Ч.Одончимэг: Хаврын улиралд хүний биед  хоол шингээх процесс удааширснаар нойр хүрч, ядардаг  

2018-04-06 10:19      ГэрэгМН

 

“Оточ манрамба” дээд сургуулийн багш, Уламжлалт анагаах ухааны их эмч Ч.Одончимэгтэй ярилцлаа.

-Хүмүүс хаврын улиралд бие сульдлаа, ядарлаа, нойргүйдлээ гэж ярьдаг. Үүний шалтгаан нь юутай холбоотой вэ. Улирал, цаг уурын байдал нөлөөлж байна уу?

-Уламжлалт анагаах ухаанд хүний бие махбодын зүй тогтолыг  улиралтай холбон авч үздэг.  Өвлийн улиралд хүйтний эрхээр хүний биеийн шар үсний сүв хаагдсан байдаг ба хүний дотоод биеийн илч дотогшоо хурж, биеийн тамир  хамгийн сайн байдаг бол хаврын улиралд цаг агаар дулаарах үеэр шар үсний сүв нээгдсэнээр биеийн дотоод илч гадагшаа алдагдаж, сульдаж, ядардаг.

Үүнийг мөн ходоодны хоол шингээх үйл ажиллагаатай холбон тайлбарладаг. Хаврын улиралд хүний биед хүйтэн мөн чанартай бадган арвидаж, хий хурж хөдөлдөг. Үүний улмаас хавар ходоодонд орших ялзлагч бадганы нөлөөгөөр хоол шингээх процесс удааширснаар өвөл хуримтлагдсан мах, өөх, тос шингэдэггүй. Үүнээс шалтгаалан нойр хүрч, ядардаг.

-Хий бадганыг хэрхэн эмчлэх вэ?

-Уламжлалт анагаах ухааны судар бичгүүдэд өвчнөөс урьдчилан сэргийлэх аргын талаар заасан бүлэг байдаг. Үүнд хаврын улиралын явдал мөрийн талаар бичсэн нь бий.

Ер нь хүн өвчнөөс сэргийлэхийн тулд зургаан улиралд ямар зам мөрөөр явах вэ гэдгийг тодорхой гаргасан. Бадган нь хүйтэн мөн чанартай учраас хүйтний эсрэг бүлээн, шимтэй хоол унд хэрэглэх нь зүйтэй.

Тухайлбал хөнгөн, шингэхэд хялбар, бүлээн чанартай хоол, хонины өөхгүй мах, загасны махтай хоол, ногооны төрлийн бүтээгдэхүүнийг сайн болгож чанаж идэх,  зөгийн балтай ус, гаатай ус зэргийг түлхүү хэрэглэх нь зүйтэй. Мөн биеийн тамирын дасгал хөдөлгөөн хийх, явган алхах, гүйх нь чухал. Залуу, идэр насны хүмүүс өдрийн цагаар унтахаас татгалзах хэрэгтэй. Хэрэв залхуу хүрч, нойр ихсээд байвал хөнгөн дасгал хөдөлгөөн хийх, агаарт гарч салхилж болно.

-Энэ улиралд өөр ямар өвчлөл үүсэх магадлалтай вэ?

-Хавар бол модон махбодтой улирал. Тиймээс хаврын сүүл цагаар элэгний өвчлөл үүсэх, элэгний өвчин сэдрэх хандлагатай байдаг. Ялангуяа, элэгний өвчтэй хүмүүс дахин сэдрэхээс сэргийлэх хэрэгтэй. Хоол хүнсэндээ анхаарч архи, дарс хэтрүүлэн хэрэглэхээс зайлсхийх, халуун, исгэлэн, давслаг, тостой хоол, хоносон хоол,  болгоогүй түүхий хоол хүнс болон хэтэрхий түлсэн, шарсан  хүнснээс татгалзах нь зүйтэй.

-Ядаргааг архагшиж байгааг яаж мэдэх вэ. Эмчлэхгүй удах тохиолдолд ямар эрсдэлтэй вэ?

-Тамирдана, ядарна, нойр ихсэнэ эсвэл нойргүйдэнэ, хөлөрнө, хоолны шингэц муудна. Эмчлэхгүй бол бүх төрлийн архаг өвчлөл үүсгэх аюултай. Тухайлбал, ходоодны өвчлөл үүснэ. Ходоод нь цул сав эрхтний өвчлөл үүсэх шалтгаан болдог.  Ходоод өвдөнө гэдэг бол бүх эрхтэн өвчилнө гэсэн үг. Юуны өмнө мэргэжлийн эмчид хандах хэрэгтэй.

Дур мэдэн эм уугаад байж болохгүй. Тухайлбал, толгой өвдөх нь зүрх, эмэгтэйчүүдийн өвчлөл, ходоод гээд олон талын шалтгаантай байж болно. Ямар нэг зовиур илэрч байгаа тохиолдолд эмчид үзүүлж, шалгааныг нь тогтоолгож, эмчилгээ хийлгэх нь чухал. Уламжлалт анагаах ухааны онцлог нь нэн түрүүнд өвчний шалтгааныг тогтоож эмчилгээ хийдэг.

Ц.Жаргал




Манай сайт таалагдаж байвал л LIKE дараарай


Сэтгэгдэлүүд


Анхааруулга! Уншигчдын бичсэн сэтгэгдэлд gereg.mn хариуцлага хүлээхгүй болно. Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй.

Сэтгэгдэл нэмэх

 

Шинэ мэдээ