Үндэсний бөхийн талцлыг төр цэгцлэхгүй бол халх, дөрвөдийн асуудал болгох сонирхол цухалзаад эхэллээ

2018-04-16 08:17      ГэрэгМН

Өнгөрсөн амралтын өдрүүдийг монгол үндэсний бөхийнхөн хэрүүл, уруултай өнгөрөөлөө.

Монгол бөхийг хоёр хуваагдах байдал руу түлхсэн нэр бүхий хэдэн хүн л бий. Гэтэл түүнд хамаатуулаад халх, дөрвөдийн асуудлыг хөндөж байгаа нь хачирхалтай. Үнэнийг хэлэхэд энэхүү бөхийн маргаан халх, "увс" буюу дөрвөдийн асуудал биш л дээ.

Нэг талынх нь захиалгаар бичигдсэн бичвэрүүдээс болж сошиалчид, нүүрээ нуусан сэтгэгдэлчид асуудлыг халх, дөрвөдийн асуудал болгоод хамаад аваад явчих юм.

Бүхэл бүтэн 20-иод жил учраа олоогүй хоёр тал бологсод МҮБХ хэмээх нэр, нийт монголчуудын хандиваар баригдсан "Бөхийн өргөө"-нд хэн нь эзэн суухаа үзэж байгаа. Үүнд нутгийн фактор байхгүй.

Энэ удаагийн асуудлыг харж байхад энэ хоёр тал бологсод хэзээ ч нэг тал болж, нэгдэж нийлэхээс өнгөрсөн мэт харагдаж байна. Харин ч асуудлыг халх, дөрвөдийн асуудал болгоод түүндээ УИХ, Засгийн газрын гишүүдийг татан оролцуулаад улам л дэвэргэх санаатай байх шиг.

Энэхүү бөх тойрсон асуудлыг төр, засаг хяналтандаа авч болохгүй юу. Хууль хяналтынхан асуудлыг шийдэх гээд улам л гааруулаад байх шиг.

МҮБХ-г энэ жилүүдэд удирдаж ирсэн нөхдүүдийн талд Хэнтий, Төв, Булган, Говь-Алтай, Архангайн бөхчүүд голлодог бол тэднийг эсэргүүцдэг талд Увс, Төв, Баянхонгор, Өвөрхангай, Архангайн бөхчүүд олон цөөнөөрөө бий.

Гэтэл үүнийг дан ганц халх, дөрвөдийн асуудал мэтээр хэвлэлүүд бичиж, түүнийг нь нүүрээ нуусан сэтгэгдэлчид дөгөөж байна.

Хууль зөрчсөн хэмээгдэх нэг тал нь "Бөхийн өргөө"-нд байрлаж байгаа учраас л бөхчүүд ч, Шүүхийн шийдвэр гүйцэтгэгчид ч асуудлыг тавихаар очих болгонд асуудлыг уг өргөөнд шунаж байгаа дүрвэдүүд хэмээн тайлбарлаж болохгүй баймаар.

Ийм нөхцөлд маргалдаад байгаа хоёр талын хэрүүл намжихгүй нь. Тиймээс үндэсний бөхийн гол хэрүүл болоод байгаа "Бөхийн өргөө"-г Засгийн газар төрийн өмчид авч уг асуудлыг шийдвэрлэх цаг болсон биш үү.

Нэгэнт ард түмний хандив, улсын төсвийн хөрөнгөөр боссон Монгол бөхийн ордон тул ийм шийдвэр гаргах нь зүйд нийцэх мэт. Ингэснээр монгол бөхийн зүлэг ногоон дэвжээг хэрүүлийн талбар болгож, байнга хаалга үүд нь эвдэрч байдаг асуудал зогсох биш үү.

И.Болд




Манай сайт таалагдаж байвал л LIKE дараарай


Сэтгэгдэлүүд


Анхааруулга! Уншигчдын бичсэн сэтгэгдэлд gereg.mn хариуцлага хүлээхгүй болно. Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй.

Сэтгэгдэл нэмэх