Байгальд ээлтэй технологи ирээдүйг өөрчилнө

2017-12-12 14:05      ГэрэгМН

Технологийн дэвшил хүн төрөлхтний ирээдүйг байтугай одоог аль хэдийнэ өөрчлөөд эхэлсэн. Эдгээр гайхалтай өөрчлөлтүүдийн нэг нь байгальд ямар нэгэн хал балгүй, харин ч бүр хэрэгтэй, ашигтай технологиуд нэвтэрч буй явдал юм. Нэгэн жишээ. Арабын нэгдсэн Эмират улсын Абу Даби хот ойрын 5-10 жилийн дотор нүүрстөрөгч огт ялгаруулдаггүй дэлхийн анхны хот болох зорилт тавьсан  мэдээг CNN нийтэлсэн.  Тус хот  хотынхон  агаар бохирдуулдаг хатуу түлш ашиглахаас татгалзаж, нар, салхины сэргээгдэх эрчим хүчээр  гэрэл цахилгаанаа хангах ба зөвхөн ийм технологи нэвтрүүлэхэд 15-30 тэрбум ам. доллар зарцуулжээ.

 АНЭУ-ын  Масдар хотын дээгүүр нарны эрчим хүч цуглуулдаг том шүхрэн хавтангууд “бүрхэж”, өдөртөө нарнаас эрчим хүчээ авчихаад шөнөдөө хотоо гэрэлтүүлж, дулаацуулна.  Өвөрмөц  архитектур, огт машингvй хэрнээ гудамжуудын дээгvvр сүлжилдэх нисгэгчгvй агаарын такси, эрчим хүчний сонирхолтой систем гээд ирээдvйн Масдар  хот харь гариг дээр ирсэн мэт сэтгэгдэл төрvvлэх ажээ.  Энэ бол технологийн дэвшил юм.  10 мегаваттын нарны заводын ачаар Масдар хотын байгалийн нөөцөөс хэрэглэх  эрчим хүч, усны хэрэглээ нь Абу-Дабигаас  54 хувиар буурах аж.

Мөн  барилгын хог хаягдлын 96 хувийг боловсруулж, түүгээрээ зам тавих төсөл боловсруулжээ. АНЭУ-ын хотууд шиг ногоон технологиор өвч “зэвсэглэсэн” хотууд дэлхийн хаа сайгүй сүндэрлэж байна. Ингэж байгальд ээлтэй технологид хөрөнгө оруулж буй нь дэлхий нийтийн тогтвортой хөгжлийн зорилтыг биелүүлэхэд асар том хувь нэмэр оруулж буй хэрэг. Израйль улс усны хомсдолтой байгаад ус экспортлогч улс болсон нь технологийн л ач. Тус улс бохир усныхаа 70 хувийг дахин ашиглаж, далайн усыг давсгүйжүүлж, бүр экспортод гаргаж байна.  Герман бохир уснаас эрчим хүч,биогаз гаргаж авдаг технологиороо алдартай.

Япон гэхэд хатуу хог хаягдлыг дахин боловсуулж түлш хийн цахилгаан станцаа галладаг. Их Британид хог хаягдлыг шатаан тэндээсээ эрчим хүч үйлдвэрлэдэг жишээ бий.Энэ мэтчилэн ногоон технологи, инновацийн чиглэлээр ямар бүс нутаг, улс орон тэргүүлж буй талаарх судалгааг “Next10” ашгийн бус ТББ-аас эрхлэн гаргадаг Ногоон инновацийн индекс тайланд гаргадаг байна. 2015 оны уг тайлангаас үзвэл цэвэр технологийн патентын тоогоор АНУ тэргүүлж,Европын холбоо,Япон, Өмнөд Солонгос удаалжээ. 

Монгол Улсын хувьд дэлхийн бусад улс орны  нэгэн адил цэвэр, байгальд ээлтэй технологийг дэмждэг. Үүний  тод жишээ нь  Засгийн газрын 2017 оны 290 дүгээр тогтоолоор Байгаль орчинд ээлтэй дэвшилтэт арга, технологи нэвтрүүлсэн иргэн, аж ахуйн нэгж, байгууллагыг урамшуулах журмыг батлан хэрэгжүүлж эхэлсэн явдал.   

Уг журмаар  байгаль орчинд ээлтэй дэвшилтэт арга, технологи нэвтрүүлсэн иргэн, аж ахуйн нэгж, байгууллагад “ногоон гэрчилгээ” олгох,  бүтээгдэхүүн, үйлчилгээнд “Эко тэмдэг” олгохоор зааж өгсөн бөгөөд олон улсын жишгээр Монгол Улс ийм механизмтай болсон нь энэ.  Байгалийн нөөцийг хэмнэлттэй, үр ашигтай, зохистой ашиглах, агаар, орчны бохирдол, хүлэмжийн хийг бууруулах, эрчим хүч хэмнэхэд чиглэсэн технологийн дэвшлийг дэмжсэнээр Араб, Израйль, Япон, Солонгос шиг болдоггүй юмаа гэхэд иргэн, аж ахуйн нэгжүүдийг урамшуулах хөшүүрэг эхэлсэн нь сайшаалтай юм.

Иргэн, аж ахуйн нэгж дээрх  гэрчилгээ, тэмдгийг авсан тохиолдолд байгаль орчинд ээлтэй дэвшилтэт арга, технологийг хэвлэл мэдээллийн хэрэгслээр сурталчлах, дотоодын болон олон улсын үзэсгэлэнд оролцуулах,  байгаль орчны үндэсний болон олон улсын шагналд нэр дэвшүүлэх, ногоон зээлийн сангийн болон дотоод, гадаадын бусад хөнгөлөлттэй зээл, хөрөнгө оруулалтад хамруулах зэрэг дэмжлэг, урамшуулалд хамрагдах боломжтой болно.

Мөн төрийн болон орон нутгийн өмчийн хөрөнгөөр бараа, ажил, үйлчилгээ худалдан авах ажиллагаанд хуульд заасны дагуу давуу эрхтэй оролцох эрх үүснэ.   Олон улсын ижил төстэй дэвшилтэт технологи бүхий байгууллагуудтай хамтран ажиллахад зуучлах,  үндэсний стандарт боловсруулах болон олон улсын стандартыг үндэсний стандарт болгоход мэргэжил, арга зүйн туслалцаа үзүүлэх,  байгалийн нөөцийг хэмнэлттэй ашиглах, орчны бохирдол, хаягдлыг багасгах, байгальд халгүй техник, тоног төхөөрөмжийн жагсаалтад хамруулах зэргээр төрөөс дэмжиж ажилладаг давуу талууд үүснэ.

Сүүлийн хэдэн жилд Улаанбаатарт  агаарын бохирдлыг бууруулах байгаль орчинд ээлтэй дэвшилтэт технологи бүхий цахилгаан болон хийн халаагуур, гэр болон байшингийн дулаалга, сэргээгдэх эрчим хүч, сайжруулсан болон био түлш, агаар цэвэршүүлэгч зэрэг бүтээгдэхүүний үзэсгэлэн худалдаа болдог уламжлал тогтсон. Агаарын бохирдлыг бууруулахтай холбоотойгоор 41 нэр төрлийн бүтээгдэхүүнийг гааль болон НӨАТ-аас чөлөөлсөн Засгийн газрын тогтоол батлагдан хэрэгжиж байгаа тул бүтээгдэхүүнээ 10-15 хувиар хямд борлуулах боломжтой болсон  тухай үзэсгэлэнд оролцогчид хэлдэг.  

Эдгээр дэвшилтэт технологиудаас жишээ татвал,   “Цэвэр түлш” ХХК ХБНГУ-ын дэвшилтэт техник, технологиор амьтан, ургамлын гаралтай өөх тосыг боловсруулан биодизелийн түлш үйлдвэрлэдэг   бөгөөд    биодизель түлш нь байгальд хаягдахад  агаар, хөрсөнд  4-5 дахин хурдан задардгаара онцлогтой аж.

“Ирвэс интертрейд” ХХК  нь хөрсний үржил шимийг биологийн аргаар тогтвортой нөхөн сэргээх ЭМ технологийн бүтээгдэхүүнийг Монголд нутагшуулан үйлдвэрлэдэг бөгөөд  хөрсний үржил шимийг сайжруулах, хөрсийг нөхөн сэргээх,ургацын хэмжээг нэмэгдүүлэх, амт чанарыг сайжруулах, хадгалах хугацааг уртасгах зэрэгт хэрэглэдэг гэх мэтээр дэвшилтэт технологиуд Монголд нэвтэрч байна.

МҮХАҮТ-аас жил бүр тухайн оныхоо шилдэг Entrepreneur  аж ахуйн нэгж байгууллагуудыг шалгаруулдаг. Түүн дундаа “Greenpreneur”  номинацуудад  байгальд ээлтэй ногоон технологи нэвтрүүлэгч , сэргээгдэх эрчим хүч үйлдвэрлэгч , байгалийн нөхөн сэргээгч, тогтвортой үйлдвэрлэлийн менежмент нэвтрүүлэгч , экологийн цэвэр бүтээгдэхүүн үйлдвэрлэгч  зэрэг шалгуураар шалгаруулдаг.

Тухайн улс орны төр, засаг нь байгальд ээлтэй технологийг дэмжсэнээр байгалийн бохирдлын асуудлаа шийдэхээс гадна экспортод гаргах бараа бүтээгдэхүүний өрсөлдөх чадварыг сайжруулдаг гэж үздэг.

Монгол Улсын Засгийн газар, Швейцарийн хөгжлийн агентлагаас хамтран хэрэгжүүлж буй Тогтвортой хөгжлийн боловсрол төсөл

 




Манай сайт таалагдаж байвал л LIKE дараарай