Бөхийн холбооны тэргүүнээр бөх биш хүнийг сонгоё

2018-04-23 08:30      Ганхуяг

Монголын үндэсний бөх тойрсон хэрүүл шуугиан бүтэн 20-иод жил үргэлжилж буй. Сүүлийн нэг сарын хугацаанд уг хэрүүл улам даамжирч “Бөхийн өргөө”-ний хаалга хэдэнтээ эвдэрлээ.

Харин сүүлийн гурав хоногт бөхчүүдийн талцлыг зогсоох алхмыг Ерөнхийлөгч Х.Баттулгын зүгээс хийж, үр дүнд нь нааштай чимээ сонсогдож байна.

Өнгөрсөн баасан гаригт Монгол улсын Ерөнхийлөгчийн  Тамгын газрын дарга З.Энхболд МҮБХ-ны хоёр хуваагдсан талын төлөөлөл болгон Дархан аварга Х.Баянмөнх, Р.Нямдорж нарыг тус тусад нь хүлээн авч уулзсан. Уулзалтын үеэр бөхчүүдийг эв эеэ олохгүй бол цолыг нь хураах тухай асуудлыг хөндөхөөс эхлээд арга хэмжээ авна гэдгээ Ерөнхийлөгчийн зүгээс мэдэгдсэн.

Тэгвэл МҮБХ-ны тэргүүн гэгдэж буй хоёр хүний нэг “Гацуурт”-ын хэмээх Л.Чинбат өөрийн твиттерээр “Монголын бөхчүүд эвлэрлээ. Аваргуудаас надад хүлээлгэсэн үүргийн дагуу талуудыг байлцуулан учир зүйгээ олж шинэ Их эеийг хуралдуулж, МҮБХ шинэ тэргүүнээ сонгохоор боллоо. Миний бие дахин нэр дэвшихгүй. Тэвчээр хүлээцтэй хандсан бөхчүүддээ баярлалаа. Эвтэй байя, хүчтэй байя” гэж байр сууриа илэрхийлсэн. 

Ингээд МҮБХ-ны хоёр талын төлөөллүүд уулзаж Их эеээ дахин хуралдуулж асуудлаа шийдвэрлэхээр тохиролцсон нь энэ аж.

Энэ удаа хуралдах Их эед хоёр талаас төлөөлөгчид оролцох бөгөөд МҮБХ-ны тэргүүнд одоо тэргүүн гэгдэж буй Л.Чинбат, УИХ-ын гишүүн дархан аварга Б.Бат-Эрдэнэ нар нэр дэвшихгүй  гэдгээ мэдэгдээд байна.

Харин Их эеэс шинэ тэргүүнээр хэнийг сонгох тухай сошиалд болон олон нийтийн дунд маргаан явж байна. Нэг хэсэг хүмүүс бөхийн асуудлыг бөхчүүд нь өөрсдөө шийдэх ёстой гэж байгаа бол эсрэг талынх нь хүмүүсийн хувьд  бөх биш хүмүүсээс Бөхийн холбооны тэргүүнийг тодруулах ёстой гэж үзэж байгаа юм.

Үнэхээр ч одоо хоёр хуваагчихаад байгаа бөхчүүдээс хэн нэгнийг нь тэргүүн болголоо гэхэд хэрүүлийг таслан зогсооно гэхэд итгэл төрөхгүй байгаа юм. Харин Монголын үндэсний бөхийн түүх, ёс уламжлал гээд бүхий л талыг нь мэдэж ойлгодог бөх биш хэн нэгнийг  МҮБХ-ны тэргүүн болгочихвол  асуудлыг намжааж, эвийг зангидахад дөхөмтэй байх сан.

Мөн зарим хүмүүс МҮБХ-ны дэргэд нийгмийн бүхий л салбарынхнаас бүрдсэн Цэц байгуулах хэрэгтэй гэж үзэж байна. Тэрхүү Цэцэд багш, эмч, сэтгүүлч, урлаг соёлынхон, инженер гээд бүхий л салбарынхан багтах ёстой гэлцэж байгаа юм. Тэр нь МҮБХ-нд гол зөвлөх эрх үүрэгтэй байх ёстой гэлцэж байна. Японы мэргэжлийн сумогийн холбооны дэргэд ийм зөвлөл ажилладаг бөгөөд зааж зөвлөж явдаг ажээ. 

Энэ удаагийн Их эе Үндэсний бөхийн холбооны дүрэм, журмаас эхлээд үндэсний бөхийн барилдааны дүрмийг өөрчлөх, сэргээшийн асуудлыг нэг тийш болгох гэх мэт олон асуудлыг шийдэх ёстой. Сэргээшийн асуудал гэхэд үндэсний бөхөд сэргээшийн шинжилгээ хийдэггүй болох тухай санал ч бий. Япончууд мэргэжлийн сумодоо сэргээшийн шинжилгээ авдаггүй гэдэг.

 Мөн манай  бөхчүүд хурдан шуурхай уран мэхийг уралдуулан  барилдах гэхээсээ илүү тогтоосон цагийн дотор хэрсэн бух шиг зогсчихоод шахааны барьцнаас нэгийгээ хаядаг болсон. Дүрмийн энэ өөрчлөлтийг саяхан бурханы оронд одсон Хөдөлмөрийн баатар, дархан аварга Ж.Мөнхбат агсан их шүүмжилдэг байсан. Тэрбээр “Одоогийн бөхийг өөхөн бөх болгосон” гэж шахааны барьц авах дүрмийг шүүмжилдэг байлаа. Үндэсний бөхийн иймэрхүү асуудлууд тэр дундаа начны найраа гээчийг устгах асуудал бол хамгийн их тулгамдаад байгаа билээ.

Одоо л асуудлыг ул суурьтай шийдэхгүй бол олон нийтийн дунд үндэсний спортоо үгүйсгэх хандлага илт мэдэгдсээр байгааг сануулах ёстой.

Тиймээс эвдрэл талцлын үүдийг хааж, эвлэрэл хөгжлийн замыг нээх Их эеэс бөхчүүдийн хэний ч талд туйлширч орохгүй тулхтай, цаг үеэ мэдэрч, шинэлэг менежмэнт хийж чадах бөх биш хүнийг сонгомоор байна. 

О.Ганхуяг




Манай сайт таалагдаж байвал л LIKE дараарай


Сэтгэгдэлүүд


Анхааруулга! Уншигчдын бичсэн сэтгэгдэлд gereg.mn хариуцлага хүлээхгүй болно. Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй.
Зочин

Чинбат хэдэн жилийн өмнө чөлөөт бөхийн холбооны тэргүүн болоод тус холбоог бүр мөсөн балалсан этгээд шүү дээ Бөхчүүд минь үүнийг битгий мартаарай ахин дахин бодоорой

2018-04-23 20:47    66.181.183.219
Бибиш

Бөх болж бөхийн зодог шуудаг өмсөж үзээгүй хүн бөхчүүдийг удирдах гэж байж болох болвуу бөх биш хүн МҮБХ ны тэргүүн болж болохгүй байхаа.МҮБХ оог цаашид зөв голдрилоор нь аваад явчих шудрага боловсролтой бөх байхгүй гэж үү?Үндэсний бөхөө хөгжүүлэх гэж яриад байх юм манай ард түмэн үндэснийхээ бөхийг дээд цэгт нь хүртэл хөгжүүлсэн ард түмэн шүү дээ.Харин зөв дэлгэрүүлж олны таашаалд нийцүүлж байж гэмээ нь зөв болох байхаа.Одоо байгуулагдах шинэ бөхийн холбоог аврага нар битгий үймүүлээсэй Баянмөнх ч тэвчихгүй л байхаадаа

2018-04-23 20:37    66.181.183.219
ЗОЧИН

Баянмөнх өөрийн хүүд арслан цол өгөөгүй гэж бөхийн холбоог дайрсан хүн шүү дээ.Одоо өөрийн бууны нохой нохойд барьдаг мод болох хүнээ бөхийн холбооны тэргүүнд нэрийг нь дэвшүүлж Чинбат хахуулийн мөнгиййг нь гаргах юм гэнэ лээ Бөхчүүдийг хахуулдаж байж өөрийн хүнээ тэргүүнд сонгуулаад хүүдээ арслан цол өгүүлэх Мөнхэрдэнэд аврага цол олгуулах дүрэм бий болгож батлуулах ба бөхийн өргөөний орлгоос хувь авах зорилготой юм гэнэ лээ

2018-04-23 20:26    66.181.183.219
Zochin

Бөхийн холбооны тэргүүнээр бөх хүн сонгох нь хамгийн зөв тэр үйл явалаа мэдэх нь чухал түүнээс Чинбатыг сонгох ньтэнэг явдал Чинбат та нарын амьдрал зовлонг мэдэхгүй энэ хүн юугаар наймаалчих гээд ерөнхийлөгч болох гээд байгаа юм тэр ногоогоо л тариад явж байвал болоо юм бишүү Бөх хүн байх нь бөхчүүдэд өлзийтэй шүү бөхчүүдээ

2018-04-23 10:42    202.55.191.194

Сэтгэгдэл нэмэх