Ертөнцийг захирч асан эртний түүхт 10 хот

2018-01-30 11:54      ГэрэгМН

Газар зүйн байршил, эрин үеийнхээ түүхэн эргэлт, хувьсал өөрчлөлтийн нөлөөгөөр олон талаар ертөнцийн төв болсон, нэгэн үе бүс нутгийнхаа төдийгүй дэлхий дахины урлаг соёл, эдийн засгийн хөгжил, улс төрийн хүчний цөм байсан их хотуудаас 10-ыг нь онцолж байна.

Венец 
МЭ IV зуунд Европ тив бүхэлдээ үймж бужигнахтай хамт Баруун Ромын эзэнт гүрэн задарч бутарсан билээ. Энэхүү самууны үеэр герман овог аймгууд болон дайнч хүннүчүүдийн халдлагад өртсөн Италийн зүүн хойд нутгийн ард иргэд дайжин дүрвэх газаргүйдээ Адриатын тэнгисийн эрэг дэх намгархаг газарт очиж суурьшсан нь хэдий аюул осолгүй ч байнга оршин суухад тохиромжгүй газар байлаа.

Гэвч арлын амьдрал хожмын Венец хотынхонд ихэд нийцэж, тэднийг бат бөх модон суурь бүхий гоёмсог орд харш, зам, гүүр, хөлөг онгоц барих эрдэмд нэн гарамгай уран барилгачид төдийгүй тэнгисийн далайчин, худалдаачид болгожээ.

 Венец төд удалгүй Венецийн бүгд найрамдах улс болж XIII-XVII зуунд Газар дундын тэнгисийн худалдааны зангилаа цэгээр тогтохгүй Баруун Европын хамгийн чинээлэг хот, мөн Флоренц хотын хамт Сэргэн мандалтын төв болсон түүхтэй.

Палембанг 
Суматра аралд байх энэ хот Венецийн адил худалдааны ашигтай бүсэд орших байрлалынхаа ачаар хөгжин цэцэглэжээ. Африк, Хятад, Ойрх Дорнод, Энэтхэг, Зүүн өмнөд Азийг холбосон худалдааны зангилаа цэг болох Палембангийг цагтаа тэнгисийн Торгоны зам гэж хүртэл нэрийдэж байв.

Европ маягийн худалдаа арилжааны тогтолцоотой харьцуулахад худалдаачид өөрсдөө үнээ тогтоон, харьцангуй амар тайван орчинд арилжаа эрхэлж байсан нь тэнгисийн Торгоны замын гол онцлог байлаа. МЭ VII-XIII зуунд оршин тогтносон, одоогийн Индонезийн арлууд болон Малайн хойгийг эзэгнэж асан Шривижаяагийн эзэнт гүрэн Малаккын хоолой буюу чухам Палембанг хотыг эрхэндээ оруулсныхаа ачаар сүр хүчийг олжээ.

Тус хот уг эзэнт гүрний нийслэл байсан агаад түүхийнхээ эхэн үед Энэтхэгийн урлаг соёл, шашин шүтлэгийн нөлөөнд автсан ч хожуу үедээ исламын шашинт худалдаачдын нөлөөгөөр ихэд исламжсан байна. Палембанг Шривижаяагийн эзэнт гүрнийг мөхөхөд хятад худалдаачдын мэдэлд шилжиж, XVI зууны дунд үед Палембангийн султант улсын нийслэл болон дахин хөгжжээ.

 Өдгөө дэлхийн бүх исламын шашинтнуудын 62 хувь нь Зүүн Өмнөд Азид аж төрдөгийн гол шалтгааны нэг нь Энэтхэгийн далайн худалдаа, түүний дотор энэхүү түүхт хотыг түшиглэсэн бүс нутгийн хөгжил дэвшил билээ.

Эридү 
Эртний шумерчүүдийн Бурхдын өлгий хэмээн дээдэлж асан уг хотыг ертөнцийн түүхэн дэх хүний гараар бүтсэн хамгийн анхны хот гэж домоглосон нь бий. Үүнийг баттай үгүйг мэдэх аргагүй ч Эридү тун эртний хот болох нь маргаангүй юм. Нийтийн тооллын өмнөх 5400-гаад оны үед өнөөгийн зүүн өмнөд Иракийн нутаг, түүхт Евфрат мөрний эрэг дээр байгуулагдсан энэ хотоос эдүгээ салхи, бороонд элэгдсэн эвдэрхий туурь балгас, элсэн дов толгод л үлджээ.

 Хөгжил цэцэглэлтийнхээ оргил үед Газрын диваажин гэгдэж байсан энэ хоттой холбогдох анхны бичгийн сурвалж МЭӨ 2300-гаад оны үед хамаарна.

Тэрхүү сурвалжид дурдсанаар хотын төвд байсан Амаар-Синий зиггурат буюу шаттай суваргыг зарим эрдэмтэн Вавилоны жинхэнэ цамхаг байсан гэж үздэг.

Эртний түүхч Бероссус домогт Вавилон хотыг дүрслэхдээ угтаа Эридүгийн тухай бичсэн гэж таамагладаг хүмүүс ч бий. Чухам энэ шалтгаанаар Эридүг Месопотамын, цаашлаад өрнө дахины анхны их хот хэмээн тооцох бүрэн үндэстэй юм. Харин Бурхдын өлгий МЭӨ 600-гаад оны үед эдүгээ тодорхой бус шалтгаанаар гэнэт эзгүйрч, орхигджээ.

Фив 
Эртний Египетийн соёл иргэншил орчин цагийнханд олон хосгүй өв үлдээсний нэг нь Фив хот, түүний түүх дурсгал билээ.

Египет түмэн нийгэм болоод эдийн засгийн хөгжлийн аль алинд түүчээлэгч байж засаг төр, шашин шүтлэгийн хувьд ихээхэн хувьсан өөрчлөгдсөн нь бий ч оюун санаа, соёл урлагийн төв нь хэзээд Фив байж иржээ.

Үхэгсэд болоод үлдэгсдийн хэн хэнд нь зориулсан хөшөө баримал, Нарны бурхан Амунд босгосон жавхлан төгс сүм хийд гээд олон гайхамшгийн өлгий болох уг хот эртний Египетийн эзэнт гүрний нийслэл байв.

Илүү тодруулбал Египетийн Дундад хаант улсын үед буюу МЭӨ 2040-1750 онд, Шинэ гүрний үед буюу МЭӨ 1550-1070 онд тус тус улсын нийслэл байжээ. Фивийн туурь дунд Луксорын болон Карнакийн хийд, Хаадын болон Хатдын өлгий зэрэг түүхэн дурсгалт газрууд багтах тул эртний хотын үлдэгдлийг 1979 онд ЮНЕСКО-гийн Дэлхийн өвд бүртгэсэн байна.

Их Зимбабве 
Африк тив хүн төрөлхтний өлгий нутаг атал бид энэ тивийн үүх түүхийн тун багахан хэсгийг мэдэх билээ. Европчууд хилийн чанадад шинэ газар орон эзэмшихээр өрсөлдөж эхлэх үед буюу ердөө XIX зууны эхээр л олон нийт Зүүн Африкийн эргээс 550-иад км-ийн зайд орших, өнөөгийн Зимбабве улсын нутаг дахь аварга том чулуун байгууламжуудыг илрүүлсэн байна.

Энэхүү хосгүй олдворыг нээн илрүүлсэн археологичид эртний чулуун хотыг барьж байгуулсан хүмүүсээр нутгийн уугуул иргэдээс бусад бараг бүх хүнийг, түүний дотор исламын шашинт арабууд, перс, энэтхэг, бүр хятадуудыг хүртэл тодруулаад байлаа.

Колоничлолын үеийн арьсны үзэлтнүүд африкчуудыг ийм аугаа зүйл бүтээх чадвартай гэж огт бодохгүй байв.

Харин орчин цагийн хэдэн арван судалгаа Их Зимбабве хэмээгдэх эртний чулуун хотыг нутгийн шона хүмүүс босгосон болохыг нотолжээ. Нийтийн тооллын 1100-гаад оны үед байгуулагдсан, 400 гаруй жил Шонагийн хаант улсын нийслэл байсан Их Зимбабвегээс одоогийн Зимбабве улс нэрээ авчээ. Зимбабве гэх үг шона хэлээр “чулуун байшингууд” гэсэн утгатай юм.

Шинэ үеийн археологичид энэхүү эртний хотын тууриас исламын шашинт орнуудын зоосон мөнгө, энэтхэг халуун ногоо, хятад шаазан болон модон эдлэл, бүр алтны уурхайн ул мөр хүртэл илрүүлсэн байна. Мөн Африкийн төв болон хойд хагас дахь соёл иргэншилт ард түмэнтэй худалдаа наймаа хийж байсныг нь гэрчлэх өч төчнөөн баримт олсон гэх.

 Харин хөгжлийнхөө оргил үед 25 мянга гаруй оршин суугчтай байсан их чулуун хот эдүгээ тодорхойгүй шалтгаанаар мөхөж сүйджээ. Их Зимбабве хотын туурь өдгөө Африк тивийн олон гайхамшигт нууцын илрэл болон дүнхийж байна.

Хаттуса 
Өнөөгийн Анатолийн хойгийг эзэлж байсан Хеттийн эзэнт гүрэн Хомерийн “Иллиад”, “Одиссей” бичигдэх үед сүр хүчийнхээ оргилд хүрээд байлаа. Харин алдар суу нь зүг бүрт дуурссан Трой хотыг Грекийн хаан Агамемнон эзлэх үед нийслэл Хаттуса нь хэдийн дэлхийн их хот болоод байв.

Нийтийн тооллын өмнөх 2400-гаад оноос нутгийн хатти хүмүүсийн амьдран суусан уг хот өмнөх тооллын 1700-гаад онд Хеттийн эзэнт гүрний нийслэл болжээ.

Хөрш зэргэлдээ ассири, египетчүүдийн эзэлж суухыг олонтаа санаархсан Хаттуса хот МЭӨ 1274 онд Кадешийн хэмээгдэх түүхэн тулааны талбар болсон агаад эцсийн ялагч тодроогүй энэхүү тулалдааны дараа Хеттийн эзэнт гүрний хаан II Муваттали, Египетийн фараон II Рамсей нар зөрчил тэмцлээ эеэр шийдэхийн тулд энхийн гэрээ байгуулж, шавар хавтан дээр мөнхөлсөн нь эдүгэээ Нью-Йорк хот дахь НҮБ-ын төв байрны үзвэрийн танхимд хадгалагдаж байна.

Эртний Грекийн соёл иргэншлийн үнэт нэгэн шигтгээ, өрнө дорныг холбосон худалдаа, оюун санааны зангилаа цэгийн нэг Хаттусаг МЭӨ XII зуунд фригичүүд эзэлж, галдан шатаажээ. Олон зуун жил балгас нуранги байсан хотын үлдэгдлийг МЭ VII-IX зуунд сэргээн, амь оруулах гэж оролдсон ч эртний түүхт хот хеттичүүдийн үеийнх шигээ сүр жавхланг олоогүй байна.

Чан Чан 
Уг хот одоогийн Перугийн нутагт оршиж байсан Чимүгийн хаант улсын нийслэл бөгөөд Кристофер Колумбын нээлтээс өмнөх Америкийн эх газрын хамгийн том хот, Америкийн уугуул иргэдийн мөнгө олборлодог гол газар, мөнгөн эдлэлийн төв нь байжээ.

Бараг бүхэлдээ тоосгон барилга байгууламжаас бүрдэж асан Чан Чан нийтийн тооллын 850-аад оны үед байгуулагдаж, инкчүүд Чимү гүрнийг эзлэн мөхөөх хүртэл буюу 1470 он хүртэл оршин тогтносон байна.

Чан Чаны оршиж асан бүс нутаг дэлхийн хамгийн таагүй уур амьсгалтай газрын нэгд тооцогдох хахир хатуу элсэн цөл байлаа. Гэвч хотын есөн хэсэг тус бүр өөрийн гэсэн сүм хийд, орд өргөө, цэцэрлэгт хүрээлэн, оршуулгын газар, цэвэр усны нөөцлүүр, зэвсгийн агуулах зэрэгтэй байжээ.

Чимүчүүд Инкийн их цэргээс хотоо хамгаалахын тулд дайн тулаанд бэлтгэж байсан ч хүлээж байсан гэнэтийн халдлага нь болсонгүй. Учир нь инкчүүд Чан Чаныг бага багаар эрхэндээ оруулж, нэг л мэдэхэд Чимүгийн хаант улсыг мөхөөжээ.

Удалгүй чимүчүүд Инкийн нийслэл Куско рүү нүүж, Чан Чан эзгүйрсэн байна. Олон жилийн дараа Испанийн эзлэн түрэмгийлэгчид уг хотын тууриас цэвэр мөнгөн хаалга олсон нь хожим хоёр сая ам.доллараар үнэлэгджээ.

Шиань 
Эртний Хятадын зургаан нийслэл хотын нэг Шиань бусад их хотоосоо хамгийн чухалд тооцогдож байсны гол шалтгаан нь Хан, Чинь зэрэг тэргүүлэх их гүрнүүдийн гол өлгий нутаг байсантай нь холбоотой.

Чинь гүрнийг үндэслэгч Цинь Ши Хуанди гэхэд уг хот дахь олон зуун цэргийн шавар хөшөө бүхий өдгөө тун алдартай “арми”-ийг байгуулсан байдаг. Эртний Хятадын нийгэм маш хаалттай байлаа.

Энэ нь тус улсыг хөгжил цэцэглэлтэд хүргэсэн ч хожим уруудал доройтлынх нь нэг шалтгаан болсон билээ. Гэлээ ч дэлхийн бусад хэсэгт дайн дажин, үймээн самуун ноёрхож байхад Хятад гүрэнд л гүн ухаан, шинжлэхүйн эрдэм, техник технологи хөгжсөн цаг үе бас бий.

Харин өрнө, дорныг холбосон Торгоны зам, түүнийг дагах жинчдийн цуваа Шианиас эхэлдэг байв.

Мөнхүү цуваа олон шинэ санаа, дорнын шилдэг бүтээлүүдийг өрнөдөд анхлан аваачсаны дотор цаас, дарь, луужин, цаасан мөнгө зэрэг багтана. Шиань МЭ VIII зуунд дэлхийн түүхэн дэх хамгийн анхны хоёр сая оршин суугчтай хот болсон түүхтэй.

Паталипутра
Аугаа Александр хааны эзэнт гүрэн эрх сүрийнхээ оргилд хүрч, газар нутаг нь өнөөгийн Грекээс Энэтхэг хүртэл тэлэхэд Энэтхэгийн нэгэн хунтайж түүн шиг харийн эзлэн түрэмгийлэгчдийг нутгаасаа гаргаж, газар орноо хамгаалахыг зорьсон нь Чандрагупта нэрт удирдагч байлаа.

Тэрбээр Александрын байлдан дагуулал, түүнээс үүдсэн үймээн бужигнааныг далимдуулан нутгийнхаа бага овог аймгуудыг дарахыг нь дарж, нэгтгэхийг нь нэгтгэсээр өнөөгийн Энэтхэг, Пакистан, зүүн Афганистаны нутгийг эзлэн хурааж, грекчүүдийг газар орноосоо хөөн МЭӨ 326 онд Маурын эзэнт гүрнийг байгуулжээ.

Харин энэхүү шинэ гүрний нийслэл нь Паталипутра байв. Тухайн цагийн грек аялагч, бүр хятад мэргэдийн тэмдэглэн үлдээснээр уг хот гойд тансаг, баян чинээлэг, гэмт хэрэг гээч зүйл огт гардаггүй газар байсан агаад бүх шашин номын улс эвтэй найртай холилдон суудаг, эмч домчийн газар нь хүн бүрт нээлттэй, урьд хожид дуулдаагүй амьтны эмнэлэг хүртэл байх ер бусын хот байжээ.

Хотын модон байгууламжуудыг МЭӨ 273-232 онд төр барьсан эзэн хаан Ашокагийн үед бүгдийг нь шинэчилж шавар, чулуугаар сэргээн барьсан байна.

Нэгэн үе Өмнөд Азийн оюун санаа, ведийн соёлын төв байсан гэх Паталипутраг эдүгээ хотын түүх судлаачид хүч нөлөө, хөгжил дэвшлээрээ Ром, Шианиас дутахааргүй байсан гэж үздэг. Чухам энэ хотын үсрэнгүй хөгжил өрнийн олон улсыг анх Энэтхэг рүү татсан гэж үзэх түүхчид ч бий.

Хархорум
Дээрх хотуудаас хавьгүй “залуу”, эдүгээ ул мөргүй шахам болсон энэ их хот ертөнцийн түүхэн дэх хуурай газрын хамгийн том эзэнт гүрний нийслэл байсны хувьд энэхүү жагсаалтыг тэргүүлж байна.

Азийн аугаа түүхт ард түмнүүдийн дотроос өөр аль ч газрын, аль ч цаг үеийн эзэнт гүрнүүдтэй харьцуулахааргүй их улсыг байгуулсан нь нүүдэлчин монголчууд билээ.

Чингис хааны удирдлага дор аугаа их эзэнт гүрнийг байгуулсан монголчууд их гүрнийхээ нийслэл Хархорумын шавыг Орхон голын хөндийд энэ тооллын 1220 онд тавьсан гэх ч уг хот сүндэрлэж асан газарт бүр Уйгур улсын үеэс хот суурин байсан гэх баримт бий.

Чингис хааны хөвгүүн Өгөдэй хааны үед буюу 1230-аад онд Хархорум улам бүр цэцэглэн хөгжиж, ердийн гэр бүхий суурингаас хааны орд өргөө, олон шашны сүм дуган, гар урчуудын сууцтай их хотын дүрийг олсон байна.

Хэдий 10-аадхан мянган оршин суугчтай авч Хархорум хот нэгэн үе дэлхий дахины улс төр, урлаг соёл, эдийн засаг, худалдааны төв байсныг нь бөө мөргөлийн газраас гадна Күнзийн хүрээлэн, буддын дуган, исламын хийд, христийн сүм бүгд зэрэгцэн оршиж байсан баримт, мөн алдарт Мөнгөн модтой холбоотой түүхэн сурвалжууд баталдаг.

Хятад дахь Юань гүрнийг үндэслэгч, Чингис хааны ач хүү Хубилай хааны үед эзэнт гүрний нийслэлийг Ханбалиг буюу одоогийн Бээжин хот руу шилжүүлснээр Хархорумын хүч нөлөө суларчээ. Хотыг Хятадын Мин гүрний их цэрэг 1380 онд сүйтгэсэн байна.

Г.Лхагвадулам  (http://aniryortonts.blogspot.de)




Манай сайт таалагдаж байвал л LIKE дараарай


Сэтгэгдэлүүд


Анхааруулга! Уншигчдын бичсэн сэтгэгдэлд gereg.mn хариуцлага хүлээхгүй болно. Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй.
lord

MOLOR ERDENE NUUTS TOVCHOOND HARHORUM GARDAGGUI GEJ YARAAD SUULIIN UEIIN NUUTS TOVCHOOD HARHORUMIIG ALBAAR HASAAD BAIH SHIG

2018-01-31 02:23    103.212.118.221

Сэтгэгдэл нэмэх