“Усыг дахин ашиглаж, хэмнэж байгаа аж ахуйн нэгжүүдийг татвараас чөлөөлж, хөнгөлөлттэй зээлд хамруулдаг”

2018-03-22 16:37      ГэрэгМН

Дэлхийн усны өдрийг тохиолдуулан  БОАЖЯ-ны Усны нөөцийн хэлтсийн дарга Л.Эрдэнэбулгантай ярилцлаа.

-Усыг дахин ашиглаж хэмнэж байгаа аж ахуйн нэгжүүд хэр олон байна вэ?  

-УИХ-аас 2012 онд Ус бохирдуулсны төлбөрийн тухай хуулийг баталсан. Хууль батлагдсантай холбоотойгоор зарим аж ахуйн нэгжүүд өөрсдийн санаачилгаар   нийгмийн хариуцлагынхаа хүрээнд өөрсдийн хэмжээнд  цэвэрлэх байгууламж байгуулж, цэвэрлэсэн усаа дахин ашиглаж байна.

Гэхдээ “Оюутолгой”, “Эрдэнэт”, “АПУ”, “Энержи ресурс”, “MCS кока кола” гээд гарын арван хуруунд багтахаар цөөн аж ахуйн нэгж усаа дахин ашиглаж байна. Эдгээр  томоохон үйлдвэрүүд нийт хэрэглэсэн усныхаа  80-90 хувийг  дахин ашиглаж байгаа.

-Усаа дахин ашиглаж байгаа  байгууллага, аж ахуйн нэгжүүдийг яаж дэмжин урамшуулж байна вэ?

-Нэгд, ус ашигласны төлбөрөөс чөлөөлөгдөнө. Бохирдлын төлбөрөөс мөн чөлөөлөгдөнө. Дээрээс нь усалгаа болон цэвэрлэх байгууламжийн техник, технологи, ус цэвэрлэх тоног төхөөрөмж борлуулж байгаа тохиолдолд Аж ахуйн нэгжийн орлогын албан татвараас чөлөөлж байгаа. Ингэхээр тухайн техник, технологийн өртөг үнэ буурч байна гэсэн үг. Мөн гаалийн албан татвараас чөлөөлдөг. 

Дээрээс нь санаачлагатай ажиллаж байгаа аж ахуйн нэгжүүдийг үндэсний болон олон улсын томоохон шагналд нэр дэвшүүлэх,  “Ногоон зээлийн сан”-гаар дамжуулан хөнгөлөлттэй зээлд хамруулах зэрэг дэмжлэг үзүүлдэг.  Ус бохирдуулсны төлбөрийн тухай хуулийг шинэчилсэн найруулгаар хэлэлцэн батлуулахаар бид ажиллаж байгаа. 

-Хууль хэрхэн шинэчлэгдэн өөрчлөгдөж байгаа вэ?

-Зорилго, зарчмаараа бол дэлхийн нийтийн жишиг болсон бохирдуулагч нь төлбөрөө төлж, мөн хамгаалагч байна гэсэн суурь зарчим тусгагдана. Цэвэршүүлсэн усыг авч байгаа субьект нь ус ашигласны төлбөрөөс чөлөөлөгдөхөөр тусгаж байна. Усаа үнэгүй ашиглаад, дээр нь  хаягдал ус гаргаж байгаа нь бохирдуулсны төлбөрөөс чөлөөлөгдөнө. Ийм цикл бүхий дэд бүтцийг манайд бий болгочихвол усаа хэмнэх боломж бий.  

 Мөн гаргаж байгаа хаягдал усанд төлбөр ногдуулахаар тухайн аж ахуйн нэгж бага бохирдол гаргаж, бага төлөхийг бодно. Үүний тулд химийн бордоо ашигладаг байсан бол халж, аль болох дэвшилтэт техник технологи, тоног төхөөрөмж хэрэглэх шаардлагатай болж ирнэ.

Үүнтэй уялдаад ус ашиглах, хэрэглэх эрүүл, аюулгүй байдлаасаа эхлээд бохир усаа цэвэрлэх стандартаа мөрдөнө. Энэ бүхнийг хуульд тусгаж өгч байгаа.

Ганцхан жишээ хэлэхэд бид 00-ын усны хэрэглээнд цэвэршүүлсэн ус хэрэглэхийн тулд ямар бодис, технологи ашиглах вэ гэхчилэн  шинжлэх ухааны талаас хандах учиртай болно. Тэгэхгүй бол 00-д бактеритай ус орж ирээд, элдэв  өвчин халдахыг үгүйсгэхгүй.

  Үйлдвэрт ялгаагүй. Цэвэршүүлсэн усаар бетон зуурмаг хийлээ гэхэд тухайн ус үйлдвэрлэлийн зориулалтаар стандарт хангасан байж  нягтрал сайтай бетон гарна.  Цэвэршүүлсэн усаар зам, талбайгаа услалаа гэхэд дэгдэмхий бодис байна уу гэдэг талаас нь хянаж, усаа стандарт хангасан байдлаар цэвэршүүлэх шаардлага үүсэх зэрэг олон давуу талтай.    

Тиймээс цэвэршүүлсэн ус дахин ашиглахын тулд  хаана хэрэглээ байна гэдгээ зөв тодорхойлоод, дараа нь ямар шаардлага тавигдах вэ гэдэгт  стандартын түвшинд мэргэжлийн талаас хандах  учиртай болж байна. Ийм бодлогын чанартай баримт бичгээ бид цаг алдалгүй боловсруулаад Засгийн газар, УИХ-д өргөн барих гэж байна.

Б.БИЛГҮҮН

 

 




Манай сайт таалагдаж байвал л LIKE дараарай


Сэтгэгдэлүүд


Анхааруулга! Уншигчдын бичсэн сэтгэгдэлд gereg.mn хариуцлага хүлээхгүй болно. Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй.
Шудрага

Энэ нөхөр Оюутолгойн ХОГ-ыг хийхэд гарын үсэг зурсан Лүймэдийн Гансүхийг БОАЖ-ын сайд байхад туслахаар нь орж байсан АН-ын бууны нохой байна. Дарханд орсон сууцны доор компьютер программын нэг юм хувиараа хийдэг байсан даа. МАН-ынхаан элдэв нууц мэдээллээ алдаад байдаг чинь энэ мэт нохдуудаас болж байгааг анхаардаггүй юм уу,

2018-03-22 18:03    202.21.101.130
Зочин

Саарал усны хямд технологиудыг төр дэмжихгүй байгаа шүү.Үүнд анхаараарай.

2018-03-22 17:47    66.181.160.49

Сэтгэгдэл нэмэх

 

Шинэ мэдээ