Ногоон худалдан авалтыг төр өөрөөсөө эхлүүлдэг

2017-11-30 10:47      ГэрэгМН

Өөрчлөлтийн жимээр

 

Энгийн жишээ.  Улаанбаатарын  гудамжаар хөлхөх “Приус” маркийн автомашиныг монголчууд  үнэ  хямд,  шатахуун бага зарцуулдаг, утаа ялгаруулдаггүй учраас сонгож унах нь элбэг.  Монголд үйлдвэрлээгүйг эс тооцвол энэ бол ногоон худалдан авалтын нэг төрөлд тооцогдоно.

Том оврын, шатахуун их зарцуулдаг автомашиныг ялангуяа хот дотор унахыг татгалзах уриалга байгалийн нөөцийн хэмнэлтийн сануулгатай  зэрэгцэн гарч ирдэг нь санамсаргүй хэрэг биш юм.  Бусад ижил төстэй бүтээгдэхүүнтэй харьцуулахад байгалийн нөөцийг бүрэн дүүрэн ашигласан, хэмнэсэн, байгаль орчны бохирдол багатай бүтээгдэхүүнийг сонгон худалдан авахыг ногоон худалдан авалт гэдэг. Эрчим хүчний хэмнэлттэй, байгаль орчинд хор хөнөөл багатай гэсэн тэмдэглэгээ, шошгыг харж худалдан авах бүтээгдэхүүнээ сонгох нь мөн дээрх ойлголтод хамаатай. 

Монгол Улсын Ногоон хөгжлийн бодлогын 3.6-д “Ногоон худалдан авалт”-ыг эрчим хүч, байгалийн нөөц баялгийн хэмнэлттэй хэрэглээ, экосистемийн үйлчилгээний дасан зохицох, ногоон орчныг бүрдүүлэхэд чиглэсэн бараа, ажил, үйлчилгээний худалдан авалтыг хэлнэ  гэж тодорхойлжээ. Ногоон худалдан авалтыг дэмжсэнээр орчны бохирдолд нөлөөлж буй үйлдвэрлэл, бүтээгдэхүүний зах зээл хумигдаж, байгаль орчинд тулгамдаж байгаа ус, эрчим хүч, хог хаягдлын асуудлууд эерэгээр шийдвэрлэгдэх үр дүнтэй.  Олон улсын жишгээр ногоон худалдан авалтыг төр  өөрөөсөө эхлүүлдэг.

Төрийн бодлогод тусган хэрэгжүүлэх ёстой  ногоон худалдан авалтын найман  чиглэл нь тээвэр, эрчим хүч, барилга, хоол, үйлчилгээ, цэвэрлэгээний бүтээгдэхүүн, дүрэмт хувцас,  мэдээллийн технологийн бараа бүтээгдэхүүн, цаасны худалдан авалт зэрэг юм. Монгол Улсын хувьд 2020 он гэхэд Засгийн газрын худалдан авалтын 20-иос доошгүй хувийг, 2030 он гэхэд 30-аас доошгүй хувийг байгаль орчинд ээлтэй, үр ашигтай, хэмнэлттэй бараа, ажил, үйлчилгээ авахад зарцуулах тухай бодлого гарсан. Энэ бодлогыг хэрэгжүүлэхээр 2015 онд Төрийн болон орон нутгийн өмчийн хөрөнгөөр бараа, ажил үйлчилгээ худалдан авах тухай хуульд нэмэлт өөрчлөлт оруулсан. Уг нэмэлт, өөрчлөлтөөр  “Чанар, стандартын шаардлага хангасан барааг дотоодын үйлдвэрлэлээр хангах боломжтой тохиолдолд тендер шалгаруулалтад гадаадын бараа нийлүүлэгчийг шалгаруулахыг хориглоно. Дотоодын үйлдвэрээс худалдан авах барааны жагсаалтыг Засгийн газар батална” хэмээх заалтууд батлагдан хэрэгжиж байна.  

Байгаль орчин, эрүүл мэнд, аюулгүй байдалд үзүүлэх нөлөөлөл багатай, ашиглалтын  үед эрчим хүчний болон усны хэмнэлттэй, эрүүл цэвэр материалаар бүтээгдсэн, хог хаягдал бага үүсгэх,  дахин ашиглах боломжтой зэрэг шалгуур нь ногоон худалдан авалтын гол шалгуурууд.

Ногоон худалдан авалтыг хууль эрх зүйн хүрээнд болон байгаль орчинд ээлтэй бүтээгдэхүүний бүртгэл хөтлөх, худалдан авах ажиллагаанд давуу эрх олгох, бүтээгдэхүүний ангилал, төрөл тус бүрээр байгаль орчинд үзүүлэх нөлөөний техникийн шалгуур үзүүлэлтүүдийг боловсруулах ,  ногоон буюу эко бүтээгдэхүүн үйлдвэрлэдэг компаниудыг татварын болон худалдан авалтын бодлогоор дэмжих ,  байгальд ээлтэй бүтээгдэхүүнд ногоон шошго олгох,  олон нийтэд сурталчлах зэрэг олон арга хэлбэрээр дэмждэг.

Манай улсын хуульд дээр дурдсанчлан зарим зохицуулалтууд хийгдэн хэрэгжиж байгаа бол Засгийн газрын 2017 оны 290 дүгээр тогтоолоор Байгаль орчинд ээлтэй дэвшилтэт арга, технологи нэвтрүүлсэн иргэн, аж ахуйн нэгж, байгууллагыг урамшуулах журам батлагдан хэрэгжиж байнаУг журмаар  байгаль орчинд ээлтэй дэвшилтэт арга, технологи нэвтрүүлсэн иргэн, аж ахуйн нэгж, байгууллагад “ногоон гэрчилгээ” олгох,  бүтээгдэхүүн, үйлчилгээнд “Эко тэмдэг” олгохоор зааж өгсөн байна. Байгалийн нөөцийг хэмнэлттэй, үр ашигтай, зохистой ашиглах, агаар, орчны бохирдол, хүлэмжийн хийг бууруулах, эрчим хүч хэмнэхэд чиглэсэн бүтээгдэхүүн, үйлчилгээ эрхэлсэн иргэн,  аж ахуйн нэгжүүдэд дээрх гэрчилгээ, тэмдгийг олгоод, уг бүтээгдэхүүн, үйлчилгээг нь  төр худалдан авч хэрэглэх нь ногоон худалдан авалтын тодорхой жишээ гэсэн үг.

Иргэн,  аж ахуйн нэгж урамшуулалд хамрагдах хүсэлтээ байгаль орчны асуудал эрхэлсэн төрийн захиргааны төв байгууллагад уламжлах бөгөөд дээрх гэрчилгээ, тэмдгийг авсан тохиолдолд байгаль орчинд ээлтэй дэвшилтэт арга, технологийг хэвлэл мэдээллийн хэрэгслээр сурталчлах, дотоодын болон олон улсын үзэсгэлэнд оролцуулах,  байгаль орчны үндэсний болон олон улсын шагналд нэр дэвшүүлэх, ногоон зээлийн сангийн болон дотоод, гадаадын бусад хөнгөлөлттэй зээл, хөрөнгө оруулалтад хамруулах зэрэг дэмжлэг, урамшуулалд хамруулах боломжтой болох юм. Мөн Эко тэмдэг, Ногоон гэрчилгээтэй байснаар төрийн болон орон нутгийн өмчийн хөрөнгөөр бараа, ажил, үйлчилгээ худалдан авах үйл ажиллагаанд хуульд заасны дагуу давуу эрхтэйгээр оролцох эрх үүснэ.

Түүнчлэн олон улсын ижил төстэй дэвшилтэт технологи бүхий байгууллагуудтай хамтран ажиллахад зуучлах,  үндэсний стандарт боловсруулах болон олон улсын стандартыг үндэсний стандарт болгоход мэргэжил, арга зүйн туслалцаа үзүүлэх,  байгалийн нөөцийг хэмнэлттэй ашиглах, орчны бохирдол, хаягдлыг багасгах, байгальд халгүй техник, тоног төхөөрөмжийн жагсаалтад хамруулах зэргээр төрөөс дэмжиж ажилладаг.

Дэлхий дахинд  1990-ээд оноос ногоон худалдан авалтыг дэмжиж, эко буюу ногоон шошготой бүтээгдэхүүнийг ялган үйлдвэрлэх болсон. Ногоон шошготой эдгээр бүтээгдэхүүн нь байгаль орчинд ээлтэй, эдийн засагт хэмнэлттэй гэсний баталгаа болдог бөгөөд төрийн бодлогоор ногоон бүтээгдэхүүний үйлдвэрлэлийг татвараас чөлөөлж, худалдан авалтад урамшуулал олгох байдлаар дэмждэг тул үнийн хувьд бусад бүтээгдэхүүнээс хямд байдаг. Өнөөдөр  бүх төрлийн цахилгаан бараа бүтээгдэхүүнүүд байгаль орчинд ээлтэй байдлыг эрхэмлэж, ихэнх нь ногоон шошготой үйлдвэрлэгдэх болсон. Тухайлбал, эрчим хүчинд хэмнэлттэй, ус бага зарцуулдаг, озон задлах бодис ялгаруулдаггүй, дахин боловсруулсан бүтээгдэхүүнээр хийсэн гэх мэт тайлбартай шошготой байдаг. Гадаадын улс орнуудын зарим жишээ дурдвал, Тайваньд  төрийн  байгууллагууд хэрвээ  тусгай жагсаалтад багтсан бараа, үйлчилгээг түрүүлж худалдан авах үүргээ умартсан бол Сангийн яам нь төлбөр төлөхөөс татгалздаг байна.

Байгаль орчинд ээлтэй тусгай жагсаалтад бичгийн цаас, бичгийн хэрэгсэл, компьютер, хөргөгч, агааржуулагч, усны хэмнэлттэй суултуур зэрэг төрөл бүрийн бүтээгдэхүүн багтдаг байна. БНХАУ-д ч бусад улсын нэгэн адил төрийн байгууллагуудыг байгальд ээлтэй бараа, үйлчилгээг худалдан авахыг зөвлөдөг байна.

 

Монгол Улсын Засгийн газар, Швейцарийн хөгжлийн агентлагаас хамтран хэрэгжүүлж буй Тогтвортой хөгжлийн боловсрол төсөл

 




Манай сайт таалагдаж байвал л LIKE дараарай