Чөлөөтийн таван бөх дэлхийн чансааг тэргүүлж эхэллээ

2018-03-09 11:30      ГэрэгМН

Киргизстаны нийслэл Бишкект болсон Азийн АШТ-ий дараа дэлхийн чансааг шинэчлэн гаргажээ. Манай улсаас энэ удаагийн чансаанд эрэгтэй долоо, эмэгтэй найман бөх багтсанаас тав нь дэлхийн чансааг тэргүүлж эхэллээ.

Эрэгтэйчүүдийн 57 кг-ын жинд Цэвээнсүрэнгийн Цогбадрах 32, 74 кг-д Ганзоригийн Мандахнаран 32, 92 кг-д Лувсандоржийн Төртогтох 27, 125 кг-д ОУХМ Нацагсүрэнгийн Золбоо 35 оноотой жингийнхээ чансааг тэргүүлжээ.

Мөн 86 кг-д “Бишкек-2018” Азийн АШТ-д мөнгөн медаль хүртсэн ОУХМ Оргодолын Үйтүмэн 22 оноотой гурав, 79 кг-д Азийн АШТ-д хүрэл медаль хүртсэн Ганболдын Төрболд 20 оноотой тавдугаар байрт бичигджээ.

Эмэгтэйчүүдийн 62 кг-ын жинд энэ жилийн Азийн аварга, гавьяат тамирчин Пүрэвдоржийн Орхон 22 оноотой дэлхийн чансааг тэргүүлж байна. Түүнээс гадна 50 кг-д ОУХМ Э.Нарангэрэл 20 оноотой тав, 53 кг-д Э.Сумъяа 20 оноотой хоёр, 55 кг-д Э.Даваачимэг 17 оноотой гурав, 57 кг-д А.Батцэцэг 18 оноотой дөрөв, 59 кг-д Б.Шоовдор 18 оноотой дөрөв, 68 кг-д Ш.Түмэнцэцэг 19 оноотой гурав, 72 кг-д О.Насанбурмаа 16 оноотой дэлхийн чансааны гуравдугаар байрт бичигдээд байна.

Эмэгтэйчүүдийн 10 жингийн зургаад нь БНХАУ-ын бөхчүүд тэргүүлсэн байна. Үлдсэн дөрвөн жинд П.Орхоноос гадна Японы Саки Игараши, БНАСАУ-ын Пак Ён Ми, Финландын Петра Олли нар чансааг өнгөлж байгаа юм.

Эрэгтэйчүүдийн чансааг гаргахдаа Красноярскийн “Алтан Гранпри”, Азийн АШТ болон Африкийн АШТ-ийг оролцуулсан байна. Харин эмэгтэйчүүдийн чансааг насанд хүрэгчдийн Азийн АШТ болон Шведэд болсон “Клиппан Опен” эмэгтэйчүүдийн ОУТ-ийг харгалзан гаргасан ажээ.




Манай сайт таалагдаж байвал л LIKE дараарай


Сэтгэгдэлүүд


Анхааруулга! Уншигчдын бичсэн сэтгэгдэлд gereg.mn хариуцлага хүлээхгүй болно. Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй.

Сэтгэгдэл нэмэх