Хятадын ченж компани Винсвэй тэргүүтэн хил хааж даврав

2018-01-09 16:54      ГэрэгМН

Монгол улсын өмнөд хил дэх Гашуунсухайт боомтын 100 гаруй км урт түгжрэлийг оны өмнөхөн салбарын яам, төр засгаас цэгцэлж, ямар ч байсан өгөгдсөн квотын дагуу эмх замбараатай нэвтрэх боломжийг бий болгоод байв. 

Монголын компаниуд 500 машины квотын дагуу эмх цэгцтэй нэвтэрч байлаа. Замбараагүй олгосон С зөвшөөрлөөр хэн дуртай нь нүүрсний тээвэр эрхэлдэг байсныг цэгцэлж, татвар хураамж, нийгмийн даатгалаа хуулийн дагуу төлдөг, албан ёсны компаниудыг үлдээгээд байв.

Энэ нь төрийн өмчит "Эрдэнэс Тавантолгой"-оос түүхий нүүрс хямдаар авч, замбараагүй олон тээврийн компаниудаар дамжуулан ашиг олдог байсан Винсвэй мэтийн ченж компаниудад ашиггүй туссан нь ойлгомжтой.

Тиймээс ч өчигдөр 14.30 минутын орчмоос эхлэн Винсвэй тэргүүтэй Хятадын ченж компаниуд Ганцмодны боомт дээр "бослого" гаргаж, хил хаажээ.

Ойролцоогоор 50 орчим машиныг Ганцмодноос Гашуунсухайт руу нэвтрэх замын зорчих хэсэгт эмх замбараагүй байрлуулж, зам хааж эсэргүүцэл илэрхийлснээр Хятадын талаас экспортын тээврийн хэрэгслүүд Монгол руу нэвтрэх боломжгүй болж, нүүрс экспортын үйл ажиллагаа бүрэн саатсан.

Тэд нүүрс тээвэрлэх С зөвшөөрлийг машин бүрт олгох, уртын урт тээврийг дахин эхлүүлэх гэх мэт шаардлага тавьжээ. Хятадын талын боомтын удирдлагууд эдгээр ченж компаниудад хандан “Шаардлагыг чинь Баяннуур аймгийн удирдлагад мэдэгдье, тэр болтол энэ байдлаа зогсоо” гэж шаардсан хэдий ч тэд хариуг үл тоон “Шаардлагын хариу иртэл бид эсэргүүцнэ” гэжээ.

Винсвэй нь манай төрийн өмчит Эрдэнэс Тавантолгойн хямд түүхий нүүрснээс баяжсан гол ченж компани гэдэг. "Эрдэнэс Тавантолгой" компани 2017 оны шилдэг харилцагчаараа хүртэл Винсвэйг тодруулж дэмжжээ.

Гэтэл Монгол ба Хятадын талын хил, гаалийн удирдлагуудаас ч “том”, эрх дархтай болсноо ийнхүү харуулж байгаа нь Монголын төр, засгийн шийдвэрийг уландаа гишгэж байгаа хэрэг боллоо.




Манай сайт таалагдаж байвал л LIKE дараарай


Сэтгэгдэлүүд


Анхааруулга! Уншигчдын бичсэн сэтгэгдэлд gereg.mn хариуцлага хүлээхгүй болно. Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй.

Сэтгэгдэл нэмэх