АСЕМ-ийн үйлчилгээний автобуснуудыг хотын аялалд явуулна

2018-04-11 15:39      ГэрэгМН

НИТХ-ын Тэргүүлэгчдийн хуралдаан өнөөдөр болж нийслэл хотод хэрэгжүүлэх “Сити тур” төслийг хэлэлцэж баталлаа.

Энэ нь нийслэлд хотод гадаад, дотоодын жуулчдыг татах замаар аялал жуулчлалын нэг төрлийг хөгжүүлж нэвтрүүлэх зорилготой, Улаанбаатар хот дотор болон хотын орчимд аяллын автобус явуулах төсөл юм.

Төслийг хэрэгжүүлэх ажлын хэсэг байгуулагдан бусад улс орнууд хотын аялалаар дамжуулан улс орноо сурталчилдаг байдлыг судалж, аяллын маршрут хөтөлбөр гаргажээ.

Жуулчдад зориулсан аялал нь Д.Сүхбаатарын талбайгаас эхэлж Гандантэгчэнлин хийд Мэгжиджанрайсиг, Үндэсний музей, Сөүлийн гудамж, Зайсан толгой, Зөвлөлтийн дайчдын хөшөө, Богд хааны ордон музей, “Говь” ХК-ийн нэрийн дэлгүүр хүртэл аялна.

Энэ нь хот доторх хөтөлбөр бөгөөд хот орчмын аялал нь мөн Сүхбаатарын талбайгаас эхэлж Улаанбаатар-Цонжинболдог чиглэлд Дулмаалин хийд, Цайны замын хөшөө, Чингис хааны морьт болон Тоньюкукын гэрэлт хөшөө үзэх юм.

Гадаадын жуулчдаас гадна аялалын автобус нь дотоодын иргэддээ үйлчлэх бөгөөд дунд сургуулийн сурагчдаас аваад оюутан залуус, мөн ахмад настнуудад зориулсан аялалын хөтөлбөр гаргажээ.

Дотоодын маршрутад Үндэсний номын сан, хотын сүм, музейнууд, АСЕМ Вилла цогцолбор, Дамбадаржаалин хийд,” АПУ”, “ТЭСО” зэрэг томоохон үйлдвэрүүдтэй танилцах аялал багтжээ.

Гадаадын жуулчдад зориулсан аялал 25-40 мянган төгрөг, дотоодын аялал оюутан сурагчдынх 20 мянга, ахмад настнуудынх 15 мянга, захиалгат аялалынх 40 мянган төгрөг байхаар урьдчилсан байдлаар тооцжээ.

Энэ нь өдрийн болон хагас өдрийн аялал гэсэн ялгаатай. Захиалгат аялалд Горхи Тэрэлж, Манзуширийн хийд, Чингисийн хүрээ, Хустайн нурууны байгалийн цогцолборт газар, Аглаг бүтээлийн хийд оржээ.

“Сити тур” аялалд АСЕМ-ийн чуулга уулзалтын үйлчилгээнд явж байсан, дэлгэц, аудио төхөөрөмжөөр тоноглогдсон, БНСУ-ын “Hyunda Universe Space” загварын том оврын 2 автобус одоогоор гарах юм байна.

Автобуснуудыг түрээсийн гэрээгээр эргэн төлөгдөх нөхцөлтэйгээр ашиглан төлбөрийг нийслэлийн төсөвт тусгаж байхаар зохицуулахаар болжээ. Ирэх тавдугаар сарын 1-нээс эхлэх “Сити тур” төслийг Нийслэлийн аялал жуулчлалын газар хариуцан зохицуулж хэрэгжүүлнэ.

Б.БИЛГҮҮН




Манай сайт таалагдаж байвал л LIKE дараарай


Сэтгэгдэлүүд


Анхааруулга! Уншигчдын бичсэн сэтгэгдэлд gereg.mn хариуцлага хүлээхгүй болно. Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй.

Сэтгэгдэл нэмэх

 

Шинэ мэдээ

Цаг үе

Үүл буудаж, цас оруулжээ

2018-04-19 15:08