С.Баярцогтын өмгөөлөгч Г.Орхон: Өөр үндэслэл олж хариуцлага хүлээлгэх гээд байгаа юм биш биз...

2018-05-01 15:26      geregmn

С.Баярцогтын өмгөөлөгч Г.Орхоноос дараах асуултад хариулт авлаа.

-Шүүхээс С.Баярцогтыг үргэлжлүүлэн хорих эсэх талаар ямар шийдвэр гаргасан бэ?

-Шүүх хурал цаг гаруй үргэлжиллээ. Ямартай ч өмгөөлөгчдийн тавьсан үндэслэлийг бодолцсон байх гэж бодож байна. Прокуророос дахин нэг сар цагдан хорих санал тавьсан. Харин шүүхээс 15 хоногоор цагдан хорих шийдвэр гаргалаа. Прокуророос “Дахин гэмт хэрэг үйлдэх үндэслэл байгаа” гэдэг зүйл ярьсан. Гэтэл нийгмээс тусгаарлагдаад сар хоригдсон хүн ямар гэмт хэрэг дахин үйлдэх гээд байгаа юм гэдэг шалтгааныг энэ 15 хоногийн хугацаанд тодорхой болгож, дахин хүний эрхэнд халдахгүй байх гэж найдаж байна.

Энэ хэргийн талаар олон нийт мэдэх хэрэгтэй. С.Баярцогтыг Оюутолгойн гэрээг боловсруулах, байгуулах ажлын хэсгийн дэд ахлагчаар ажиллаж байхдаа албан тушаалаа урвуулан ашигласан уу, буруу зүйл хийсэн үү гэдгийг шалгаж байгаа. Түүнээс гэрээ байгуулахдаа авлига, хээл хахууль авсан гэх зүйл, заалт байхгүй. Тэгэхээр гэрээний зүйл, заалтыг эрүүгийн хэргийн шүүхээр хэлэлцээд байгаа юм.

-Яллагдагчаар татсан тогтоол дээрх үндэслэл нь юу гэж байсан юм бол...?

Прокуророос ирсэн яллагдагчаар татсан тогтоол дээр "Та нар Аж ахуй нэгжийн тухай хуулийн 17.2.8 дахь “Гадаад улсын төлөөлөгчийн газраас орлогоо шилжүүлбэл 20 хувийн татвар суутгана” гэдэг заалтыг Оюутолгойн гэрээний 2.7-д оруулаагүй байна. Тогтворжуулаагүй учраас энэ татварыг авах боломжийг хязгаарласан” гэсэн байсан. Энэ нь татварын тухай ойлголт, зарчмаас гажууд, логикийн алдаатай дүгнэлт гэж бид үзэж байна.

Хөрөнгө оруулалтын гэрээ гэдэг нь хөрөнгө оруулагчдын хөрөнгө оруулалтын орчныг тогтвортой байлгаж, хөрөнгө оруулалт татах хуулийн зохицуулалттай. Үүгээр татварын орчныг тогтворжуулдаг. Жишээ нь, одоо байгаа 10 хувийн татвар арван жилийн дараа энэ хэмжээндээ байна гэдэг хуулийн үзэл санаа. Үүнийг хууль, эдийн засагч хүмүүс бүгд мэднэ.

Хуульд “Оюутолгойн хөрөнгө оруулалтын гэрээ Монгол Улсын хуульд нийцнэ” гэж заасан. Бүх татварыг тогтворжуулна гэдэг нь хөрөнгө оруулагчдад л таатай. Тогтворжуулахгүй орхино гэдэг нь тухайн үеийн хууль тогтоомжоороо улс авах эрхтэй буюу улсад ашигтай. Гэтэл тогтворжуулаагүй орхиж улсад ашигтай заалт оруулж байхад “тогтворжуулаагүй учраас татвар авах боломжийг хязгаарлалаа” гэж алдаатай дүгнэлт гаргачихаад хүнд ял тулгаж байна. Энэ алдааг засаж, хүний эрх чөлөөг хязгаарлахаа болох ёстой.

Засгийн газар хуралдаж хэлэлцээд гэрээний зөв, бурууг ярилцаж, бодлого гаргадаг. Түүнээс С.Баярцогт ганцаараа очоод гарын үсэг зурж, зүйл заалтыг нь өөрчилсөн юм биш. Засгийн газар олон удаа хуралдсан тухай тэмдэглэл нь ч бий. Үүнийг УИХ гурав хоног хэлэлцэж, дараа нь гарын үсэг зурах эрхийг Засгийн газарт өгсөн байдаг. Тэр тогтоол нь бий.

Гэтэл ингэж шийдсэн гэрээний зүйл заалт, бодлого нь буруу байна гэж эрүүгийн хэргийн шүүхэд хэрэг үүсгэж, хүмүүст эрүүгийн хариуцлага тооцож ял сонгох маягаар ажиллаж байгаа нь маш буруу. Үүнийг болих хэрэгтэй.

Монгол Улс бол Оюутолгойн гэрээний нэг тал. Хэрэв гэрээг буруу, зөв гэдэг асуудал тавьж байгаа бол Арбитрт хандах юм уу, эсвэл гэрээний нөгөө талтай ширээний ард сууж ярилцах хэрэгтэй.

-Сарын хугацаанд хоригдохдоо хэдэн удаа мэдүүлэг өгсөн бэ?

-Прокуророос нэг удаа байцаалт авсан. Бусад хугацаанд өмгөөлөгч уулзаж байгаа. Өөр ажиллагаа явуулаагүй. Энэ хүнийг цагдан хориж байгаа нь ойлгомжгүй байна. Тав, зургаан хүнийг энэ хэрэгт холбогдуулан шалгаж байгаа гэж бид ойлгосон. Прокуророос бүгдийг нь “дахин гэмт хэрэг үйлдэх гээд байна” гэж байна. Гэтэл 9 жилийн өмнө байгуулсан гэрээтэй холбоотойгоор эдгээр хүмүүс зэрэг зэрэг ямар гэмт хэрэг үйлдэх гээд байгаа юм бэ. Яагаад бүгдийг нь хорих гээд байгаа юм. Энэ хүмүүсийг хорьж буй нь гэмт хэрэг үйлдчихнэ гэж байгаадаа бус өөр үндэслэл олж хариуцлага хүлээлгэх гээд байгаа юм биш биз гэдэг хардлага төрүүлж байна.

-Улс төрийн зорилготой гэж үзэж байгаа юу?

-Бид шууд хатуу мэдэгдэл хиймээргүй байна. Гэхдээ бидэнд сэжиг, таамаг төрөхөөс аргагүй нөхцөл байдал үүслээ.

-С.Баярцогт өөрөө ямар байр суурь илэрхийлж байгаа вэ?

-Онлайнаар хуралд оролцсон. “Оюутолгойн гэрээг боловсруулах, байгуулах ажлын хэсэгт нь ажиллаж, бүх хүнд ил тод гэрээ хийсэн. Нууц зүйл байхгүй. Прокурорууд яагаад татвар тогтворжуулах гэдэг энгийн асуудлыг хольж сольж, хилс хэрэг тулган хорьж байгаа юм бэ. Би бүгдийг нь хэлээд өгье. Дөрөв, таван жил хүмүүстэй мэтгэлцэж, тайлбар хийсэн. Гэтэл хуулийн байгууллага ийм ойлголттой байхад бусад хүмүүс ямар байгаа нь тодорхой” гэдэг байр суурийг илэрхийлсэн.  

 Ц.Жаргал

 

 




Манай сайт таалагдаж байвал л LIKE дараарай


Сэтгэгдэлүүд


Анхааруулга! Уншигчдын бичсэн сэтгэгдэлд gereg.mn хариуцлага хүлээхгүй болно. Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй.
Zochin

Deerees shiidsen geree geed baigaa,door ni avliga avsan geed baigaa.hachin yum bolj baigaa yum shuu

2018-05-01 17:15    66.181.161.45

Сэтгэгдэл нэмэх