Эх орончдын өдрийн барилдаанд Б.Амарзаяа начин түрүүллээ

2018-03-02 10:08      ГэрэгМН

Өчигдөр тохиосон Эх орончдын өдрийн барилдаанд 6 арслан, 1 гарьд, 5 харцага магнайлан 240 бөх барилдлаа. Улсын аварга С.Мөнхбат, улсын арслан Х.Мөнхбаатар, улсын гарьд Б.Гончигдамба, улсын заан Б.Амгаланбаатар, улсын харцага Б.Одгэрэл, Н.Батзаяа, улсын начин Б.Бадамсүрэн, Г.Ганжад, а.х.а Ш.Мөнгөнбаатар тэргүүтэй бөхчүүд журмын дагуу урьдчилан бүртгүүлээгүй тул өчигдрийн барилдаанд барилдаж чадсангүй.

Хоёрын даваанд зүүн, барууны магнай арслангууд өвдөг шороодлоо. Арслан П.Бүрэнтөгс Сэлэнгэ аймгийн Цагааннуур сумын харьяат, Таван-Хан дэвжээний бөх, сумын заан Б.Орхонбаярт, арслан Н.Батсуурь Хөвсгөл аймгийн Шинэ-Идэр сумын харьяат, Хөвсгөлийн хүчтэн дэвжээний бөх, сумын заан Х.Бөхбаярт, арслан д.Ганхуяг Завхан аймгийн Шилүүстэй сумын харьяат, Даян дэвжээий бөх, сумын заан М.Батбаатарт, харцага Бадарч Булган аймгийн Гурванбулаг сумын харьяат, Булганхангай дэвжээний бөх, аймгийн начин Ц.Билэгжаргалд тус тус унасан юм.

Орхонбаяр, Бөхбаяр нар мөн нэгийн даваанд у.н Баатарцол, Ц.Чимэддорж нарыг өвдөг шороодуулсан бөгөөд гурвын даваанд Орхонбаяр Содномдорж арсланд амлуулан сайн барилдаад унана лээ. Харин Бөхбаярыг гурвын даваанд начин Д.Амарсайхан амалж хаялаа.

Т.Баасанхүү харцага гурвын давааны эхэнд а.х Энхбилэгт мушгиулаад унах нь бас л шуугиулсан барилдааны нэг байлаа. Хэнтийн а.х Д.Аззаяа өнөөдөр сайн барилдаж дөрвийн даваанд улсын наадмын түрүү бөх Содномдорж арсланг, тавын даваанд цагаан сарын түрүү бөх Бат-Өлзий харцагыг давж, аймгийн цолтнуудаас ганцаараа дунд шөвөгт шалгарсан амжилттай барилдлаа.

Уран барилдаант бөхийн шагналыг Булган аймгийн Орхон сумын харьяат, аймгийн заан Т.Түмэндэмбэрэлд олгов. Ийнхүү Эх орончдын өдөрт зориулсан нохой жилийн анхны барилдаанд Архангай аймгийн Чулуут сумын харьяат, Алдар спорт хороо, Бөхбилэгт дэвжээ, Бурхан буудай группийн бөх, улсын начин Б.Амарзаяа 8 даван түрүүлж, Хэнтий аймгийн Өмнөдэлгэр сумын харьяат, Хан-Хэнтий аварга дэвжээ, Алтай констракшны бөх, улсын арслан Э.Оюунболд үзүүрлэв.

Их шөвөгт Архангай аймгийн Эрдэнэбулган сумын харьяат, Алдар спорт хороо, Бөхбилэгт дэвжээ, Алтан Дорнод компаний бөх, улсын арслан Р.Пүрэвдагва, Сэлэнгэ аймгийн Мандал сумын харьяат, Алдар спорт хороо, Таван-Хан дэвжээний бөх, улсын начин Ч.Баянмөнх нар шалгарлаа.




Манай сайт таалагдаж байвал л LIKE дараарай


Сэтгэгдэлүүд


Анхааруулга! Уншигчдын бичсэн сэтгэгдэлд gereg.mn хариуцлага хүлээхгүй болно. Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй.

Сэтгэгдэл нэмэх