Эрдэмтэд хуванцар эдийг иддэг фермент ялгаруулдаг бактери илрүүлжээ

2018-04-20 11:07      ГэрэгМН

Дэлхий даяар хуванцар савны  хог хаягдлыг багасгах,хүрээлэн буй орчинд үзүүлэх хор нөлөөг бууруулах уриан дор маш олон эрдэмтэн,  мэргэжилтнүүдээс бүрдсэн багууд үйл ажиллагаагаа явуулдаг.  Харин  эрдэмтдийн нэгэн баг санамсаргүйгээр нэгэн сонирхолтой үр дүнд хүрчээ.

Шинээр илэрсэн бактерийг судалж байх явцдаа энэ нян нь хуванцар эдийг идэх чадвартай мутант ферментийг өөрөөсөө үүсгэдгийг  тогтоожээ.  Гялгар уут байгальд  устаж үгүй болоход  10-20 жил,хуванцар савны хувьд 450 жил зарцуулагддаг бол энэ ферментээр устгахад хэдхэн өдөр л хангалттай юм.

Энэхүү судалгаа нь Япон дахь хогийн цэгээс илэрсэн бактерийн бүтцийг судлахаас эхэлжээ.Уг нян нь өөрөө пластик идэгч фермент үүсгэдгийг нарны туяанаас 10 тэрбум дахин хурц рентген туяа ашиглан тогтоосон байна.  Эхэндээ фермент нь бусад байдаг л бактериудын хувирлын дүнд үүсдэг бүтээгдэхүүн шиг харагдсан байна. Харин нарийн судалгааны  дараа ундааны савыг үйлдвэрлэхэд оролцдог полиэтилентерефталат/ПЭТ/-ыг идэх  чадвартай болохыг бүрэн тогтоожээ.

Тус судалгааны ажлын ахлагч Портсмаут их сургуулийн профессор Джонн МакГейхан “The Guardian” сонинд өгсөн ярилцлагадаа  “ Үнэхээр санамсаргүй боловч гайхамшигтай үйл явдал болсон” гэж хэлээд  энэ нь цаашдаа дэлхий нийтэд тулгамдаад буй хуванцрын асуудлыг шийдэхэд маш том түлхэц байж болохыг онцолжээ.  Полиэтилентерефталат савнуудыг ийм хурдан хугацаанд задлах боломжтой болсноор хуванцар эдийг дахин боловсруулж, зөвхөн дахин хуванцар биш хувцас, хивсэнцэр зэргийн түүхий эдээр  ашиглаж болох гэнэ.

Эрдэмтдийн баг судалгааныхаа  үндсэн дээр шинэ ферментийг   зөв аргаар  тохирох үйлдвэрийн чиглэлд  хэрэглэж болох юм гэсэн санааг дэвшүүлэв. Яг л био түлш болон угаалгын нунтагт ашиглагддаг үйлдвэрийн зориулалттай ферментүүд шиг ашиглаж болох ажээ.

Далайн ус, хөрсөнд хэдэн саяараа хог болон, хүрээлэн буй орчныг бохирдуулж буй хуванцар эдүүдийг ч дээр өгүүлсэнчлэн  богино хугацаанд бүрэн задлах боломжтой.

 

ЭХ СУРВАЛЖ: INDEPENDENT




Манай сайт таалагдаж байвал л LIKE дараарай


Сэтгэгдэлүүд


Анхааруулга! Уншигчдын бичсэн сэтгэгдэлд gereg.mn хариуцлага хүлээхгүй болно. Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй.

Сэтгэгдэл нэмэх