Ижий, аавынхаа ачийг дурсан санах  энх мэндийн Цагаан сарын баяр  

2018-02-15 13:11      ГэрэгМН



Гэрэл зургийг "Гэгээрлийн суурь" пэйжээс...

"Монголд Лхам бурхан байдаг уу" гэж жаахан охин минь асуув. Байшинд амьдардаг хотын хүүхэд миний багад тогтоож авсан Лхам бурхны тухай хаанаас  мэдэв? гэтэл Ё.Амгалан багшийн цагаан сарын тухай гаргасан "Шувуун цагаан" номоос мэдэж авчээ. Монгол гэрийн тотгон дээр гурван мөс (цас) тавиад "Лхам бурхан ирж ундаалдаг" юм гэж хэлдэг аавын минь дүр ханат цагаан гэрийнхээ үүдэнд тодхон. 
Аав, ээж минь цагаан сарын баярт онцгой бэлддэг сэн.

Манай нутаг Завхан аймгийн Шилүүстэй сумынхан цагаан сараар  жижиг жижиг баншийг жигнүүрт  жигнэж зочдоо дайлна. Зочдын хөл хаврын тэргүүн сар дуусч, дунд сар өнгөртөл үл тасрах тул ирсэн гийчдийг дайлах гэж шуудайгаар банш хийдэг байв.

Өвлийн шөнийн уртад айл саахалтаас хүмүүс ирж үүр цайтал банш хийхэд гурил элдэх хүндхэн ажил багачууд бидэнд ногдоно. 
Гэр хотоо цэвэрлэх, идээ ундаагаа бэлтгэхдээ залхуурч, хойргошиж болохгүй, эвтэй найртай чин сэтгэлээсээ цагаан сарынхаа бэлтгэлийг хангах ёстой гэж аав, ээж ахмадууд сургана.Одоо бодоход цагаан сарын баяр бэлтгэл хангахаас эхлээд тэр чигтээ хүмүүжил, төлөвшил, өв уламжлалаа сурах их хичээл байжээ. Өдгөө би  үр хүүхдүүддээ багадаа сурснаа өвлүүлж, зааж сургаж явна. 
Битүүний үдэш радиогоор бөхийн барилдаан сонсонгоо ширээн дээр байх, бурханд тавих, хүүхэд багачуудад хувь хишиг хүртээх гурван таваг засна. Цагаалга, будаалгаа хийж, баншаа жигнэх зуураа "Битүүнд битүүртэл иддэг юм шүү дээ" гэж багачууд биднийг шахна.
 

Бид олуулаа  "дундуур дүүрэн" л өссөн болхоор цагаан сарын баяр жинхэнэ "цаг цагт нэг цаддаг,цагаан сараар нэг цаддаг" сайхан баяр байв. 

Манайх цагаан сараар дөрвөлжин хэвээр хавсай хийдэг айл байсан. Хавсайны өнгө үзэмжээс  тавгийн идээний өнгө үзэмж шууд хамаарах учир ихэд хичээн, эвтэй тэгш болсноор нь тавгаа засна. Жаргалаар эхлээд жаргалаар төгсдөг 3,5,7,9 үеэр тавгаа засахын утга учир нь амьдралын суурь нь жаргалтай байвал үргэлжлэл  бас жаргалтай байна гэсэн бэлгэдэл юм уу. 
Шинийн 1-ний өглөө эрчүүд дэлийг нь засч "гоёсон" морьдоо унан уул овоонд мөрөө гаргаж, ээж хангай дэлхийдээ сүү,цайны дээжээ өргөсний дараа золгож, амар мэндээ мэднэ. Ганган шарга морьтой, хүрэн үйтэн хуаран дээл, 16 угалзтай цоохор монгол гуталтай, бүснээсээ хэт хутга зүүсэн аавын минь дүр сэтгэлд мөнх уягджээ. 
Аав, ах, дүү нар -манай гэрийн эрчүүд цагаан сарын хамгийн сайхан эрчүүд. Харин  сайхан ээж минь  хүрэн торгон дээлтэйгээ сүү,цайны дээжээ өргөөд зогсох нь цагаан сарын их амар амгалан байжээ. 
Шинийн нэгний өглөө тэр чигээрээ амар амгалан, цаг агаар хүртэл аядуу намдуу болсон байдаг сан.

Ахмадууд, аав, ээж минь хадгаа дэлгэн,залуус, хүүхдүүд тэдэндээ золгон үнсүүлэх нь юутай ч зүйрлэшгүй сайхан  ерөөл учрал байж. 

"Монгол хүн хааны ордондоо ч хийдэг, харцын гэртээ ч хийдэг, тал нутагтаа ч хийдэг гайхамшигт сайхан баяр бол цагаан сар" гэж Монгол Улсын Соёлын гавьяат зүтгэлтэн,Гандантэгчинлэн хийдийн Хансүр,Гавж,Докторант Ё.Амгалан багш минь цагаан сард зориулан гаргасан "Шувуун цагаан" комик номынхоо тухай ярихдаа өгүүлсэн. Тал нутгийн цайлган  сайхан сэтгэлт аав, ээж минь бусдын адил цагаан сарын баярынхаа ёс төр бүхнийг чин сэтгэлээсээ гүйцээж, үр хойч бидэндээ үлгэрлэж, зааж сургаж үлдээсэн нь Монголын  их өв юм. 

Монголчууд бидний амьдралд,  яс,цусанд шингэсэн бусад улсаас ялгарах өв уламжлал эцэг, эхээр минь дамжин үрийн үрд, үеийн үед өвлөгддөг.

Золгосныхоо дараа аав минь  хувь  хишиг өгөхөөр тусгайлан бэлдсэн тавагтай идээнээс  хүүхэд бүрт нэжгээд хавсай, хайлмаг, чихэр, ёотон тэргүүтнийг тараана. Хувь хишгийн чихрийн амтыг  өнөөдөр зүйрлэх амттан үгүй. 
"Цагаан сараас хойш дараагийн цагаан сар хүртэл 365 хоногт монголчууд хоорондоо золгодог.Ийм сайхан амар мэндийн баяр гэж Ё.Амгалан багш минь хэлсэн сэн. 
Мөн "Цагаан сар бол сайн, муу юмны тасалгаа болдог, том засал болдог баяр. Тиймээс идээ будаагаа сайхан дэлгээд, цагаан сараа сайхан хий. Цагаан сарын баяр бол гадаад ертөнц, дотоод ертөнц буюу шим ертөнц хоёрын сайхан цогц юм. Гадаад орны од, мичид, наран, сарангийн үйлчлэл, дотоод шим ертөнцийн үйлчлэл хоёрын эв зохицлын улирал ирж байна" гэж багш өгүүлсэн билээ. 
Тиймээ, эв зохицлын их баяр, энх мэндийн баяр, ижий, ааваа дурсан санаж, эгнэшгүй их ачийг нь хариулах их хүсэл эрмэлзлийн баяр.

Цагаан сар аав, ээжийг минь хэзээ хэзээнээс их бодогдуулдаг даа.  

Бурхны номын сургаальд  эхийн ачийг цаг үргэлж бодож байхыг сургадаг.Эцэг, эхийн ачлалыг санана гэдэг  зөв сэтгэлтэй, зөв амьдрахын л уг сурвалж ажээ. 
 

Түмэнбаатарын Бүдээхүү 

 




Манай сайт таалагдаж байвал л LIKE дараарай


Сэтгэгдэлүүд


Анхааруулга! Уншигчдын бичсэн сэтгэгдэлд gereg.mn хариуцлага хүлээхгүй болно. Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй.
Oyun

Дүү минь сайхан дурсамж бичсэн байна.Эгч нь дутуугий нь гүйцээе. Битүүний үдэш аав ижий минь бурхандаа сунаж мөргөсний дараа хүүхэд биднийг 7 удаа заавал мөргөх ёстой гэж мөргүүлдэг байж билээ.Бас хувь хишгээ тараахдаа үнхэлцэг зүрх , өвчүү хос зэргийг бүх хүүхдүүддээ хүртээдэг байсан юмдаг.Одоо бодоход өвлийн идэшээр гаргасан бог малынхаа өвчүү тэргүүтнийг хадгалж цагаан сараар хувь болгон өгдөг байжээ. Миний багад боов чихэр бараа товар ховор байсан цагт аав ах минь тэмээ морьдоо хөлөглөн айлчин гийчин хийхээр мордож хонож өнжин айл хэсч ирнэ.Хавсай боов ааруул зэргийг богцондоо хийж ганзаглан, сонинд боосон бэлэг сэлтээ өвөртөө хиж түнтийлгэсээр гэрээ ирэхэд бид тэр бэлгийг задлахыг ямар их яарна гээч

2018-02-17 15:51    103.10.23.166
zochin

https://dnn.mn/%D0%B8%D0%B4%D1%8D%D1%80%D0%B8%D0%B9%D0%BD-%D0%B3%D0%BE%D0%BB%D0%B4-%D0%BC%D1%8D%D0%BD%D0%B4%D1%8D%D0%BB%D1%81%D1%8D%D0%BD-%D1%87%D0%B8%D0%BD-%D0%B1%D0%B8%D1%88%D1%80%D1%8D%D0%BB%D1%82-%D0%B3%D0%B0%D0%B2%D0%B6-%D0%BD-%D1%8D%D1%80%D0%B4%D1%8D%D0%BD%D1%8D%D0%BF%D1%8D%D0%BB/

2018-02-17 12:17    139.5.217.53
Нараа

Бурханы оронд одоод олон жил болсон ээж ааваа ургэлж боддог. Цагаан сараар илуу их санадаг .Хуухэд насны сайхан дурсамжууд .....

2018-02-17 07:38    27.123.214.108
Nomin

Geree sanatal bichijee. Tusdaa garaad sar shine hj bgan gertee hiiseer bgad bur daschij. Bushuuhan shiniin 4boloosoi eej aawdaa ochihson

2018-02-16 09:03    122.201.22.197
Зочин

Сайхан бичжээ. Энэ баяраар л нээрээ аав, ээжэа аймаар их санадаг даа

2018-02-15 13:44    139.5.216.69

Сэтгэгдэл нэмэх