Нэрт зохиолч О.Дашбалбарын нэрэмжит наадамд яруу найрагч О.Цэнд-Аюуш тэргүүлжээ

2018-01-27 13:36      ГэрэгМН

Монгол Улсын төрийн соёрхолт, Соёлын гавьяат зүтгэлтэн, нэрт зохиолч, яруу найрагч З.Дорж, О.Дашбалбар нарын нэрэмжит наадмын тэргүүн байр буюу 10 сая төгрөгийн шагналыг Монголын зохиолчдын эвлэлийн шагналт, яруу найрагч О.Цэнд-Аюуш хүртжээ.

Эх оронч, нэрт яруу найрагчдын алдрыг мөнхлөх, залуу хойч үедээ эх оронч үзлийг түгээн дэлгэрүүлэхээр зорилгоор яруу найрагч, зохиолчдын дунд хамгийн өндөр шагнал болох 10 сая төгрөгийн шагналын сантай наадам энэ сарын 26-нд “Corporate hotel and Convention center”-д болж өндөрлөлөө.

Наадмын нэгдүгээр шатны шалгаруулалт 200 гаруй яруу найрагчдын дунд болж, шилдэг 21 яруу найрагчийн бүтээлийг хоёрдугаар шатанд шалгаруулжээ.

Хоёрдугаар шатанд эдгээр яруу найрагчид эх орон, эх орончдын тухай шүлгээр өрсөлдөж, шилдэг 10 бүтээлийг шүүгчдийн бүрэлдэхүүн шалгаруулж, түүнээсээ дахин шилдэг гурван бүтээлийг шалгаруулсан байна.

Шилдгээр шалгарсан найрагчид:

• 10 сая төгрөгийн шагнал- Оюунцэцэгийн Цэнд-Аюуш /Монголын зохиолчдын эвлэлийн шагналт яруу найрагч/

• Таван сая төгрөгийн шагнал-Хаянхярваагийн Алагаа /Монголын зохиолчдын эвлэлийн гишүүн/

• Таван сая төгрөгт ном хэвлүүлэх эрх-Аюурбуньяагийн Лхагва / Монголын зохиолчдын эвлэлийн шагналт/ нар шагналын эзэд болж, шагналаа гардан авчээ.

Тэргүүн байрын шүлэг:

ОНГОН ШАР ТАЛ

Онгон шар тал руу

Ононы салхи үлээхэд

Олон адуу сүүлнээсээ эхэлж

Орчлонгийн зах руу хийснэ

Баригдаж үзээгүй эмнэг морьд хүртэл

Баримал шиг гуниглан зогсоод

Эрдэнийн толгой гудайлган

Эртний хүмүүсийг хүлээнэ

Зөөлөн салхитай онгон шар талд

Зөөсөн хөлөө зөв гишгэх

Хар дэлтэй тогорууд харсаар байтал

Хайрын тухай бичмээр цэнхэр бэх болж

Харанхуйтай тэнгэрийг булаацалдан

Халиад ниссэнээ эргэж ирэн

Зүг чигээ алдмаар их талын дунд бууж

Зүрхээрээ өндгөө хучна

Ононы салхи сэвэлзэх

Онгон шар талд

Алсын алсыг ширтэх тэмээд

Асгарч эхлэнэ

Усан будаг урсах шиг

Улаан ноос нь хийсч

Тосон будаг шиг нүднээс нь

Торго шиг нулимс бөмбөрөн

Бөглүү талын тэмээдийг салхи

Бөхнөөс нь эхэлж зорно

Онгон шар талд төрсөн хүн

Ододтой ойрхон өсч, орчлонгоос хол амьдарна

Хуур үүрсэн балчир хүү

Худам бичиг шиг харагдан

Алтан Дарь Овооныхоо наагуур

Аргусан хуурч шиг өнгөрнө

Сэвлэг нь хийсэх хүүг

Сэтэртэй Ононы салхи

Сэтгэлээс нь эхэлж сийлнэ

Монголын их шар талд




Манай сайт таалагдаж байвал л LIKE дараарай


Сэтгэгдэлүүд


Анхааруулга! Уншигчдын бичсэн сэтгэгдэлд gereg.mn хариуцлага хүлээхгүй болно. Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй.

Сэтгэгдэл нэмэх