“Ногоон хөгжлийн түншлэлийн 7 хоног” эхэллээ

2018-03-12 11:48      ГэрэгМН

Өнөөдөр “Ногоон хөгжлийн түншлэлийн 7 хоног” эхэлж байна. Европын Холбооны “Тогтвортой хэрэглээ, үйлдвэрлэл” хөтөлбөртэй хамтран зохион байгуулж байгаа энэ ажиллагаа гуравдугаар сарын 12-16-нд үргэлжлэх юм.

Энэ хүрээнд БОАЖЯ, БХБЯ, Сангийн яам зэрэг салбарын яамд болон ШУА, ШУТИС, статистикийн байгууллагууд оролцсон хамтарсан уулзалт, хэлэлцүүлгүүд болно.

Тухайлбал, БОАЖЯ, БХБЯ байгаль орчинд ээлтэй, эдийн засагт хэмнэлттэй ногоон барилгын бодлого, төлөвлөлтийн асуудлыг хөндөх бол Сангийн яам бусад байгууллагууд “Ногоон худалдан авалт”-ын талаар уулзалт хийх юм.

Үүнтэй холбоотойгоор “Төрийн болон орон нутгийн хөрөнгөөр ажил үйлчилгээ худалдан авах тухай” хуульд өөрчлөлт оруулахаар төсөл нь бэлэн болоод байна.

Хуулийн төслийг энэ онд багтаан Засгийн газарт өргөн барьж, УИХ-аар батлуулахаар Сангийн яам ажиллаж байна. Хуулийн төслийн зорилго нь Төрийн мөнгөөр худалдан авч байгаа бараа, ажил үйлчилгээн дээр байгаль орчинд ээлтэй, хэмнэлттэй байх зарчмыг Монголд нэвтрүүлэхэд чиглэж байна.

Тиймээс энэ 7 хоногт “Ногоон худалдан авалт” гэж юу юм, ямар бүтээгдэхүүнийг ногоон гэж үзэх, тавигдах шалгуур үзүүүлэлтийг боловсруулахдаа ямар зарчим баримтлах, “Ногоон бүтээгдэхүүн” худалдаж байгаа байгууллагад ямар давуу эрх олгох зэрэг асуудлыг хөндөх аж.

Тодруулга: Одоогоос зургаан жилийн өмнө НҮБ-ын “Рио-20” дээд хэмжээний чуулганаар “Ногоон эдийн засаг” улс орныг хөгжилд хүргэж, ядуурлыг бууруулах гол хөдөлгүүр хэмээн тодорхойлсон.

Энэ хүрээнд тус байгууллагаас “Ногоон эдийн засгийн төлөөх түншлэл"-ийг байгуулан 2020 он гэхэд дэлхийн 20 орныг дээрх замаар хөгжүүлэх зорилт тавьсан юм. Үүний нэгэнд манай улс багтсан билээ.

Б.БИЛГҮҮН




Манай сайт таалагдаж байвал л LIKE дараарай


Сэтгэгдэлүүд


Анхааруулга! Уншигчдын бичсэн сэтгэгдэлд gereg.mn хариуцлага хүлээхгүй болно. Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй.

Сэтгэгдэл нэмэх