Хятадын шорон авлигачидаараа дүүрээд байхад Монголынх хоосон байна 

2018-02-23 10:59      ГэрэгМН

Монголчуудын үлэмж хэсэг хөрш Хятадаа үзэн яддаг.Нэг тэрбум гаруй хүн амтай, эдийн засгийн өсөлтөөр дэлхийд толгой цохиж яваа,  өөрчлөлт, шинэчлэлийн 40 жилийн ойгоо энэ онд бахархал дүүрэн тэмдэглэн  хятадууд монголчууд өөрсдийг нь хэчнээн муулаад ч  тоохгүй л дээ. Харин бид өөрсдөө хятадуудыг үзэн яддагаа “тоож” нэг үзмээр санагдаад болдоггүй. Учир нь Хятадад  авлигачдын шорон нь зайгүй, Монголд хоосон байна.

“South China morning post” сонины мэдээлснээр авлигач түшмэдийг хорьдог Хятадын Циньчин шорон зайгүй болжээ. Уг шорон дахь хоригдлын тоо хэт олширсноос энэ жилийн цагаан сараар хоригдлууд гэр бүлийнхэнтэйгээ зоог барих эрхээ хасуулсан байна.

Болж, муу хужаа авлигачид гэж үүнийг уншигч Та яг одоо бодож байна уу?

Хятадын дарга Си Зиньпиний зарласан авлигатай тэмцэх аян цаашид бүр эрчимтэй үргэлжлэхээр дахин шинэ шорон гаргах биз ээ. Албан ёсны мэдээгээр Хятад улс 2013 оноос хойш 1.35 сая гаруй түшмэл, намын зүтгэлтэндээ авлигын хэргээр ял оноожээ. Зарим монгол хүний хэлдгээр хужаа нар авлига аваад, шорондоо орж, цаазлуулж л байг, тиймээ. Харин монгол авлигачид татвар төлөгчдийн мөнгөнөөс хэдэн тэрбумаар хумсалсан ч албан тушаал дэвшсээр,ахин дахин хулгайлсаар байг уу?! Үнэндээ бол Хятадад авлигачдын шорон нь дүүрээд байхад Монголд хоригдох авлигач олдохгүй байгаад “хужааг үзэн ядагчид” маань эгдүүцэх ёстой баймаар.

БНХАУ-ын дарга Си Зиньпиний авлигын эсрэг тэмцлийг олон улсад сайшаадаг. Хэдийгээр Хятадад авлигатай хийх тэмцэл ийм хүчтэй ч  ''Транспаренси Интернэйшнл'' олон улсын байгууллагаас  гаргасан 2017 оны  авлигын индексээр тус улс 188 улсаас 77 дугаар байрт оржээ. Гэтэл 2015 онд 83-т орж байж. Зургаахан байр урагшилсан ч маш том ахиц дэвшил мөнөөс мөн.

Харин Монгол 2017 оны авлигын индексээр 103 дугаарт оров. 2016 онд манайх  87 дугаарт орж байсан ба нэг жилийн дотор даруй 15 байраар ухрав. 2015 оноос бүр 31 байраар ухраад байгааг   ''Транспаренси Интернэйшнл''  өчигдөр зарлалаа.

Монголын үе үеийн Засгийн газар авлигатай тэмцэнэ гэж аман дээрээ ярьдаг ч ачир дээрээ огт тэмцэхгүй байгаа юм чинь арга байж уу?

Авлигатай тэмцэх газар (АТГ) ажилладаг ч даргаар нь   улстөрчид өөрсдийн хүнээ тавих гэж тэмцэлддэг, АТГ нь авлигатай тэмцэж буй гэх ч том улстөрчдийн хэргийг хэрэгсдэггүй байхад юун авлигын эсрэг яриа байхав. Олон түмэн нь их л сайндаа бухимдана, үгээ хэлнэ, хэн ч сонсохгүй,сонслоо ч эрх мэдэлтнүүд нэг чихээрээ гаргачихдаг юм чинь яалтай билээ.

Сүүлдээ Монголд авлигатай тэмцэх тэмцэл нь улстөрчид ба намуудын биесээ “намнах” хэрэгсэл, улстөрийн шоу маягтай болсон.

Монгол Улс авлигын индексээр 2015 оноос 31 байраар ухарсан нь нэгдүгээрт, өмнөх жилүүдийн том авлигын хэргүүд огт шийдэгдээгүй, хоёрдугаарт, МАН-ын Засгийн газар авлигатай тэмцэх бодлогоо огт зарлаагүй, харин ч авлига, ашиг сонирхлын асуудал ил цагаандаа гарсны илэрхийлэл болов уу. Өнгөрсөн оны сүүлээр АТГ бүх төрийн байгууллагыг шалгасан ба олон ноцтой явдал илэрчээ. Гэхдээ дараа хэрвээ тэгсэн байвал уу? Гэсэн сануулга өгөөд өнгөрсөн сураг гарсан.

Өнгөрсөн дөрвөн жилд АН-ын засаглалын үед албан тушаалаа урвуулан ашигласан, авлига хээл хахуулын шинжтэй үйлдлүүд цагаандаа гарсан. Тухайлбал,УИХ-ын гишүүн, Эдийн засгийн сайд асан “Фортуна” хэмээх Н.Батбаяр, УИХ-ын гишүүн асан Н.Гарамгайбаатар нар авлига, албан тушаалын хэргээр шалгагдаж байгаа.

Ерөнхий сайд Н.Алтанхуягийг шалгаж байсан ч замхраад өнгөрсөн. Одоогийн Ерөнхийлөгч Х.Баттулга, Зам тээврийн сайд асан А.Гансүх нарын шинэ төмөр замын хэрэг бас л замхарсан.

Өнгөрсөн жилүүдэд хэрэг хийсэн өндөр албан тушаалтнуудаас ялаа аваад хоригдож байгаа нь ганцхан Эрүүл мэндийн сайд асан Г.Шийлэгдамба. Гэвч тэрбээр намын дарга Н.Энхбаярын эсрэг мэдэгдэл хийсэн учраас яллагдсан. Хэрвээ Н.Энхбаярыг бусдын адил өмгөөлөн хамгаалаад явж байсан бол одоо зүгээр байх байлаа. Монголд авлигатай хийж буй тэмцэл ийм л байна.

Уг нь МАН-ын мөрийн хөтөлбөрт авлига, шударга бус байдалтай тэмцэхээр заалт орсон ч Засгийн газрууд нь тодорхой бодлого гаргасангүй. Ерөнхий сайд У.Хүрэлсүх шударга бус байдалтай тэмцэнэ л гэснээс яг яаж хэрхэн тэмцэх бодлогоо зарлаагүй байна.

Үнэхээр бодитой, ойлгомжтой бодлого гаргаад авлигатай тэмцвэл  ард түмэн уухайлана дэмжихэд бэлэн байгаа билээ.

Гэвч Монголд авлига гаараад, олон улсын байгууллагын жагсаалтад хүртэл урагшаа л алхаад байхад мөнөөх авлигачдаас нь шоронд орох хүн олдохгүй байна.(Нийтлэлийн гарчигийг дахин нэг уншина уу)

 Хятадууд эрчимтэй хөгжлийн замаар замнасан  өөрчлөлт, шинэчлэлийн 40 жилийн ойгоо энэ жил тэмдэглэнэ. Монгол шударга, энэрэнгүй, хүмүүнлэг, ардчилсан нийгэм байгуулж эхлээд 28 дахь жилтэйгээ золгож байгаа билээ. Шударга, хүнлэг, ардчилсан нийгэм шүү дээ!!!

Т.Үлэмж

 




Манай сайт таалагдаж байвал л LIKE дараарай


Сэтгэгдэлүүд


Анхааруулга! Уншигчдын бичсэн сэтгэгдэлд gereg.mn хариуцлага хүлээхгүй болно. Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй.
Zochin

Avligachid turuus zailaagui tsagt avliga buurahgui

2018-02-23 14:05    66.181.161.111

Сэтгэгдэл нэмэх