Ким,Трамп нарын уулзалт Монголд болохгүй байх шалтгаанууд

2018-04-11 09:07      Ганхуяг

Хамгийн их сөргөлдөөнтэй байгаа Хойд Солонгос, Америк хоёрын удирдагчид уулзахаар болсон тухай мэдээ дэлхий нийтийн анхаарлыг татаж байна.

БНАСАУ-ын залуу удирдагч Ким Чен Ун БНСУ-ын тусгай элчээр дамжуулан АНУ-ын Ерөнхийлөгч Дональд Трампад уулзах санал хүргүүлснийг тэрбээр зөвшөөрч, хоёр удирдагчийн уулзалтыг 2018 оны 5 дугаар сараас өмнө хийхээр тов гаргаад байна.

Үүнтэй холбоотойгоор Монголд хүртэл шуугиан дэгдэж хүмүүс хоёр талд хуваагдан хэрэлдэж байна. Зарим нэг хүн, тухайлбал Ерөнхийлөгч асан Ц.Элбэгдорж Ким, Трамп нарыг Монгол улсын нийслэл Улаанбаатар хотод уулзахыг санал болгосон нь ч хүмүүсийн маргаанд гал дээр тос нэмсэн явдал болов.

Мөн Канадад төвтэй Их Британийн нэг их сургуулийн дэд профессортой хамт докторант Ж.Мэндээ гэж монгол залуу Ким, Трамп нарыг Монголд уулзаж болох шалтгаанууд хэмээх нийтлэл бичсэн нь сошиалаар тархав. Нөгөө талаас Монголд хоёр удирдагч уулзах боломж маш хязгаарлагдмал болох тухай бичиж, ярьж байгаа хүмүүс ч олон байна.

Уг нь Солонгосын хойгийн асуудалд зуучлагч болох нь манай улстөрчдийн мөнхийн мөрөөдөл. Солонгосын хойгийн асуудалд зуучлагч болох  мөрөөдлийн төлөө АН-ын зарим нөхдүүд 2000-гаад оны эхээр “Зүүн Хойд Ази” нийгэмлэг гээчийг байгуулж байлаа.Уг нийгэмлэгийн тэргүүнд нийтлэлч Б.Баабар, Э.Бат-Үүл, "Бодь" группынхан байсан. 

Гэхдээ тэд энэ чиглэлд дорвитой үйл ажиллагаа явуулаагүй байх. МАН-ын зарим дарга нар ч зуучлагч болохыг хүсч байгаагаа илэрхийлсээр ирсэн.

Өнгөрсөн 20-оод жилийн хугацаанд БНАСАУ болон Японы төлөөлөгчид нэг удаа л /2007 онд/ Улаанбаатарт уулзаж байлаа. Тиймээс ч манайхны Солонгосын хойгийн асуудалд зуучлагч болох хүсэл мөрөөдөл хэвээр байсаар байгаа гэсэн үг.

Ц.Элбэгдорж Ерөнхийлөгч байх үедээ буюу 2013 онд БНАСАУ-д айлчлал хийсэн ч залуу удирдагч Ким хүлээж аваагүйг манайхан мартаагүй байх. 

Арваад жилийн өмнө БНСУ, БНАСАУ, БНХАУ, ОХУ, АНУ, Японыг оролцуулсан зургаан талт хэлэлцээр явагдсан ч хойдууд гэнэт цөмийн туршилтууд хийж эхэлснээр уг асуудал замхарсан.

Солонгосын хойгийн асуудалд манайхныг үнэхээр оролцуулах байсан бол зургаан талт хэлэлцээр хийж байх үед оролцуулах байсан болов уу. Одоо энэхүү хэлэлцээр сэргэх байх гэсэн найдлага дээр дурдсан улсуудад нэгэнт төрж эхлээд байна.

Тэгэхээр энэ удаа Ким, Трамп нарын хооронд зуучийн үүргийг бас, уулзалтыг зохион байгуулах үүргийг хамгийн найдвартай улс л хүлээх болов уу. Энэ өнцгөөс харвал БНХАУ л хамгийн зохимжтой гэдэг нь харагдаж байна. Учир нь, Хятад бол Хойд Солонгосын хамгийн гол түнш хэвээр байгаа. 

Мөн Си Зиньпин, Трамп нарын харилцаа ч гайгүй байгаа. Өнгөрсөн жил бие биедээ айлчилсан зэргээс үүнийг харж болно.

Ийм байтал хөндлөнгийн Монголд уулзах гээд явах уу? Үгүй л болов уу. Энэ бол Ким, Трамп нар Монголд уулзахгүй байх нэг шалтгаан.

Том гүрний удирдагчид манай хоёр их хөрш Хятад юмуу Оросыг даван Монголд ирж уулзах уу? Энэ асуултад мэдээж үгүй гэнэ. Учир нь хоёр хөршийг давж, Монголыг гэсэн харилцаанд хоёр хөрш ч дургүйцнэ, цаад тал ч томчуудын дургүйг хүргэхийг хүсэхгүй. Муушигт л давж дуугардаг юм, түүнээс геополитикт тийм юм хэзээ ч болохгүй гэж. Энэ бол Ким, Трамп нар Монголд уулзахгүй байх бас нэг шалтгаан.

Дээр нь Монгол улсын Ерөнхийлөгч Х.Баттулга Ким, Трамп нарын хэмжээний том уулзалтад бэлэн биш. Х.Баттулга Ерөнхийлөгч болсноосоо хойш албан ёсны ганц ч айлчлал хийгээгүй, олон улсын хүрээний албан ёсны ганц ч уулзалтад очоогүй байгаа. 

Энэ хугацаанд ОХУ-ын Ерөнхийлөгч В.Путинтэй л хоёр удаа уулзсанаас өөрөөр гадагш гараагүй билээ. Энэ мэдээж Ким, Трамп нар Монголд уулзахгүй байх бас нэгэн дахь шалтгаан.

Энд мөн нэг жижиг мэт ч маш чухал нэг асуудлыг дурдах хэрэгтэй байх. Хойдын төрийн эрх баригч Кимүүд гадагш айлчлахдаа нисэх онгоц хэрэглэж байсан тохиолдол бараг байхгүй. Тэд хуягт галт тэргээрээ ОХУ юмуу БНХАУ-д л хэдэн арван жилд ганц нэг очиж байсныг санах хэрэгтэй.

Тэгэхээр Ким Улаанбаатар руу Трамптай уулзахаар нисээд ирнэ гэдэг юу л бол. За энэ бол уулзалт Монголд болохгүй байх шалтгааны нэг мөн.

Хэрвээ экс Ерөнхийлөгч Ц.Элбэгдорж биш одоогийн Ерөнхийлөгч Х.Баттулга Ким, Трамп нарыг Монголд урьсан бол хүү Ким өвөг эцэг Ким Ир Сентэйгээ адилхан галт тэргэндээ суугаад Монголыг зориод ирэхийг байг гэхгүй. Хойд Солонгосын удирдагч эцэг Ким Ир Сен 1988 онд Монголд айлчилж байсан билээ.

Гэвч одоогийн Ерөнхийлөгч биш, экс нь урьсан учир асуудал том хэмжээндээ яригдахгүй гэсэн үг. Энэ бол Ким, Трамп нарын уулзалт Монголд болох боломжгүй сүүлийн шалтгаан болж таарна.

О.Хуяг




Манай сайт таалагдаж байвал л LIKE дараарай


Сэтгэгдэлүүд


Анхааруулга! Уншигчдын бичсэн сэтгэгдэлд gereg.mn хариуцлага хүлээхгүй болно. Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй.

Сэтгэгдэл нэмэх