Д. Тунгалаг:Налайхад хүүхдүүд нүүрс түүж амьдардаг байдал хумигдаж байгаа 

2018-03-09 16:00      ГэрэгМН


НҮБ-ын Хүүхдийн сан  Налайх дүүргийн Засаг даргын Тамгын газар хамтран 2012 оноос эхлэн “Хүүхдэд ээлтэй дүүрэг” хөтөлбөр хэрэгжүүлжээ.

Хүүхдэд ээлтэй бодлого эрхзүйг дүүргийнхээ хэмжээнд бүрдүүлж, хөрөнгө оруулах, гэр бүл хүүхдийн оролцоог хангах зорилгоор хэрэгжсэн уг хөтөлбөрийн тайлангын хурал өнөөдөр НҮБ-ын байранд боллоо.

Энэ үеэр бид Налайхад ядуу өрхийн хүүхдүүдийг уурхайн ам, цооногт ажиллуулдаг эсэх талаар тодруулсан юм.

Дүүргийн Засаг даргын орлогч, Эдийн засаг, нийгмийн төсөл хөтөлбөр хариуцсан Х.Анхбаяр:

-Нүүрсний уурхайд 5-10 жилийн өмнө хүүхдүүд ажилладаг, ажиллуулдаг байсан. Одоо үгүй ээ. Өмнө нь бидний бүртгэлээр 20-иод хүүхэд цооног дээр ажилладаг, ийм эрсдэл бүхий 100-гаад хүүхэд байсан. Бид амны эзэдтэй гэрээ байгуулан ажилласнаар одоо хүүхдүүд ажиллахаа байсан. Хүүхэд ажиллуулвал уурхайн амыг хаах хүртэл арга хэмжээ авч, хяналт тавин ажиллаж байна гэв.

Дүүргийн Боловсрол, хүүхэд залуучууд, жендер, ТББ хариуцсан мэргэжилтэн Д.Тунгалаг: 
-Хөдөө хүүхдүүд аргал түүдэг шиг манай Налайхад хүүхдүүд нүүрс түүж амьдардаг. Одоо энэ байдал хумигдаж байгаа. Цооногт хүүхдүүдийг ажиллуулахгүйн тулд бид уурхайн эзэдтэй ярилцаж, Хүүхдийн тэвчишгүй хөдөлмөр, Хүүхэд хамгаалах олон улсын конвенцийн талаар сургалт явуулж ойлгуулж, мөн Мониторингийн баг ажиллуулдаг болсноор энэ байдал арилсан. Одоо манайд хурдан морь унадаг уяач хүүхдийн эрх, аюулгүй байдлыг хангах талын асуудал хөндөгдөж байгаа гэв.

Мониторингийн баг ОСГ-ны хороо бүрт ажиллаж ядуу өрхийн хүүхдүүдийг хөтөлбөрт хамруулан сургууль завсардалтын байдлыг хянаж хүүхдүүдийг боловсрол олгоход, гэр бүлийг амьдрах аргад суралцахад анхаарч ажилладаг аж.

“Хүүхдэд ээлтэй орон нутаг” хөтөлбөр Налайх дүүргээс давалгаалж одоо нийслэлийн Баянзүрх дүүрэг болон Хөвсгөл аймагт хэрэгжиж эхэлж байна.

Б.БИЛГҮҮН




Манай сайт таалагдаж байвал л LIKE дараарай


Сэтгэгдэлүүд


Анхааруулга! Уншигчдын бичсэн сэтгэгдэлд gereg.mn хариуцлага хүлээхгүй болно. Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй.

Сэтгэгдэл нэмэх