Д.Чойжамц:Хүн өөрөө сайн сайхан байж чадвал муу муухай зүйл арилдаг  

2018-02-14 09:03      ГэрэгМН

 

 

 Монголын бурхан шашинтны төв Гандантэгчинлэн хийдийн Тэргүүн хамба, гавж Д.Чойжамц өчигдөр ирэх жилийн өнгийн талаар айлдвар айлдлаа.  
 Гандантэгчэнлин хийдийн Тэргүүн их хамба лам, гавж Д.Чойжамц "XVII жарны Тийн унжлагат хэмээх шороон нохой жил гарч байна. Монголын ард түмэн, сүсэгтэн олон та бүхэндээ гарч буй шороон нохой жилийн мэндийг дэвшүүлье.
Өнгөрөгч жил Монгол орны амьдрал дээшилсэн, засаг төр цэгцэрсэн, хөгжил дэвшлийн замд орсон сайхан үе байлаа.
1990 оноос хойш Монгол оронд ихээхэн өөрчлөлт гарсан, Улаанбаатар хотод өндөр барилгууд сүндэрлэж, хөгжил дэвшил их гарч байгаа нь сайшаалтай.
Лам, хамба хүний хувьд улс орныхоо амьдралыг сонирхож байхад хүмүүсийн яриа, харьцаа, үзэл бодолд өөрчлөлт гарлаа.

Бүтээн байгуулалт их хөгжиж, шинээр үйлдвэр завод баригдаж, эдийн засаг өсөн дэвшиж байна. Өр ширээ төлсөн сайхан жил болж өнгөрлөө.


Бид хязгааргүй их зах зээлийн дунд оршиж байна. Засаг төр маань улстөрийн бодлогоо явуулахдаа ойрын хэдэн жилээс эхлэн их өөрчлөгджээ. Бодлого, төлөвлөгөөгөө дор бүр нь өөрчилж, ард түмний үгээ сонсдог болж байна. Намуудын харьцаанд нэгнээ шахдаг, хянадаг байдал үүслээ. Шашин ч мөн сүүлийн жилүүдэд сэргэж байна. Энэ нь жинхэнэ ардчилал бий болж байгаагийн шинж юм.
Цагаан сар бол эрт үед шашин төрийн баяр байсан. Сүүлийн үед нийтээрээ тэмдэглэдэг болсон. 

Цагаан сар бол нэг талаараа эв нэгдлийн баяр юм. Ахмадаа хүндэтгэж, үр хүүхдээ асарч, найз нөхөд, хамаатан садантайгаа уулздаг сайхан үе. Мөн  зан заншлын баяр юм. 

Шинэ жилийн баяр битүүнд эхэлдэг. Хуучин оны төгсгөлийг дүгнэж, зочид урьж, хуучин онд маргалдсан хүн байвал хөөрөг зөрүүлж  цагаадаж, хуучин ондоо эвлэрч, муу муухайгаа хаядаг бэлгэдэлтэй. 
Шинийн нэгэнд идээ будаагаа засаж, ахмадаа хүндэтгэн золгож, бэлгэ дэмбэрэлийн үг хэлдэг. Хэрэв айлд бэлгэ дэмбэрэлгүй, муу үг хэлж орвол айлд хэзээ ч зочин болдоггүй, дахин цагаан сараар тухайн хүнийг урьдаггүй байсан.
Мөн цагаан сараар хадаг бол эрхэм чухал. Одоогийнх шиг гадаа хөдөө хаяж, модноос дүүжилдэг эд биш байсан. Хадгийг маш их нандигнадаг байсан. Хадаг тогтвол буян тогтдог гэсэн яриа байдаг. Хадгаараа дэлгүүрээс юм худалдаж авдаг, хог сав шиг хаядаггүй, хүндэтгэлийн зүйл байсан. 1990 оноос хойш эд мэдэхгүй хүмүүс хаа хамаагүй хаядаг болсон. 

Монголчууд цагаан сарыг бие, хэл, сэтгэл гурвын эв нэгдэл, буян чуулганыг хураадаг, нүгэлийг тэвчдэг баяр болгон тэмдэглэж ирсэн.
Энэ жилийн нигуурыг үзвээс нохой жил сайхан жил болох төлөвтэй байна. Зарим улиралд бага зэрэг ган гачигтай харагдсан. Ахмад үеийнхэн ажил хөдөлмөр, биедээ болгоомжтой хандах шаардлагатай. Малчид малдаа хянуур хандах хэрэгтэй. Мал бусдын эрхэнд орж мэдэхээр зурхайд буусан.
Хүн өөрөө сайн сайхан байж чадвал муу муухай зүйл арилдаг. Нүглийг тэвчиж, сайхан ажиллаж хөдөлмөрлөвөл бүх зүйл сайхан болно" гэв. Мөн Монголын ард түмэндээ  эвтэй найртай, урт настай, удаан жаргалтай, харшлах шалтгаанаас ангид, эд зүйлээр элбэг дэлбэг, үр хүүхэд өнөр өтгөн, хамгийн сайн сайхан байхын өлзийтэй ерөөлийг өргөн дэвшүүллээ. 

Г.Саруул




Манай сайт таалагдаж байвал л LIKE дараарай


Сэтгэгдэлүүд


Анхааруулга! Уншигчдын бичсэн сэтгэгдэлд gereg.mn хариуцлага хүлээхгүй болно. Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй.
nuudel

ENGIIN UG BAIDAG AMID BAIGAADAA BAYRLAJ YAV ILUU UDUU YUMAND BUU SHUNA ONOOGIIN NIIGEM MONGONII NIIGEM BOLJ ZUGAA TSENGELIIN TOLOO HUN ALHAAS BUTSAHGUI NAMIIG SHUTDEG KOMUNIZMIIN UL MOR BAIGAA

2018-02-15 02:32    66.181.183.250

Сэтгэгдэл нэмэх