Аль Пачино: Би Наполеоны дүрд тоглохыг мөрөөддөг

2018-04-25 18:50      gereg

 

Өнөөдөр Америкийн алдарт жүжигчин Аль Пачиногийн төрсөн өдөр тохиож байна. Өдгөө 78 нас зооглож байгаа Итали гаралтай алдарт жүжигчний амьдрал эхнээсээ тийм ч дардан байгаагүй, хоёр нас дөнгөж хүрч байхад эцэг, эх нь салж, тэрээр ээжтэйгээ үлдэн Нью-Йоркийн Өмнөд Бронкст шилжин суурьшихдаа гудамжны амьдралыг элдэвийг үзэн өсчээ.

Тэрээр 17-тойдоо ахлах сургуулиасаа хөөгдөж, гэрээсээ зугтан цэвэрлэгч, үйлчлэгч зөөгч, шууданч гээд хийгээгүй, үзээгүй ажил гэж үгүй. Энэ үеэс Аль Пачино сонирхогчийн тетарт элсэж азаар энд найруулагч Чарли Лаутонтой таарч, жүжигчний урлагт суралцжээ.

Улмаар 1966 онд мэргэжлийн жүжигчний студид түүнийг авсан байна. Сургалтын дараа түүнийг театрын тайз хүлээж байсан бөгөөд драмын жүжгүүдэд тоглож эхэлжээ. Хэд хэдэн жүжигт амжилттай тоглосон тэрээр 1969 онд театрын жүжигчдийн хүндэтгэлтэй шагналын нэг “Тони”-г хүртсэн байна.

Тэр кино урлагт орсон хэдий ч театраа хаягаагүй, өнгөрсөн хугацаанд олон жүжигт тоглож “Венецийн худалдаачин” жүжгийн найруулгаараа 2010 онд зөвхөн долоо хоногт сая доллар цуглуулж чадсан юм.

1971 онд кино урлагт хөл тавихдаа анх “Нидл Парк дахь үймээний цочрол” кинонд хар тамхичин Бобби-гийн дүрийг чадмаг бүтээсэн нь алдарт найруулагч Фрэнсис Коппола-гийн анхааралд өртөж улмаар оргил кино болох “Загалмайлсан эцэг”-т Майкл Корлеоны дүрийг түүнээс өөр бүтээх хүн байхгүй байсан гэдэг. Түүний сүүлийн бүтээл нь фолк дуучин Стив Тилстоны бодит амьдралыг харуулсан “Хоёр дахь боломж” кино 2014 онд дэлгэцнээ гарсан юм.

Амьдралдаа албан ёсоор нэг ч удаа гэрлэж байгаагүй тэрээр хоёр охин, нэг хүүтэй. Сэтгүүлчийн тавьсан таны мөрөөдөл юу вэ гэсэн асуултанд Аль Пачино “Францын эзэн хааны дүрд тоглох” гэж хариулжээ.

 

Б.БИЛГҮҮН

 

 




Манай сайт таалагдаж байвал л LIKE дараарай


Сэтгэгдэлүүд


Анхааруулга! Уншигчдын бичсэн сэтгэгдэлд gereg.mn хариуцлага хүлээхгүй болно. Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй.

Сэтгэгдэл нэмэх