100 айлын ил задгай худалдааг ойрын үед зогсооно

2018-04-16 14:58      ГэрэгМН

100 айлын барилгын материалын захыг үе шаттай нүүлгэх асуудлаар НИТХ-аас гарсан ажлын хэсгийн ахлагч Ч.Гантулга барилгын материалын бизнес эрхлэгчдийн төлөөлөлтэй уулзлаа. Уулзалтаар бизнес эрхлэгчдийн санал бодлыг сонсож, нийслэлээс 100 айлд хэрэгжүүлэхээр төлөвлөсөн дахин төлөвлөлтийн ажлыг танилцуулав.

Уг уулзалтад Сүхбаатар дүүргийн Засаг дарга Х.Болормаа, Нийслэлийн Мэргэжлийн хяналтын дэд дарга С.Даваасүрэн нар оролцож, 100 айл орчмын нөхцөл байдлын талаар мэдээлэл хийсэн.

НИТХ-ийн төлөөлөгч Ч.Гантулга:

 ...Сүүлийн долоон жилд 100 айлд ил задгай худалдаа гаарсан. Ийм эмх замбараагүй байдлыг зогсоож эмх цэгцтэй, орчин үеийн стандартад нийцсэн барилгын материалын төвүүдээ байгуулахыг зорьж байна. Эхний үе шатыг ойрын хугацаанд эхлүүлнэ.

“Барилгын материал худалдаалагчдын монголын холбоо”-ны тэргүүн Л.Лхамсүрэн:

Одоо 100 айлд лангуу түрээслэгчид их мөнгө олдог биш гадаа хууль зөрчиж, гар дээрээс наймаа эрхэлдэг хүмүүс илүү ашиг олдог болсон. Үүнийг зохицуулж, болиулдаг хүн алга байна. Лангуу түрээслэгчид их эсэргүүцэж байгаа. Манай холбоонд 38 аж ахуйн нэгж хамрагддаг.

100 айлын дэлгүүрүүдийн барилга, байшин нь хуучин “Улаанбаатар хотын барилга засварын нэгдсэн тресс” гэдэг байгууллагад хамаардаг байсан. Түүний л барилга, байшингууд. Хотын өмч хувьчлалын комиссын шийдвэрээр барилгын ажилчдад хувьчилж өгсөн. Хувьчлалын ажлыг хийлгэсэн хүн нь би байна.

Саналын хувьд 100 айлд үйл ажиллагаа явуулдаг “Заг”компани том хашаатай. Гурван жилийн өмнө хашаанд нь хэдэн төгрөг өгөөд машинаа тавьчихдаг байсан. Үүнийг сэргээвэл гадна талын зай гарна.

Үүнээс гадна 100 айлд бие засах газрын асуудал маш хэцүү. Албан ёсны 4, 5 суултууртай газар ганцхан бий. Үүнээс орчин, хөрсний бохирдол үүсч байна. Нийтийн 00 хэрэгтэй байна. Бид гадна талынхаа тохижилт, ариун цэврийг хангаж ажиллана. Хийнэ, хийлгэнэ. Таны ажлыг бид дэмжиж байгаа.

Нийслэлийн мэргэжлийн хяналтын дэд дарга С.Даваасүрэн:

100 айлд 3 том зөрчил бий. Нэгдүгээрт, хөрсний бохирдол. Лабораторийн шинжилгээгээр батлагддаг.

Хоёрдугаарт, төмөр хэвлэх, чулуу боловсруулах үйлдвэрээс шалтгаалж дуу чимээ, тоосжилтын хувь өндөр байдаг.

Гуравдугаарт, авто замын зурвас газарт үзэгдэх орчныг хааж худалдаа үйлчилгээ явуулдаг.

 32-ын тойргоос 100 айл хүртэл автозам дагуу 146 байгууллага байна. Үүнээс худалдаа үйлчилгээний зориулалттай 70, гэр бүлийн хэрэгцээний зориулалтаар авсан 63 газар байна. Өөрөөр хэлбэл, нийт байгууллагын 50 гаруй хувь нь барилгын материалын худалдаа явуулах зориулалтын бус газар үйл ажиллагаа явуулдаг.

Үүнээс болж хэт төвлөрөл, орчны бохирдол, замын түгжрэл бусад шалтгаан үүсч байна. Мэргэжлийн хяналтын байгууллага байнга хяналт тавьдаг. Иргэдээс ирсэн гомдлын дагуу зарим үйлдвэрт өөр газар үйлдвэрлэлээ явуул гэдэг шаардлага тавьсан.

  НИТХ-ын төлөөлөгч Ч.Гантулга:

 100 айлын барилгын материалын захыг нүүлгэн шилжүүлэх ажлыг гурван үе шаттай хэрэгжүүлэхээр төлөвлөсний эхний үе шатыг ойрын үед эхлүүлж, ил задгай худалдааг зогсооно гэдгээ хэлсэн. Үүнийг худалдаа эрхлэгчид зөвшөөрч байгаа.

 Үүнээс гадна худалдаа эрхлэгчид 100 айлын барилгын материалын гадаах ТҮЦ-нүүдийг нүүлгэх, тог цахилгааны аюулгүй байдлыг хангах, хөөсөнцөрийн худалдааг зогсоох шаардлага байгааг онцолж байв. Ирэх долоо хоногоос дараагийн уулзалтыг 100 айлд худалдаа эрхлэгчдийн дунд зохион байгуулахаар төлөвлөж байгаа аж.

Нүүлгэн шилжүүлэх ажлыг 3 үе шаттай хэрэгжүүлэх бөгөөд 2018-2020 онд дараахь үе шатаар хэрэгжүүлэх ажээ. 

 ҮҮНД: 

1 дүгээр үе шат

  • УБЕГ-ын зарим чиг үүргийг дүүрэг, холбогдох цэгүүдэд шилжүүлэх,
  • Баруун болон хойд чиглэлд барилгын материалын худалдааны шинэ зах нээх ажлыг судлах,
  • Ил задгай хоол хүнс, барилгын материал болон бусад худалдааг зогсоох,
  • Стандартын шаардлага хангахгүй хоолны газар, ТҮЦ, дэлгүүрүүдийг хаах,
  • Чулуу, будаг, төмөр, цонхны болон бусад химийн хортой үйлдвэрийн үйл ажиллагааг зогсоох, нүүлгэн шилжүүлэх /Налайх дүүрэг/.

2 дугаар үе шат

  • Явган болон автозамын нэвтрэх чадварыг сайжруулж, өргөтгөх /1-2 эгнээгээр нэмэгдүүлэх/,
  • Ерөнхий төлөвлөгөөний дагуу орчны тохижилт, гэрэлтүүлгийг сайжруулах,
  • Дахин төлөвлөлтийн дэд бүтцийг сайжруулж шинэчлэх төлөвлөгөө боловсруулах.

3 дугаар үе шат

  • Шаардлага хангахгүй хуучны барилгуудыг буулгаж Ерөнхий төлөвлөгөөний дагуу барилгажуулах,
  • Шинээр орчин үеийн худалдаа, үйлчилгээний төвүүдийг бий болгох,
  • Сүхбаатар дүүргийн 10, 11, 12 дугаар хороодод дахин төлөвлөлтийн дагуу орон сууц хорооллыг барьж байгуулах юм.

Ц.Жаргал




Манай сайт таалагдаж байвал л LIKE дараарай


Сэтгэгдэлүүд


Анхааруулга! Уншигчдын бичсэн сэтгэгдэлд gereg.mn хариуцлага хүлээхгүй болно. Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй.

Сэтгэгдэл нэмэх

 

Шинэ мэдээ

Цаг үе

Үүл буудаж, цас оруулжээ

2018-04-19 15:08