтгай хэсэг бүлэг болсон билээ.

Ерөнхий сайдаар У.Хүрэлсүх томилогдох үедээ хариуцлагын тогтолцоог сайжруулах,шударга ёсыг бэхжүүлэх чиглэлээр анхаарч ажиллахаа тод чангаар илэрхийлж гарч ирсэн.

Гэвч ЗГХЭГ-ын даргын ярьж байгаа байр байдлаас харвал төрийн албанд шургалсан улстөрчдийн болон бүлэглэлүүдийн гар хөл дийлдэхгүй хүчирхэгжсэн нь илт.Өнгөрсөн оны сүүлээр АТГ-аас бүх яамдад ажлын  хэсэг ажиллаж, багагүй асуудал илрүүлсэн гэдэг. Гэвч дараад өнгөрсөн. Дарахаасаа илүү уг ажиллагаанаар илэрсэн зөрчил дутагдлаар далимдуулан болохгүй, бүтэхгүй этгээдүүдийг буюу төрийн албаны дунд шатны зарим дарга нарыг солих, өөрчлөхийг ЗГХЭГ-аас завдсан ч тэднийг тавьсан улстөрчид, бүлэглэлүүд шантааж хийн хөдөлгөхгүй байгаа аж. Тийм ч учраас “Нийгэмд цочроо өгч, өөрчлөлтийг мэдрүүлэхийн тулд хуульчлагдаж байж ёс зүйн хэмжээ шинэ шатанд гарч ирэх ёстой” хэмээн Г.Занданшатар дарга ярьжээ. Угтаа бол үүгээр нийгэмд биш, бүлэглэлд, увайгүй улстөрчдөд, тэдний төрийн албан дахь гар хөлд цочроо өгч байгаа хэрэг болов уу.

Г.Саруул




Манай сайт таалагдаж байвал л LIKE дараарай


Сэтгэгдэлүүд


Анхааруулга! Уншигчдын бичсэн сэтгэгдэлд gereg.mn хариуцлага хүлээхгүй болно. Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй.
Зочин

Төрийн албыг хэрсэн авлигын сүлжээг таслахын тулд бүлэглэлийн гар хөлийг зайлуулах ёстой.Харамсалтай нь энэ Засгийн газар чадахгүй байна.

2018-05-04 10:47    139.5.216.69

Сэтгэгдэл нэмэх