"Эрдэнэт"-ийн 49 ба 51 хувьтай холбоотой бүх асуудал, нэр холбогдсон бүх хүмүүсийг өргөн хүрээгээр шалгах цаг болжээ

2018-02-12 11:05      ГэрэгМН

 

Монголын ганц "Саалийн үнээ" Эрдэнэтийн 49 ба 51 хувиудын асуудал шуугиан дэгдээсээр л байна.

                                          51 хувь тойрсон асуудлууд

Сүүлийн үед доорх асуудлууд хөндөгдөж байгаа юм.

1. Монголын "саалийн үнээ"-г Английн "Стандарт" банкны Өмнөд Африк дахь салбарт "Жаст"-ын гэгддэг асан Ш.Батхүү 51 хувийг хэдий хэмжээний мөнгөний барьцаанд хэрхэн тавив, ямар зориулалтаар авч ашиглав,

2. Барьцаанд тавихдаа ашигласан баталгаанд гарын үсэг нь үлдсэн гурван хүн үнэхээр гарын үсгээ зурсан эсэх,

3. Уг зээл ямар дансаар орж гарав,

4. Энэ бүхэн Монгол улсын хууль тогтоомжид нийцэж байгаа эсэх

5. Уг асуудалд хэн хариуцлага хүлээх ёстой вэ,

6. "Стандарт" банкны салбарт төлбөр төлөхөөр болсон юм бол хэн төлөх зэрэг олон асуудлууд бий.

Эрдэнэт тойрсон асуудлаарх сүүлийн үеийн мэдэгдлүүд

Тэгвэл уг асуудлаар ойрын хугацаанд улстөрийн хүрээнийхэн болоод Эрдэнэт үйлдвэрийн одоогийн Ерөнхий захирал Х.Бадамсүрэн нар дараах мэдэгдлүүдийг хийгээд байна.

Энэ асуудлаар УИХ-ын гишүүн, АН-ын дарга С.Эрдэнэ Ерөнхий сайд У.Хүрэлсүхэд асуулга тавьсан.

Тэгвэл МАН-ын УИХ дахь гишүүн Т.Аюурсайхан, Х.Нямбаатар, Л.Оюун-Эрдэнэ, Ж.Энхбаяр, Л.Энхболд нар ч дээрх асуудлуудыг ил болгож, зохих арга хэмжээ авах зорилгоор зохион байгуулалтад орж байгаагаа зарлаад байна.

Мөн УИХ-ын гишүүн ХЗДХ-ийн сайд Ц.Нямдорж, С.Зоригийн хэрэг болон Эрдэнэтийн 49, 51 хувийн асуудлаас болж өөрийг нь оролдож байгаа бүлэглэлийг нэрлэлээ.

Тэдгээр нь Ерөнхийлөгч асан Ц.Элбэгдоржийн болон ТЕГ-ын дарга асан Б.Хурц баг, ХХБ-тай хамтарч байгаа гэж мэдэгдсэн. Мөн тэрбээр намайг энэ бүлэглэл зайлуулаад дараа нь Ж.Батзанданг оролдож эхэлнэ хэмээв.

Хууль зүйн сайдын уг мэдэгдэлд УИХ дахь АН-ын бүлгийн гишүүн Ж.Батзандан итгэж байгаагаа илэрхийллээ. Ж.Батзандан бас энэхүү бүлэглэлд С.Баярыг багтдаг хэмээсэн.

Тэгвэл Монгол улсын Ерөнхийлөгч Х.Баттулга өнгөрсөн баасан гарагт Орхон аймгийн иргэдтэй уулзахдаа "Эрдэнэт" үйлдвэрийн 51 хувьтай холбоотой асуудлаар байр сууриа илэрхийллээ.

Тэрбээр "Би Үйлдвэр, хөдөө аж ахуйн сайдаар ажиллаж байхдаа "Эрдэнэт" үйлдвэрийн Гүйцэтгэх захирлаар ажиллаж байсан Ц.Даваацэрэнгээс энэ асуудлыг тодруулж байсан. Хэрвээ хуурамч гарын үсэг зурж зээл авсан бол хуурамч гарын үсэг зурсантай холбоотойгоор асуудал шийдэгдэнэ гэж бодож байсан.

Харамсалтай нь, сая “Стандарт” банкны талд Арбитрын шүүхийн шийдвэр гарлаа. Тэгэхээр гарын үсэг хуурамч биш юм байна. Хуйвалдсан асуудал байна гэдэг нь шүүхээр тогтоогдож байна гэсэн үг боллоо" гэжээ.

Тэр мөн "Анх “Стандарт” банктай “Жаст” групп 2009 оны долдугаар сарын 8-нд, 2010 оны наймдугаар сарын 5-нд гэрээ байгуулж зээл авсан байна. Би холбогдох байгууллагуудаас нь бичгээр тайлбар авч байгаа. Удахгүй энэ талаар Засгийн газар болон бусад байгууллагад хандана.

Иргэдийн бодоод байгаа шиг юу, юугүй 51 хувийг нь хураагаад авахгүй байх. Хэлэлцээрээр шийдэгдэх байх. Би сонгуулийн үеэр Эрдэнэт хотод ирээд, “Эрдэнэт” үйлдвэрт ажиллаж байсан, энэ үйлдвэрийн бүтээн байгуулалтад гар бие оролцож байсан үе, үеийн Эрдэнэтчүүд энэ үйлдвэрийн 10 хувийг авах эрхтэй гэж хэлж байсан. Энэ талаарх саналаа ярьж, хэлж байгаа” хэмээжээ.

Харин "Эрдэнэт" үйлдвэрийн одоогийн ерөнхий захирал Х.Бадамсүрэн энэ хүрээнд байр сууриа илэрхийллээ. Тэр “Манай “Эрдэнэт” үйлдвэр 40 жил ажиллаж байна. Энэ хугацаанд улс орныхоо эдийн засагт, ард иргэдийнхээ амьдрал ахуйд ямар хэмжээний нэмэр болсныг та бүхэн мэдэж байгаа байх.

Одоо ашиглаж байгаа үйлдвэрийн техник, тоног төхөөрөмжийн 50-70 хувийг нь солих шаардлагатай. Гэсэн ч үйл ажиллагаа хэвийн явж байгаа. Би энэ үйлдвэрийн гүйцэтгэх захирал.

Энэ утгаараа үйлдвэрийг хэвийн, жигд, үр ашигтай ажиллуулах л үүрэгтэй. Өөрөөр хэлбэл, хувьцаа эзэмшигчдийн асуудал тусдаа юм шүү. 51 хувь нь төрийнх. 49 хувь нь улсынх. Өнөөдөр үүнээс болоод үйлдвэрийн үйл ажиллагаа доголдсон зүйл байхгүй, хэвийн ажиллаж байгаа.

51 болон 49 хувийн асуудлыг хувьцаа эзэмшигчдийн болон Засгийн газрын түвшинд шийдэх байх. Одоо ажиллаж байгаа 6000 гаруй хүнийг 51, 49 гэж хуваах аргагүй” гэв.

49, 51 хувьтай холбоотойгоор хуулийн дагуу шалгаж үнэн мөнийг нь тогтоох ёстой хүмүүс

Байдал нэгэнт иймд хүрсэн учир энэхүү 49 болоод 51 хувийн хэрэгтэй холбоотой гэгдэж ирсэн төрийн өндөр алба хашиж байсан хүмүүсийг хууль хяналтын байгууллагынхан хуулийн дагуу өргөн цар хүрээнд шалгаж, үнэн мөнийг нь ард түмэнд дуулгах цаг нэгэнт болжээ.

Шалгагдах ёстой хүмүүст Ерөнхийлөгч асан Ц.Элбэгдорж, Ерөнхий сайд асан С.Баяр, Ч.Сайханбилэг, 51 хувийг барьцаанд тавихад мутрын үсгээ үлдээсэн гэгдсэн "Эрдэнэт"ийн тухайн үеийн захирал Ч.Ганзориг, ТӨХ-ны дарга асан ҮХЦ-ийн гишүүн Д.Сугар, УБТЗ-ын дарга асан Т.Очирхүү нар орно.

Цаашлаад ТЕГ-ын дарга асан Б.Хурц, ХХБ-ны эзэд гээд холбоотой хүмүүсийн нэр дуулдсаар. Нэр дурдсан болон дурдагдаагүй хүмүүсийг шалгаж байж л Эрдэнэтийн 49, 51 хувьтай холбоотой асуудлуудад цэг тавигдах нь тодорхой байна. Тиймээс л хууль хяналтынхан өргөн хэмжээнд шалгаач гээд байгаа хэрэг юм.

Г.Самбаа




Манай сайт таалагдаж байвал л LIKE дараарай


Сэтгэгдэлүүд


Анхааруулга! Уншигчдын бичсэн сэтгэгдэлд gereg.mn хариуцлага хүлээхгүй болно. Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй.

Сэтгэгдэл нэмэх