Ой тогтоолтын дэлхийн аваргаас Монголын баг 90 медалийн 57-г нь авчээ

2017-12-04 09:27      ГэрэгМН

Энэ сарын 1-нээс 3-ны хооронд Индонези улсын нийслэл Жакарта хотод Ой тогтоолтын дэлхийн аварга шалгаруулах оюуны спортын тэмцээн зохиогдлоо.Тус тэмцээнд өндөр чансаатай 21 орны 130 гаруй тамирчин харааны болон сонсголыг сорьсон ой тогтоолтын 10 төрлөөр бага, өсвөр, насанд хүрэгчдийн ангилалд гурван  өдрийн турш оюуны өрсөлдөөнөөр өрсөлджээ.  Манай улсыг төлөөлж Монголын оюун ухааны академийн 20 тамирчин багш, дасгалжуулагчийн хамт амжилттай оролцож 21 алт, 21 мөнгө, 15 хүрэл медаль буюу тэмцээний нийт 90 медалиас 57 медалийг нь хүртэн багийн дүнгээр 22531 оноо цуглуулан үнэмлэхүй ялалт байгуулсан байна.

Мөн насанд хүрэгчдийн ангилалд "Олон багц хөзөр" төрөлд олон улсын  их мастер Н.Мөнхшүр, "Нэр-зүс царай" болон “Зураг” төрөлд олон улсын  В.Янжаа, өсвөр насанд "Түүхэн үйл явдал", "Хурдны хөзөр", “Хоёртын тоолол” болон “Олон багц хөзөр” төрлүүдэд олон улсын  мастер Э.Лхагвадулам нар дэлхийн долоон  дээд амжилтыг шинэчлэн тогтоосон байна.   Олон улсын их мастерын болзлыг Б.Намуун, С.Марал, Н.Намуундарь Д.Сайханбилэг Б.Ариунбилэг, М.Уянга нар хангаж цол хүртсэн бол Н.Мөнхшүр, Н.Энхшүр, В.Янжаа нар Олон улсын  их мастерын зэргээ ахиуллаа.

Тус тэмцээний нийлбэр дүнгээр АНУ-ын тамирчин, Дэлхийн чансааны нэг номер , олон улсын  их мастер, Америкийн тамирчин Alex Mullen 9055 оноогоор Дэлхийн аварга болж дэд байранд Олон улсын их мастер  Н.Мөнхшүр 7880 оноо, гутгаар байранд Олон улсын их мастер  В.Янжаа 7425 оноогоор тус тус шалгарлаа.

Өсвөр насанд нийлбэр дүнгээр   Олон улсын их мастер  Э.Лхагвадулам 6959 оноогоор тэргүүлсэн бол дэд байранд   Олон улсын их мастер  М.Уянга 5552 оноо, гутгаар байранд  Олон улсын их мастер  Б.Намуун 5302 оноогоор удаах байруудыг эзэллээ.

Бага насанд нийлбэр  Олон улсын их мастер  Б.Ариунбилэг 4176 оноогоор Дэлхийн аварга болсон бол дэд байранд Ш.Наранбат 3846 оноо, гутгаар байранд Т.Үжин 3327 оноогоор удаах байруудыг эзэллээ.

Мөн  Олон улсын их мастер  , Өсвөрийн Дэлхийн аварга, Азийн аварга Н.Мөнхшүр "Азийн хамгийн шилдэг тамирчин - 2017" цомын эзэн боллоо.

Ингээд бид Америк, Швед, Хятад, Турк, Филиппин, Энэтхэг, Тайван, Малайз, Англи, Сингапур, Солонгос, Индонези гэх мэт олон арван улсад оюуны спортын 45 дахь тэмцээндээ амжилттай оролцож олон улсаас нийт 742 медаль хүртэн дэлхийн дээд амжилтуудыг шинэчлэн тогтоосоор байна.

Г.Саруул

 




Манай сайт таалагдаж байвал л LIKE дараарай


Сэтгэгдэлүүд


Анхааруулга! Уншигчдын бичсэн сэтгэгдэлд gereg.mn хариуцлага хүлээхгүй болно. Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй.

Сэтгэгдэл нэмэх

 

Шинэ мэдээ

Цаг үе

Үүл буудаж, цас оруулжээ

2018-04-19 15:08