Нобелийн шагналт зохиолч Мо Янь сонгодог зохиол уншихыг залуучуудад уриаллаа

2018-04-30 12:14      geregmn

 

Нобелийн шагналт Хятадын алдарт зохиолч Мо Янь Хятадын “Өдрийн сонин” ярилцлага өгчээ. Тэрбээр 1978 онд эхэлсэн шинэчлэл хятадын уран зохиол, оюун санааны амьдралд хэрхэн нөлөөлсөн талаар өөрийн бодлоо хуваалцсан байна. Тэрбээр энэхүү шинэчлэл хөгжсөнөөр олон улсын урлаг, соёлын харилцааг өргөжүүлж, ард түмний харааг тэлж, хятад уран зохиолыг олон улсын хэмжээнд хүргэсэн гэдгийг яриандаа онцолжээ. 1978 онд эхлүүлсэн Дэн Сяопины шинэчлэлийн 40 жилийн ой энэ жил тохиож буй юм.

Тэрбээр уг шинэлэлийн уран зохиолд үзүүлсэн нөлөөний тухайд хэлэхдээ “Шинэчлэлийн дараа бид өмнө нь уншиж байгаагүй шүлэг, тууж уншиж, өмнө нь үзэж байгаагүй кино, жүжиг үзэж, өмнө нь сонсож байгаагүй дуу хөгжмийг сонссон. Бид өнгөрсөнд маш бага зүйлийг мэддэг байснаа ойлгосон. Шинэчлэлийн эхэн үед өрнийн уран зохиолыг чухалчилж байсан бол аажимаар Хятадын уран зохиол гадагшаа чиглэх боллоо. Ялангуяа, сүүлийн 20 орчим жилийн хугацаанд Хятадын уран зохиолын гадаад  дахь нөлөө улам гүнзгийрч, илүү өргөжиж байна. 1970-аад оны сүүл 1980-аад оны эхэн үед бид өрнийн уран зохиолыг их уншдаг байв. Харин 1990-ээд оноос хойш Хятад зохиолчдын зохиол, бүтээлийн ихэнх нь англи, герман, итали, испани хэлээр орчуулагдаж байна. Бид өрнийн уран зохиолоос суралцаж байгаа өрнийхөн ч бас биднээс суралцаж байна” гээд “Сайн зурахын үндэс нь олон дахин хуулбарлан зурах гэдэгчлэн сайн бичихийн үндэс нь их уншихад оршдог” гэжээ.

Түүнийг шидэт реалист Гарсиа Маркесын нөлөөнд автсан гэж олон хүн үзэж байсан ч шинэчлэлийн нөлөөгөөр хятад орныг, хятад зохиолчийг дэлхийд таниулж, олон улсын зохиолчдод нөлөөлж чадсан юм. Вьетнам, Японы залуу зохиолчдыг Мо Яний бүтээлийн нөлөөнд автсан гэж үздэг байна.

Мо Янь уран зохиолын чиг үүргийг математик, шинжлэх ухаантай адилгүй, хүнд мэдэгдэхгүйгээр нөлөөлдөг хэмээн үздэг бөгөөд залуучуудыг улсынхаа болон бусад улсын сонгодог зохиол бүтээл уншихыг уриалжээ.

Түүнийг бид “Дарсны орон” зохиолоор нь сайн мэдэх билээ.

Эх сурвалж: chinadaily.com.cn




Манай сайт таалагдаж байвал л LIKE дараарай


Сэтгэгдэлүүд


Анхааруулга! Уншигчдын бичсэн сэтгэгдэлд gereg.mn хариуцлага хүлээхгүй болно. Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй.

Сэтгэгдэл нэмэх