Дээрээс хог шидэхдээ хүчиндээ дийлдэн унаж амиа алджээ

2018-04-23 16:39      gereg

-“Саруул” хорооллын ослын талаар Мэргэжлийн хяналтын дүгнэлт гараад байна-

Дөрөвдүгээр сарын 22-ны өдөр буюу өнгөрсөн ням гаригт нийслэлийн Баянзүрх дүүргийн 26-р хорооны нутаг дэвсгэр дэхь “Саруул” хорооллын барилга дээрээс нэг хүн унаж нас барсан хэргийн талаар дөнгөж сая НМХГ-аас газар дээр нь ажилласан мэдээлэл бүхий дүгнэлт гараад байна.

Энд дурдсанаар осол ням гаригийн өдрийн 12.00 цагийн орчим “Саруул” хорооллын В7 блокт болжээ. Хорооллын ерөнхий гүйцэтгэгчээр “Алтай констракшн”, туслан гүйцэтгэгчээр “Гранд констракшн” ХХК ажиллаж байгаа бөгөөд “Гранд констракшн” ХХК нь цааш нь гэрээний дагуу н.Дэлгэрмөрөн ахлагчтай 5 хүнтэй бригадаар В7 блокын нэгдүгээр орцын 7-12 давхарын гипсэн ханы мужаан болон дотоод заслыг ажлыг давхар гүйцэтгүүлж байжээ.

Нас барсан н.Чадраабал нь тус бригадын ажилчин, 40 настай юм байна. Тэрээр В7 блокны 9 давхарын зүүн урд талын тагтаар барилгын ууталсан хог хаягдлыг барилгын зүүн урд байрлан зогсож байсан  “КАМАЗ” маркийн машины тэвш рүү тагтны хашлага давуулан шидэхдээ өөрийн хүчинд дийлдэн унажээ.

Энэ үед бэхжээгүй тагтны хашлага хийц цөмрөн нурсан байна. В7 блокны зүүн урд нэгдүгээр давхарын тагтны доор, талийгчийн цогцосноос баруун урд, 4.2 метрийн зайд цэнхэр өнгийн каск малгай байсныг осолдогчийнх мөн эсэхийг шалгуулж тодруулахаар цагдаагийн ажилтан шинжилгээнд авсан байна.

Үзлэг шалгалтын явцад дээрх осол нь Хөдөлмөрийн аюулгүй байдал, эрүүл ахуйн тухай хуулийн 15-р зүйлийн 15.1-д заасан ажил олгогч нь ажилтныг ажлын нөхцөл, ажил үүргийн онцлогт тохирсон ажлын хувцас, хамгаалах хэрэгслээр хангах үүргийг зөрчсөн байна.

Мөн барилгын дотор болон гадна талд дээрээс аливаа зүйл хаях, хог буулгах үйлдлийг бүрмөсөн хориглосон “Ажлын байрны зааварчилгаа өгөх аргачлал зөвлөмж”-ийг зөрчжээ. Мөн хог хаягдал хуримтлуулж, тооцоогүй нэмэлт ачаалал өгч, 50 кг-аас дээш жинтэй болон 2 метрээс дээш өндөрт өргөн тээвэрлэх, ачааг буулгахдаа заавал механикжсан арга хэрэглэх ёстой байжээ.

Мэдээлэл дүгнэлтийг НМХГ-ын Барилгын техникийн хяналтын Улсын байцаагч Ц.Алтансүх, хөдөлмөрийн хяналтын Улсын байцаагч Б.Чулуунчимэг нар гаргасан байна.

 “Саруул” хорооллын барилгын ерөнхий гүйцэтгэгчээр ажиллаж байгаа “Алтай констракшн” ХХК-д үүний өмнө НМХГ-аас төлөвлөгөөт хяналт шалгалт хийж зөрчил арилгуулах талаар Улсын байцаагчийн албан шаардлагыг өнгөрсөн онд хүргүүлж байжээ. Энэ онд Хөдөлмөрийн аюулгүй байдлыг хангаж ажиллах болзошгүй эрсдлээс урьдчилан сэргийлж ажиллах тухай 02-01/339 тоот мэдэгдлийг тус тус хүргүүлж байжээ.

Энэ удаагийн ослын хэргийг нийслэлийн Баянзүрх дүүргийн Цагдаагийн 1-р хэлтэс дээр шалгаж байна.

Б.БИЛГҮҮН




Манай сайт таалагдаж байвал л LIKE дараарай


Сэтгэгдэлүүд


Анхааруулга! Уншигчдын бичсэн сэтгэгдэлд gereg.mn хариуцлага хүлээхгүй болно. Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй.

Сэтгэгдэл нэмэх

 

Шинэ мэдээ