Б.Мэргэн: Залхаан цээрлүүлж, хэрэг хүлээлгэх гэж байгаа юм шиг л хандаж байна

2018-05-01 16:09      geregmn

“Эрдэнэт” үйлдвэрийн Хуулийн хэлтсийн дарга асан Ч.Мөнхжаргалын өмгөөлөгч Б.Мэргэнээс тодрууллаа.

- Шүүхээс Ч.Мөнхжаргалыг үргэлжлүүлэн хорих шийдвэр гаргажээ. Гарсан шийдвэрийн талаар ямар байр суурьтай байна вэ? 

-Сонин практик тогтчихоод байна. Прокурор хэргээ танилцуулна гээд шүүгч дээр орж, ярилцаад гарч ирээд хурал эхэлмэгц “Үндэслэл бүхий баримт бий. Гэмт хэрэг дахин үйлдэх гээд байна. Гүйцэтгэх ажлын нууц учраас өмгөөлөгчид үзүүлэхгүй” гэж байгаа юм. Гэтэл эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх гол зарчим нь мэтгэлцэх байдаг. Прокурорын гаргаж ирсэн үндэслэлийг өмгөөлөгч няцаах ёстой. Гэтэл гүйцэтгэх ажлын нууц гээд үзүүлэхгүй болохоор дундаа цай тавиад “ийм байж магадгүй, тийм байж магадгүй” гэж таамаг дэвшүүлж байгаатай адил байна.  

Би юунд үндэслэж, яаж мэтгэлцэх юм бэ. “Уучлаарай шүүгч ээ, та баримтыг нь харж байгаа учраас үнэн, зөв шийдэж өгөөрэй” гэж гуйгаад зогсож байхаас өөр арга алга. Бүгд л ингэж хоригдож байна. Ингээд 30 хоногоор сунгаж хориод байх юм бол цаашид 24 сар хүртэл хорих боломжтой.

-Өнгөрсөн хугацаанд мэдүүлэг авсан уу?

-Хорьсон өдрөө яллагдагчаар татсан тогтоолтой холбогдуулан товч мэдүүлэг авсан. Түүнээс хойш ямар ч мэдүүлэг аваагүй. Залхаан цээрлүүлж, хэрэг хүлээлгэх гэж байгаа юм шиг л хандаж байна. Хорино гэдэг бол хэргийг түргэн шийдвэрлэхийн тулд ямар нэг саад  учруулахгүй байх үүднээс авч буй арга хэмжээ байдаг. Гэтэл түргэн шийдэх гэж байж яагаад мэдүүлэг авахгүй, 30 хоног юу ч хийлгэхгүй зүгээр суулгаад байгаа юм бэ. Ийм л нөхцөл байдалтай байна.

Ч.Мөнхжаргалын хувьд энэ хэргийг шалгаж эхлэх үед нь өөрт байсан баримт, материалуудаа бүгдийг нь өгсөн. Хэргийг үнэн, зөв шийдүүлэхийн тулд бүх тусламж бололцоогоороо дэмжлэг үзүүлж, хамтарч ажиллаж гэж байгаа. Түүнээс дахин гэмт хэрэг үйлдэх гээд байгаа зүйл байхгүй.

                                                                                                                        Ц.Цэнгэл




Манай сайт таалагдаж байвал л LIKE дараарай


Сэтгэгдэлүүд


Анхааруулга! Уншигчдын бичсэн сэтгэгдэлд gereg.mn хариуцлага хүлээхгүй болно. Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй.

Сэтгэгдэл нэмэх