Нэг өдрийн хавар

2018-03-19 15:03      ГэрэгМН

 Хятадын зохиолч  БИН СИНЬ-ий  1936 онд бичсэн “Нэг өдрийн хавар” өгүүллийг Ц.Цэнгэлийн орчуулгаар хүргэж байна.

Өнгөрсөн жил өвлийн сүүлчээр хол суугаа найздаа захидал бичихээр шийдлээ. Юуны өмнө “Би Бэйпингийн хаврын агаараас залгилахыг тэсэн ядан хүсч байна” гэж эхлүүлэв.

 Энэ жил Бэйпинд хавар нэлээд оройтож байна. Чухам хаврын хаана нь гиеүрэлд автаж, шар тоосон дунд ногоон навч урган төлжиж, удын унгирал агаарт бутран нисэлддэгийг мэдэхгүй. Харин саяхан л зузаан шар тоосон хөшиг татмагц мэдэрлээ. Хавар олонд харагдахгүйгээр хэдийн намуухан алсарч одох юм.

 Тэнгэрийн доорх бүхэн ийм мэт...

 Өнгөрсөн өвөл хүйтэн бас урт байлаа. Шөнө бүр чийдэнгийнхээ дор ганцаар сууж, умрын догшин салхины улин шуугихыг сонсоно. Жижигхэн байшин минь хүртэл донслон чичрэх шиг болоход бие, сэтгэлд өчүүхэн төдий ч дулаан үлдсэнгүй. Өвөл ирмэгц бүх л баяр баясал, цог золбоо, амь амьдрал эд эсний гүнд бээрч атиран хэвтэх шиг болно.

Энэ л үед уйтгартай тайвнаар өөртөө “Хүлээгээгүй байтал өвөл айлчлаад ирчихлээ. Хавар бас хол байж чадна гэж үү?” хэмээн шивнэнэ.

  Гэвч энэ догшин салхи, нэвсгэр цас ар араасаа дараалан уртаар хөвөрч өвөл дуусахгүй мэт санагдана.  

Нэгэн өдөр нуурын мандалын мөс ханзарч байхыг харлаа. Гэнэт л сэтгэл хөөр баяраар дүүрч “Хавар ирлээ” гэж хашхирав.

Яг энэ шөнө умардын салхи хуйларч, шаргал элсний ширхэг тэнгэр газрыг бүрхэн догшин салхи цонх балбаж сэтгэлийн гүн дэх хаврын бодлыг дахиад л үлээн сарниах нь тэр. Дараа удаа удын орой шаргалтахыг үзэв. Тэр өдрийн үдээс хойш хүйтэн шамарга тасралтгүй орж, үдшийн бүрий болоход өвлийн хувцасаа дахин давхарлан нөмөрлөө. Бас нэг өдөр хашаан доторх тоорын цэцэг дэлгэрсэн байхыг харав. Яг үд хэвийж байх үе билээ. Агшин зуурт бараан шар үүл бүрхэн модны мөчир салхинд ганхахад хаврын цэцгийн тоорцог суларч, тунаран нэлийх шар тоосон дунд дарагдан авай...

Бүтэн улирал тэсч ядан хүлээв. Харин одоо хаварт итгэхээ больчихлоо! 

 Хэдэн нөхөд маань “Сүм рүү очиж гүйлсийн цэцэг харъя” хэмээн ярилцлаа. Хэдийгээр миний сэтгэлд хаврын сураг чимээ аниргүй байсан ч хамт явав. Ингээд Гуань жа линд хүрч ирлээ. Хацар илбэх тоост салхинд хэдэн зуун гүйлсны салаа мөчир өнгө зүс, үзэсгэлэнгээ гээсэн бүсгүй шиг харагдах ажээ. Их ажил эргэн ирж дээ. Нар гийсэн уулын хөндийд дахиад хэдэн ширхэг улаан гүйлс цэцэглэсэн байна. Гэвч дэлгэрэхдээ тамир тэнхээгээ барсан мэт. Бүгд гүн улаан биш агаад цэцэгсийн тоорцог завсар алаглан харагдана.

Би “Хавар явчихлаа. Явбал ч яваг! харих замдаа сэтгэл уужирчихна. Харин энэ уужрал дунд бага зэрэг харамсал, үзэн ядалт л үлдэнэ” гэж бодно. Би хаварт итгэхээ байчихлаа.

  Дөрөвдүгээр сарын 30-ны үдээс хойш, хэдэн нөхдийн хамт Ү овогтын цэцэрлэгт хайтан цэцэг харахаар очлоо. Баяр хөөртэй нарлаг сайхан өдөр. Одоо л харин санахад тэр олон өдрийн хаврын үзэмж дундах цор ганц хавар бол миний хамгийн хайртай хайтан цэцэг гэж сэтгэлийнхээ угаас баяртай хариулмаар болно.

 Зүүн хажууд ургасан хайтан цэцэг үнэргүй. Хэрэв үнэртэй байсан бол татгалзах байлаа. Үнэргүй нь ч болж. Би хашаандаа хэд хэдэн голт бор, тэргүүлэгч цэцэг зундаа хас хатгуур, намартаа удвал цэцэг тарьсаныхаа дараа үнэхээр их гэмшсэн. Учир нь эдгээр цэцгийн үнэрт толгой өвдөнө. Мөн өрөөндөө таслалгүй ургуулж болдоггүй юм. Тиймээс үнэрт цэцгэн дундаас зөвхөн цахирмаа, гавирын цэцэг, үнэрт буурцагийн цэцэг, сарнайд би дуртай. Харин үнэргүй цэцэг дундаас хайтан цэцгэнд хамгаас хайртай.

 Хайтан цэцгийн гэрэлтсэн улаан нь үхэшгүй мөнх, бадрангуйг бэлгэддэг бол цагаан нь гунигтай харагддаг хэрнээ зовлон шаналалгүй байдлыг илэрхийлдэг. Эдгээр моддыг ногоон навч нь өнгө гоёмсог харагдуулахын зэрэгцээ өргөн нарийн иш мөчрүүдийн зохицол нь гэнэн хонгор, баяр жаргалаар дүүрэн галбир гоо бүсгүйтэй адилхан. Яг л ертөнцийг бүтээгчийн хамгийн төгс бүтээл шиг.

Нар хэвийхийн үес би тэдгээр мод, цэцэгсийн дунд суудаг юм.

Энэ л үед миний өмнө хавар болдог.

 Гол танхимын өмнө дөрвөн хайтан байрлах бөгөөд хойд талынх нь хоёр арай том. Өндөр нь танхимын саравчтай ойролцоо тав, зургаан тохой орчим. Цэцэглэснийхээ дараа цэлмэг номин тэнгэр, дүгэрэг цагаан саран шиг харагдаж, орой нь үл ялимгүй бөхийдөг. Энэ моддод үй түмэн өчүүхэн жаахан үзэсгэлэнт булбарай навчис бий. Энд тэндгүй мөчир салаа бүхэнд нь бие биесээ түрэн дэлгэрэхийг нь яана...

  Хүүхдийн цэцэрлэг тарах болоо болов уу? Бяцхан хаалганых нь дотроос нүд эрээлжлэм бөөн бөөн баяр баясгалан, цог золбоо, урам зориг, амьдрал биесээ түлхэлцэн багтаж ядан байгаа даа. Энэ л оргилон буй бүхэн асар том хүрээнд бутран тарна. Ингэж л амьдралын улирал дунд үүрдийн хаврыг бүтээдэг мэт.

Тэр л хайтангийн мөчрийг тэврэн ургаж буй хавар, одоо надтай адилхан мэдрэмж мэдэрч байгаа байх.

  Хавар ийн ирмэгц л үзэн ядалт бүхэн алга болж, баярлан хөөрч биширнэ. Нүдний өмнө дэврүүн, омог бардам, үзэсгэлэнт хавар өдөр хоног өнгөрөхийг үл анзааран байх шиг. Зуу, бүр мянгантаа хоригловч зөвхөн моддын оройд дураараа оршиж, яг л өнөөдрийнх шиг өөдөө цойлон ургахын төлөө мэт ажээ.

 Хавар ийн тохиож байх үес гэрийн эзэн эргэн ирэхэд нэлээд цааргалсансан. Энэ хаврын үнэрийг ханатлаа залгиж амжлаа! . Гурван, дөрвөн өдөр өнгөрлөө. Дахин нөхөдтэйгээ уулзаж, хамт явах байсан ч би эвтэйхэн татгалзсан юм. Энэ жил хаврыг хүсэн хүлээсээр атал нэлээд хожуу ирлээ. Би мэднэ ээ, гадаадад сурахаар явахад үргэлжилсэн гансрал тээж, эл хулхан байдгыг... Хавар ирчихсэн байхад ийм зовнилоор сэтгэлээ хөндөх хэрэггүй шүү дээ.

 Энэ олон өдрүүдийн дундах нэг өдрийн хавар, хаврын тухай бодлууд хорсол, үзэн ядалт шиг дахин ирэхгүйгээр алсарч одсон. Гагц сэтгэл ханасны дараа л бага зэрэг харамсалтай санагдана. Яг л жаахан хүүхдүүд муудалцсаныхаа дараа нэг л мэдэхэд уур ундууцлаа мартаж инээн баясдагтай адилхан. Бас тэрхэн даруйдаа дахин эвлэрэх хүсэлгүй мэт нүүр буруулж, толгой гудайлган, хошуугаа цорвойлгож ирээд “Намайг аргадахаа мэдсэн юм бол,  яах гэж эхнээсээ хүйтэн хандсан юм!” гэж хэлдэг шиг л.

Орчуулсан Ц.Цэнгэл




Манай сайт таалагдаж байвал л LIKE дараарай


Сэтгэгдэлүүд


Анхааруулга! Уншигчдын бичсэн сэтгэгдэлд gereg.mn хариуцлага хүлээхгүй болно. Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй.
Хавар яг ийм

Яг л жаахан хүүхдүүд муудалцсаныхаа дараа нэг л мэдэхэд уур ундууцлаа мартаж инээн баясдагтай адилхан. Бас тэрхэн даруйдаа дахин эвлэрэх хүсэлгүй мэт нүүр буруулж, толгой гудайлган, хошуугаа цорвойлгож ирээд “Намайг аргадахаа мэдсэн юм бол, яах гэж эхнээсээ хүйтэн хандсан юм!” гэж хэлдэг шиг л.

2018-03-19 16:57    202.179.24.94

Сэтгэгдэл нэмэх