Татвар нэмэх шийдвэрийг энэ сард багтаан цуцлахыг шаардав

2018-01-12 14:15      ГэрэгМН

Тэтгэвэрт гарах насыг 65 хүртэл үе шаттайгаар нэмэх, 1.5 сая болон түүнээс дээш цалинтай иргэдийн Хувь хүний орлогын албан татвар (ХХОАТ)-ыг 15-25 хувь болгохыг эсэрцгүүцэж МҮЭХ-ноос Сүхбаатарын талбайд 12.00-14.00 цагт эсэргүүцлийн жагсаал зохион байгууллаа.

Жагсаалд МҮЭХ-ны уул уурхай, барилга, эрүүл мэнд, боловсролын зэрэг 22 салбар хорооны гишүүд оролцож байна. Энэхүү жагсаалыг дэмжиж буйгаа илэрхийлж Олон Улсын Үйлдвэрчний Эвлэлийн холбоо (ОУҮЭХ)-ны Ази Номхон Далайн байгууллагаас илгээлт ирүүлсэн байна.

Эдийн засаг хүндрэлтэй байгаа үед татвар нэмэх замаар иргэдийн нуруун дээрх ачааг улам бүр хүндрүүлэх нь буруу тул Монгол Улсын Засгийн газар энэхүү шийдвэрээ эргэн харах шаардлагатай гэдгийг тус илгээтэд дурьдсан байна.

Мөн уг жагсаалыг үр дүнд хүрч, иргэдийн эрх ашгийг хамгаалахад томоохон түлхэц үзүүлнэ гэдэгт итгэж байгаагаа дурьджээ. МҮЭХ-ны Ерөнхий нарийн бичгийн дарга Г.Адъяа, “Бид 2017 оноос эхлэн Засгийн газрын буруу шийдвэрийг эсэргүүцэж ирсэн. Тухайлбал, өнгөрсөн онд УИХ, Засгийн газарт тус бүр зургаан удаа мэдэгдэл, шаардлага хүргүүлсэн. Гэвч шийдвэр гаргагчид тодорхой алхам хийхгүй байгаа учраас бид өнөөдөр жагсаал зохион байгуулж байна.

Энэ сард багтаан дээрх шийдвэрүүдээ цуцлахгүй бол ажил хаялт зарлах болно. Ажил хаялт зарласан тохиолдолд эдийн засаг улам бүр хүндрэх эрсдэлтэй гэдгийг Засгийн газарт сануулж байна” гэлээ.

Тэтгэврийн насыг нэмснээр хортой нөхцөлд ажилладаг иргэд насаараа төлсөн Нийгмийн даатгалын үр шимээ хүртэж чадахгүйд хүрч байгааг оролцогчид шүүмжилж байлаа.

“Багануур” компанийн машинист Г.Отгонпүрэв, Хүнд, хортой нөхцөлд ажилладаг уурхайчид 55 настайдаа тэтгэвэрт гардаг. Ингээд хамгийн ихдээ 2 жил тэтгэвэр аваад л “бурхан” болж байна. Одоо тэтгэврийн насыг нэмэх юм бол Нийгмийн даатгалын сангаас нэг ч уурхайчин тэтгэвэр авч чадахгүй.

Тиймээс төр засгийн шийдвэрийг эсэргүүцэж байна. Бидний шаардлагыг хүлээж авахгүй бол ажил хаяхаас эхлээд тэмцлийн хурц хэлбэрт шилжих болно” гэв. Мөн энэхүү жагсаалыг 21 аймгийн төвд мөн зохион байгуулж байгаа юм.




Манай сайт таалагдаж байвал л LIKE дараарай


Сэтгэгдэлүүд


Анхааруулга! Уншигчдын бичсэн сэтгэгдэлд gereg.mn хариуцлага хүлээхгүй болно. Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй.

Сэтгэгдэл нэмэх