“Ану Сервис” хүлэмжийн хийг бууруулсан анхны аж ахуйн нэгж болж,нөхөн олговроо авчээ

2018-04-19 15:04      ГэрэгМН

ХАС банкнаас өнөөдөр зохион байгуулсан “Ногоон санхүүжилтийн 2-р чуулган”-ы үеэр  эрчим хүч хэмнэж, хүлэмжийн хийг бууруулсан аж ахуйн нэгжийн бодит жишээ нь “Ану Сервис” ХХК болж, тус компанид агаарын бохирдлыг бууруулсны нөхөн олговорыг өглөө. Энэ нь манай оронд ногоон санхүүжилтийн механизм хэрэгжиж эхэлсний анхны гэгдэх жишээ юм.

Энэ талаар тус компанийн ерөнхий инженер Д.Түвшинжаргалтай чуулганы завсарлагаар уулзаж тодрууллаа.

-Танайх хэдий хэмжээний нөхөн олговор авав?

-Манайх Олон улсын Ногоон уур амьсгалын сан болон “Монсеф” гэсэн хоёр байгууллагаас 778 сая, 438 сая төгрөгийн нөхөн олговрыг тус тус аваад байна. Гэхдээ үүнийг нөхөн олговор гэхээс илүү оруулсан хөрөнгөө буцаан авч буй хэлбэр гэж ойлгох хэрэгтэй.Нэг үгээр, төслийн шугамаар ажил гүйцэтгэсэн үг.

 Манай компани Монголд анх удаа  утаа багатай нам даралтын зуухны технологи нэвтрүүлсэн. Төвийн нэгдсэн халаалтад холбогдоогүй  сургууль, цэцэрлэгийг дулаанаар хангах системийг нэвтрүүлсэн.

Манайх нийтдээ нийслэлд 12 зуух, хөдөө орон нутагт 9 сумын төвийг дулаанаар холбон хангаж, ашиглалтын үйл ажиллагааг хариуцан ажиллаж байна. Сүүлийн жишээ гэвэл  Яармагийн 118 дугаар сургуульд болон Төв аймгийн Борнуур суманд усан халаалалтын зуухнууд нийлүүлэн суурилуулсан. Энэ бүхнийг өөрийн хөрөнгөөр хийж гүйцэтгэснийхээ нөхөн олговор буюу эргэн төлөлтөө авч байна гэсэн үг.

-Агаарын бохирдлыг хэдий хэмжээгээр бууруулж, эрчим хүчин дээр хэдий хэмжээний хэмнэлт хийв? Ямар аргачлалаар тооцон ажиллав?

-Бид эрчим хүчийг 23.2 хувиар хэмнэсэн тооцоо гарсан. Энд дотроо цахилгаан, дулааны ашигтай зарцуулалт, түлш хэмнэлт, утааг бууруулсан зэрэг тус тусдаа хэмнэлтүүд гарч байгаа. Манайх сургууль, цэцэрлэгийн анги танхим байрны агаарыг халааж өгдөг.

Мөн усан халаалтын зуухнууд тавьж ажиллуулдаг. Эдгээр нь Чех, Унгар, ОХУ-аас оруулж ирсэн, дэвшилтэт технологи бүхий зуух, халаалтууд юм. Бид өөрсдийн хөрөнгөөр оруулж ирж суурилуулж ажилласны үр дүн гарлаа.

-Танай жишээн дээрээс суралцмаар байгаа бусад аж ахуйн нэгжид юу хэлмээр байна вэ?

-Эхлээд юу хийж, юунд хүрэх гэж буй зорилго зарчмаа зөв тодорхойлох учиртай. Үүнээс л бүх зүйл эхэлнэ. Зорилго гэвэл мэдээж бид бүхэн агаар орчны бохирдлыг өөрийн хэмжээ, хувь нэмрээр бууруулахын төлөө ажиллах ёстой. Тэгээд дараа нь зорилгодоо хүрэхийн төлөө ямар техник технологи нэвтрүүлэхээ танилцуулаарай. Тэгэхэд бүх зүйл аажмаар бүтнэ гэж хэлье.

Б.БИЛГҮҮН

 

 




Манай сайт таалагдаж байвал л LIKE дараарай


Сэтгэгдэлүүд


Анхааруулга! Уншигчдын бичсэн сэтгэгдэлд gereg.mn хариуцлага хүлээхгүй болно. Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй.

Сэтгэгдэл нэмэх

 

Шинэ мэдээ