Тогтвортой амьдралын сайн жишээ: Ногоон туг

2017-11-29 10:48      ГэрэгМН

ӨӨРЧЛӨЛТИЙН ЖИМЭЭР

 

...АНУ хөрсөө буруу технологиор боловсруулаад их хэмжээний газраа ямар ч хэрэггүй болгосон түүхтэй. Эргүүлж сэргээхийн тулд их хэмжээний хөрөнгө зарцуулжээ. Харин Канад буудайн орон. Тэднийх талбайгаа тойруулаад мод тарьж ойн зурвас байгуулсан байна. Хөрсөө элэгдэл эвдрэлээс хамгаалах нэг арга энэ. Мөн тойруулж тарьсан мод нь харгана байв. Ингэж хамгаалснаар канадчууд өөрсдийнхөө хэрэгцээг хангаад зогсохгүй буудайн экспортоос өндөр ашиг олж буй.

Германчууд ямаа өсгөж үржүүлдэг. Гэхдээ ноолуурыг нь авах гэж биш. Сүү сайтай цөөн тооны ямаагаар сайн чанарын бяслаг үйлдвэрлэж байна. Берлиний захад суурьшдаг 80 ямаатай хоёр эмэгтэйг энэ хотынхон андахгүй. Тэдний үйлдвэрлэсэн ямааны бяслаг “Био” гэсэн чанарын тэмдэгтэй бөгөөд нэг кг-ыг нь 34 еврогоор борлуулдаг. Үүнийг өнөөдрийн монгол төгрөгийн ханшаар тооцоход 60-аад мянган төгрөг болж байгаа юм. Эндээс нэг зүйлийг анзаарав уу. Монгол Улс ойролцоогоор 25 сая ямаатай.

1990-ээд оноос хойш ноолуурын үнэ өссөнтэй холбоотойгоор ямааны тоо толгой ингэтлээ үржсэн хэрэг. Угтаа энэ өсөлт өдгөө яриад буй тогтвортой хөгжлийн бодлогод тэс хөндлөн үзүүлэлт юм.

Тэгвэл энэ удаад Европ, тэр дундаа хөгжлөөрөө тивдээ тэргүүлдэг улсын нэг Швед улс тогтвортой хөгжлийн боловсролд хэрхэн анхаарч, хэрэгжүүлж буй жишээг танд хүргэе. Шведийн Стокхольмоос нэг их холгүй оршдог Упсала хотын захад “Валдорфскүүл” нэртэй дунд сургууль бий. Байгаль орчинд ээлтэй хэмээн өргөмжлөгдсөн тус сургууль хашаандаа “Ногоон туг” мандуулжээ. Тогтвортой хөгжлийн боловсролын гэрчилгээний баталгаа болдог энэ туг “Валдорфскүүл”-ийн нэр хүндийн баталгаа бөгөөд сурагчдынх нь гол бахархал.

“Манайх сурагчдын хоол хүнсийг аль болох ойроос базааж, тээвэрлэлтийн зардлаа хэмнэхээс гадна нарны эрчим хүч  ашиглахыг хичээдэг. Ингэснээр автомашинаас гарах хорт утааг багасгах, хүлэмжийн хийг бууруулах сайн талтай. Мөн зөвхөн био-органик тэмдэгтэй бүтээгдэхүүн хэрэглэдэг. Түүнчлэн гал тогоо, сургуулийн цэвэрлэгээнд ашиглах бодис, угаалгын нунтаг авахдаа химийн бодисын агуулга хамгийн бага, байгаль орчинд сөрөг нөлөө багатайг нь сонгодог. Энэ бол тогтвортой хөгжлийн нэг чухал үзүүлэлт” хэмээн тус сургуулийн тогооч залуу тайлбарлаж байв.

Дэлхий дахинаа өнөөдөр экологийн цэвэр бүтээгдэхүүн буюу био-органик тэмдэгтэй бүхэн моодонд ороод буй. Энэ ч утгаараа “БИО” тэмдэгтэй бүтээгдэхүүн тансаг хэрэглээний нэгд тооцогдох болоод байна. Гэтэл тус сургууль хувийн биш бөгөөд сурагчдыг нь ийм хоол зооглоход зориулж улсаас нь ямар нэг илүү тэтгэлэг, ахиу төсөв хөрөнгө хуваарилдаггүй. Тэгвэл өртөг өндөр энэ хэрэглээг “Валдорфскүүл” дунд сургууль хэрхэн бий болгож чадсан юм бол?

-Био бүтээгдэхүүний үнэ хоёр дахин илүү байдаг. Иймд бид улсаас олгодог төсөв хөрөнгөндөө тааруулан уух ундаагаа өөрсдийнхөө тарьсан алимаар хангадаг. Хоолны хаягдлаараа бордоо хийнэ. Хэрвээ хаягдал их байвал био түлшний үйлдвэрт тушаачихна. Тэндээс эргүүлээд түлшээ хямд үнээр авч, сургуулийнхаа автобусанд ашигладаг. Хэдийгээр манайд хүнсний ногооны ханш Стокхольмоос арай илүү байдаг ч зөвхөн нутгийнхаа ногоочдоос худалдан авдаг. Зарим үед алимаараа ногоо солих зэргээр хэн хэндээ ашигтай ажилладаг. Тэрнээс гадна хүмүүс манай сургуулиас алим өндөр үнээр худалдаж авдаг. Бас үнэтэй хоол авч идэхээс татгалздаггүй хэмээн багш, сурагчид нь ярьж байсан. Цаад утгаараа энэ нь байгаль орчинд ээлтэй үйл ажиллагаа явуулдаг, тогтвортой хөгжлийн боловсрол олгодог сургуулийн үйл ажиллагааг нутгийн иргэд нь дэмжих чин сэтгэлийн тусламж ажээ.

Өөрөөр хэлбэл, “Валдорфскүүл” дунд сургуулийн хийгээд нутгийн иргэдийн дунд тогтвортой хөгжлийн төлөө хамтдаа тэмцэж буй байгалиа хамгаалагчдын сүлжээ бий болсон байгаа биз. Угтаа бол энэ нь өдгөө дэлхий дахинаа түгээн дэлгэрүүлэхээр олон улсын хамжээнд яригдаж буй тогтвортой хөгжлийн нэг хэлбэр юм.

Тодорхой шалгуурт тэнцсэн цэцэрлэг, сургуульд олгодог туг болон гэрчилгээний бүх асуудлыг “Шведийг цэвэр байлгах сан” төрийн бус байгууллага хариуцдаг бөгөөд хүчинтэй хугацаа нь гурван жил. Хугацаа дуусахад сургуулиуд хийсэн ажлаа тайлагнаж, дахиад шинийг санаачилж, хэрхэн улам сайжруулах талаараа амлалт өгч эрхээ сунгуулдаг байна. Мөн ийм сургуулиуд төрийн бус байгууллагуудтай хамтран ажиллаж ямар нэг сан, төсөл, хөтөлбөрт хамрагдах, бизнесийн байгууллагуудаас санхүүжилт авах боломжтой байдаг аж.

Упсалагийн их сургуулийн профессор Лейф:

-Шведүүдийг байгальд их ойр, байгаль орчноо хамгаалах хүмүүжилтэй ард түмэн гэдгийг дэлхий нийтэд хүлээн зөвшөөрдөг. Манайханд нэг ойлголт байдаг. Тэр нь юу гэхээр “Ашиглах эрх гэж бий. Гэхдээ байгаль орчноо бохирдуулахгүй, хэвээр үлдээх ёстой” гэж үздэг. 1990 онд хүүхдэд байгаль орчны боловсролыг бодлогоор олгох ёстой гэсэн заалт Шведийн хуульд орсон. Үндэсний сонин, радио, телевизээр экологийн боловсрол олгох тусгай нийтлэл, нэвтрүүлэг, ярилцлага тогтмол, бараг өдөр бүр гарч байна. Өнөөдөр иргэдэд тогтвортой хөгжлийн боловсрол олгох асуудал тун чухал болоод байна. Хүн бүр маш сайн ойлголттой байвал эх дэлхийгээ бид хамгаалж чадна. Хэрвээ энэ мэдлэгийг хүмүүст нэг суулгаад өгвөл насан туршид нь үлддэг. Хамгийн гол нь энэ асуудлыг төрийн бодлогоор дэмжихэд улстөрчдийн шийдвэр маш их нөлөөтэй хэмээн ярьж байсан юм.

Үүнээс гадна тогтвортой хөгжлийн боловсрол олгох багш нарыг сургахад Шведийн төрийн бус байгууллагынхан гол анхаарлаа хандуулдаг. Жишээ нь, “Шведийг цэвэр байлгах сан” төрийн бус байгууллага гэхэд Тогтвортой хөгжлийн боловсролын гэрчилгээтэй цэцэрлэг, сургуулийн багш нарт сургалтын материалыг боловсруулан бэлдэж өгдөг аж.

Уур амьсгалын өөрчлөлт, дэлхийн дулаарлаас болж амьтан, ургамлын олон төрөл зүйл устан үгүй болж, хүн төрөлхтөн байгалийн гамшгуудын өмнө хүчин мөхөстөж эхэллээ. Дэлхий уур амьсгалын өөрчлөлтийн асуудлаар олон улсын 32 эрдэмтэн зөвлөлдөж, тогтвортой хөгжлийн томоохон хөтөлбөрийг эдийн засгаараа тэргүүлэгч орнуудад мөрдүүлж, хэрэгжүүлэх хэрэгтэй гэсэн санал гаргасан.

Түүнчлэн дэлхийд тэргүүлэгч 50 их, дээд сургууль байгальд ээлтэй техник, технологийн талаар хамтран ажиллаж, энэ чиглэлээр Нобелоос дутахааргүй нэр хүнд бүхий шагнал бий болгох нь зүйтэй хэмээн үзжээ. Ингэснээр байгаль орчны асуудлыг нэн тэргүүнд тавьж, тогтвортой хөгжлийг эрчимжүүлэхэд нэлээд түлхэц болно гэж найдаж байна. Тиймдээ ч сүүлийн жилүүдэд томоохон орнууд тогтвортой хөгжлийн боловсролд онцгой анхаарч, хүч хөрөнгө зарцуулж эхэлсэн сайны жишээ олныг татаж болохоор болжээ.  

 

Монгол Улсын Засгийн газар, Швейцарийн хөгжлийн агентлагаас хамтран хэрэгжүүлж буй Тогтвортой хөгжлийн боловсрол төсөл

 

 




Манай сайт таалагдаж байвал л LIKE дараарай

 

Шинэ мэдээ

Цаг үе

Үүл буудаж, цас оруулжээ

2018-04-19 15:08