Нийтийн тээврийн автобусуудыг хийн түлшээр ажилладаг болгоход 28.4 тэрбумыг зарцуулах нь

2018-03-07 09:35      ГэрэгМН

Улаанбаатарын агаарын бохирдлыг бууруулах ажлын хүрээнд хийгдэж байгаа нэг ажил бол нийтийн тээврийн том оврын автобусуудыг хийн түлшинд шилжүүлэх явдал.

Улаанбаатарын утааны 65-70 хувийг гэр хорооллын айл өрхүүдийн яндангаас гардаг нүүрсний утаа эзэлдэг ч өвөл хүйтрэх тусам автомашинууд бензин, түлшээ дутуу шатааж, байнгын асаалттай байдгаас шалтгаалан зуны улирлаас 1.5-2 дахин их хортой утаа ялгаруулдаг аж.

Ялангуяа ашиглалтынх нь хугацаа дууссан нийтийн тээврийн автобусууд хамгийн их хортой утаа гаргадаг нь тогтоогдсон. Тиймээс 2010 оноос эхлэн Улаанбаатарын нийтийн тээврийн автобусуудыг дизель түлшээр биш хийн түлшээр ажилладаг болгохоор эхний ажлууд хийгдэж эхэлсэн. Гэхдээ энэ ажил өнөөг хүртэл бодит биеллээ олоогүй хэвээр байна.

2011 онд автобусуудыг хийн түлшээр явуулдаг болгохын тулд улсын төсвөөс 3.8 тэрбум төгрөг зарцуулж байсан бол энэ 2018 онд дээрх ажилд 28.4 тэрбум төгрөг зарцуулахаар тооцоолжээ.

Мөн ашиглалтын хугацаа нь дууссан 46 автобусыг акталж, 60-аад шинэ автобус үйлчилгээнд гаргахаар төлөвлөж байгаа аж.

Тэгвэл зарцуулах мөнгөн дүнгээс харвал нэг автобусанд хэдэн төгрөг зарцуулах гэж байгаа нь тодорхой мэт. Өнгөрсөн оны 10 дугаар сард автобусанд үнэ өндөр шүүлтүүр суурилуулахаар ярьж тэр нь маш их эсэргүүцэл дагуулж байсан билээ.

Тэгэхэд нэг автобусанд утааны шүүлтүүр тавихад 45 сая төгрөг зарцуулах нь гэх албан бус мэдээлэл сошиал сүлжээгээр тарж багагүй хэл ам дагуулж байлаа. Нэг автобусны шүүлтүүр дунджаар 3-4 бага оврын автомашины үнэтэй дүйх нь олны анхаарлыг татах нь ойлгомжтой.

Энэ талаар Нийтийн тээврийн газрын холбогдох албан тушаалтнаас тодруулахад, “Нийслэлд нийтийн тээврийн үйлчилгээнд явж буй автобуснууд өндөр насжилттай учир утааны хэмжээ их байдаг.

Үүнд чиглэсэн дорвитой арга хэмжээг өнөөг хүртэл авч чадаагүй. Харин өнгөрсөн нэг жилийн хугацаанд автобус нэгтгэлийн нэг автобусанд утааны шүүлтүүр /дизель түлшний тортог бууруулах зориулалттай/ -ийг суурилуулж туршихад амжилттай болсон.

Уг төхөөрөмж нь автобуснаас ялгарч буй тортгийг 100 хувь хүртэл шүүдэг давуу талтай. Улмаар энэ жил 24 автобусанд Японы Жайкагийн буцалтгүй тусламжаар утааны шүүлтүүр суурилуулах болсон.

Шүүлтүүрийг суурилуулах, худалдан авах болон бусад нийт зардал ойролцоогоор 45 сая төгрөг болж байгаа” гэсэн нь тийн хэл ам дагуулсан билээ. Тэгвэл энэ удаа нэг автобусанд хэдэн төгрөг зарцуулж хийн түлшээр ажилладаг болгох вэ.

1000 орчим автобустай гэж тооцоход нэг автобусанд 28 сая төргөг гарч байна. Өмнөх шүүлтүүрээ бодоход дэвшил мэт. Гэхдээ л энэ ч гэсэн өндөр дүнтэй л аж.

И.Болд




Манай сайт таалагдаж байвал л LIKE дараарай


Сэтгэгдэлүүд


Анхааруулга! Уншигчдын бичсэн сэтгэгдэлд gereg.mn хариуцлага хүлээхгүй болно. Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй.

Сэтгэгдэл нэмэх