Ц.Бямбасүрэн: Татвар төлөгчдийн мөнгөөр хийж буй ногоон байгууламжид иргэн бүр эзэн баймаар байна

2018-03-21 15:40      ГэрэгМН

Дэлхийн ойн өдөр өнөөдөр тохиож байна. Уг өдрийг тохиолдуулан БОАЖЯ-ны Ойн бодлого, зохицуулалтын газрын мэргэжилтэн Ц.Бямбасүрэнтэй ярилцлаа.

-Хотын ногоон байгууламжийг яаж нэмэгдүүлэх вэ?

-Ногоон байгууламжийг хэрхэн нэмэгдүүлэх вэ гэхээр ном журмаараа суурьшлын бүсийн ерөнхий төлөвлөгөөтэй (Улаанбаатар хотын Ерөнхий төлөвлөгөөтэй) уялдуулж түүнийг дагуу байгуулж нэмэгдүүлэх учиртай юм. Манайд ийм боломж нь байгаа.

Нэг ёсондоо Хотын ерөнхий төлөвлөгөөний дагуу хэсэгчилсэн ерөнхий төлөвлөгөө гаргаад түүний дагуу хийх ёстой юм. Урт хугацаанд төлөвлөж бодлогодоо тусгадаг.

Жишээ нь, Улаанбаатар хотод 2030 хүртэл хөгжлийн дагуу дандаа нарс мод тарих уу г.м-ээр тусгасан байх. Тэгээд төлөвлөснийхөө дагуу обьектын зураг төслөө боловсруулж гаргадаг. Үүний дагуу төсвөө мөн гаргаж улсын болон орон нутгийн төсөв, сайн дурын хөрөнгө оруулалтаар хэрэгжүүлдэг. Зарчмаараа бол ийм юм.

-Ногоон байгууламж таны хэлсний дагуу ном журмаар явж байна уу?

-Харамсалтай энэ дээр төлөвлөлт гэдэг юмаа бид дандаа хойш тавиад явдаг тал бий. Гэхдээ бүхнийг үгүйсгэж боломгүй. Ном журмаараа хийж явахыг эрмэлзэж байна. Ерөнхий төлөвлөгөө гарч байгаа боловч хэрэгжүүлэх явцад суулгах модны нөөцийн асуудал гарч ирж байгаа.

Энэ бол хугацаа шаарддаг онцгой салбар юм. Тиймээс төлөвлөж хийдэг юм. Сүүлийн үед хотын нягтрал их байна гэдгээр ногоон байгууламжийг төлөвлөлтийн дагуу бус “хүчээр” нягтралшуулж бий болгох талаар манай мэргэжилтнүүд их ярьдаг болсон.

Гэтэл нягтралшуулах гэдэг ойлголт байдаггүй. Энэ нь утаа, агаарын бохирдлыг сааруулах шийдэл гэдгээр их мод тарьвал утааг шингээнэ гэж гарч ирж “ойлгоод” байх шиг... Уг нь ялгаж салгаж ойлгох учиртай. Мод чинь таатай улиралд дэлгэрээд утаатай өвлийн улиралд “унтаа” байдалд байдаг.

-Ногоон байгууламжийг яаж эзэнтэй болгох вэ?

-Би түрүүнд хэлсэн, ногоон байгууламж улсын болон орон нутгийн төсвийн хөрөнгөөс 95 хувь хамаардаг онцлогтой салбар. Өнөөдөр хэн ч өөрийнхөө мөнгөөр ногоон байгууламж хийе гээд сайн дураар хөрөнгө оруулах боломжгүй. Тиймээс улсын мөнгөөр хийж байгаа.

Татвар төлөгчдийн хөрөнгөөр хийж буй энэ ажилд тодорхой үр дүн гармаар байтал харамсалтай нь бодлого алдагдаад байна. Эзэн гэдэг нь иргэн бүр эзэн байх ёстой. Орчноо хайрлан хамгаалж ухамсарлах нь чухал. Энэ ажилд мэргэжлийн байгууллагууд их илүү үүрэг рольтой оролцох ёстой.

-Ногоон байгууламжийг эзэнтэй болгох үүднээс манайд сүүлийн үед ААН, иргэд, ТББ, мэргэжлийн байгууллагуудад менежментээр гэрээлүүлээд арчилгаа тордолгоо хийлгэж байгаа нь зөв биз дээ?

-Тогтолцоо нь буруу биш. Гэхдээ хөрш Хятад, Оросоос аваад Солонгос, Японд ойн салбарын үйл ажиллагаа нь төрийн бодлогоор төрийн байгууллагууд нь хариуцаж хийгээд явдаг. Чанарын баталгаа хэрэгтэй биз дээ.

-Манайд ногоон байгууламж байгуулж байна гээд ойгоос зулзаган мод шууд авчирч суулгах, тэр ч байтугай Хятадаас хямд мод оруулж ирээд тариад байна. Ийм асуудал жилийн жилд гарч байна. Үүнийг яах вэ?

-Ойн хуулиар гаднаас импортоор мод оруулж ирэхийг хориглосон. Тэгэхээр энэ бол хууль бус явдал. Зөвхөн судалгаа, шинжилгээний зориулалтаар тодорхой тоогоор оруулж ирүүлдэг. Энэ нь хэн нэгэн хүний бизнесийг дэмжих, эсвэл хориглох гэдэг үүднээс гарсан заалт биш.

Монгол орны нийт ойн санг хамгаалах зорилготой юм. Хэрэв хортон шавьжтай мод орж ирлээ гэхэд бид хэчнээн ч хэмжээний га ойгоо алдах магадлалтай. Зулзаган модны тухайд мөн Ойн хуулийн 29 дүгээр зүйлд ойд хориглох зүйл заалт гэдэг дээр байгалийн ойгоос зулзаган модыг мөн хуулийн 14-ийн 1-д заасан эрх бүхий байгууллагын зөвшөөрлийн дагуу шилжүүлэн суулгана гээд мөн хориглосон байгаа.

Үүнтэй холбоотой бусад асуудал гарлаа гэвэл хэрэв Ойн тухай хуулиар хориглоогүй бол Монгол орны ойн сан Үндсэн хуулиар хамгаалагдсан байдаг.

Б.БИЛГҮҮН




Манай сайт таалагдаж байвал л LIKE дараарай


Сэтгэгдэлүүд


Анхааруулга! Уншигчдын бичсэн сэтгэгдэлд gereg.mn хариуцлага хүлээхгүй болно. Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй.

Сэтгэгдэл нэмэх

 

Шинэ мэдээ