Татварын шинэ хуулиар оффшорын хууль бус ажиллагаатай тэмцэнэ

2018-03-05 09:57      ГэрэгМН
ГэрэгМН Нийтлэгч  

 Монголд үйлчилж буй татварын хуулиар Панам,Виржиний арал дахь оффшортой хэрхэн тэмцэх вэ гэж үү? Үүнийг уншаарай. 

Улс орнууд татварын хууль тогтоомждоо олон улстай хамтран ажиллах механизмуудыг сайтар суулгаж өгснөөр татвараас зайлсхийх, оффшорт компани байгуулах, мөнгө угаах зэрэгтэй хамтран тэмцэж байна.

 Монгол Улс өнгөрсөн онд Европын холбооны татварын зорилгоор хамтарч ажилладаггүй улс орнуудын хар жагсаалтад орж, олон улсад нэр хүндээ  сэвтүүлсэн. ЕХ уг хар жагсаалтыг гаргасан  нь Panama papers-ийн оффшор компанитай холбоотой 11,5 сая баримт дэлгэгдсэний дараа татвар төлөлтийн хяналтыг сайжруулахаар авсан арга хэмжээнүүдийнх нь нэг байв.

Монгол Улсыг татварын зорилгоор хамтарч ажилладаггүй гэсэн нь татварын мэдээлэл ил тод биш, олон улстай мэдээллээ солилцдоггүй гэсэн үг.

Мэдээж оффшорт улстөрчид болон бизнесмэнүүдийнх нь нэр холбогдоод байхад Монгол Улс олон улстай хамтран ажиллахгүй байгаад ЕХ санаа зовнисон ч биз.

Монголын Засгийн газар дээрх хар жагсаалтаас гарахын тулд татвараас зайлсхийхтэй тэмцэх олон улсын хамтын ажиллагааны  “Base erosion and Profit shifting” BEPS буюу Татварын суурийг багасгаж ашгийг зувчуулахаас сэргийлэх, “Global Forum of Transparency and Exchange of Information for Tax Purposes” буюу Татварын ил тод байдал, мэдээлэл солилцооны чиглэлээрх дэлхийн форум гэсэн хоёр байгууллагад элсч, дүрэм журамд нь нийцүүлсэн үйл ажиллагаа явуулах амлалт өгсөн.

 G20-ын улс орнууд 2012 онд санаачлан эхлүүлсэн BEPS-ийн хувьд Давхар татварын загвар гэрээ, Үнэ шилжилтийн үлгэрчилсэн дүрэм болон дотоодын хууль тогтоомжид зөвлөмж өгөх ажлуудыг хийж гүйцэтгэдэг байгууллага.

Монгол Улс  хар жагсаалтаас гарч, уг форумд элсэхдээ хил дамнасан үйл ажиллагааны чиглэлээр дотоодын хууль тогтоомжуудын уялдаа холбоог сайжруулах, олон улсын стандартад тавигддаг шаардлагыг сайжруулж, ил тод байдлыг нэмэгдүүлэх зэрэг амлалтыг өгчээ. Эдгээр амлалт, үүргээ биелүүлэх механизмуудаа татварын шинэ хуульдаа тусгаж өгнө гэсэн үг.

Өнөөдөр Худалдаа аж үйлдвэрийн танхимд  болж буй татварын хуулийн төслийн   хэлэлцүүлэгт бизнесмэнүүд Ерөнхий сайд У.Хүрэлсүх, Сангийн сайд Ч.Хүрэлбаатар нартай уулзаж, татварын хууль тогтоомжид тусгах саналаа өгч байгаа. Мэдээж дотоодын компаниуд дотооддоо үйлчлэх хууль тогтоомждоо илүү ач холбогдол өгөх нь ойлгомжтой.

Энэ удаагийн татварын хуулийн өөрчлөлт дотоодоос гадна гадаад хамтын ажиллагаанд ач холбогдол өгч буйгаараа онцлог. Ингэснээр татвараас зугатах, хууль бусаар олсон орлогоо нуух оффшор ажиллагаанд олон улстай хамтран хяналт тавих боломжтой болох юм.

Монгол улс хар жагсаалтаас гарахын тулд элсэн орсон дараагийн олон улсын форум бол Global Forum of Transparency and Exchange of Information for Tax Purposes” буюу Татварын ил тод байдал, мэдээлэл солилцооны чиглэлээрх дэлхийн Форум. Уг  форум  Монгол Улсыг 148 дахь гишүүнээрээ элсүүлж авсныг Сангийн сайд Ч.Хүрэлбаатар өнгөрсөн нэгдүгээр сарын эхээр мэдэгдэж байв.

Уг форумд элссэнээр манай улс  олон улсын стандартын дагуу  мэдээлэл солилцох хуулийн болон технологийн дэд бүтцийг бий болгох, олон улсын дүрэм журам боловсруулах процесст оролцох боломжтой болсон.  

Хамгийн гол нь эдгээр олон улсын хамтын ажиллагааны үр дүнд  хууль бусаар олсон орлогоо нуух, татвараас зайлсхийх таатай хөрс болсон оффшорыг хянах боломж тодорхой хэмжээгээр нээгдэж буй нь олзуурхууштай юм.

 

Г.Гэрэгэ  




Манай сайт таалагдаж байвал л LIKE дараарай


Сэтгэгдэлүүд


Анхааруулга! Уншигчдын бичсэн сэтгэгдэлд gereg.mn хариуцлага хүлээхгүй болно. Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй.
зочин

Офшор гэж орилоод хэдэн жил болж байгаа билээ дээ.Одоо хүртэл энийгээ хийж байхгүй яасан юм

2018-03-05 10:26    139.5.218.88

Сэтгэгдэл нэмэх