Аюултай хог хаягдал гэж юу вэ?

2017-11-27 09:55      ГэрэгМН

Хог хаягдлын тухай хуульд зааснаар “аюултай хог хаягдал” гэдэг нь  тэсрэмтгий, шатамхай, урвалын идэвхтэй, исэлдүүлэгч, агаар болон устай харилцан үйлчилж хортой хий ялгаруулдаг, халдвартай, идэмхий, хүн амьтанд богино болон удаан хугацаанд хортой нөлөөлөл үзүүлдэг, байгаль орчинд хортой шинж чанартай, устгасны дараа аюултай шинж чанартай ялгарал үүсгэдэг  хог хаягдал юм.  Энэ нь аюултай хаягдлыг шинж  чанараар нь ангилж буй хэрэг юм.

Тэгвэл Аюултай хог хаягдлыг хил дамжуулан тээвэрлэх, зайлуулахад хяналт тавих тухай Базелийн конвенцоор аюултай хаягдлыг эх үүсвэрээр нь анх ангилж өгчээ.

Үүнд, эмнэлгийн,эмийн үйлдвэрийн, төрөл бүрийн үйлдвэрлэлийн хаягдал гэх зэргээр хаанаас гарч буй эх үүсвэрээр нь ангилж өгсөн байна. Үйлдвэрлэлийн хаягдал гэдэгт жишээ нь, бидний сайн  мэдэх будаг, лак, маажин, каучук, цавуу, зэс, цайр, хүнцлийн хаягдал, хар тугалга, цианит зэрэг багтана. Эдгээр хог хаягдал бараг л бидний өдөр тутамд таардаг. 

Гэрийн гадаа хүртэл асгарсан байдаг  шатахуун,автомашины засварын газруудын орчим асгарсан тос, энгийн хэрэглээнд өдөр тутам хэрэглэдэг гар чийдэнгийн батерей, хуруу зайнууд, хог дээр хаягдсан компьютер, зурагт ,хөргөгч хог, автомашин, мотоциклийн аккумлятор зэрэг  нь аюултай хог хаягдлын тоонд багтана.  

Уул  уурхайн компаниудад хэрэглэдэг  цианит натри, мөнгөн ус  гээд аюултай хог хаягдлын жагсаалт хөвөрнө.

Хог хаягдлын тухай Монгол Улсын хуулиар “Аюултай хог хаягдлыг ашиглах, хадгалах, түр байршуулах, устгах зорилгоор Монгол Улсад импортоор оруулахыг хориглоно”, “Аюултай хог хаягдлыг Монгол Улсын хил дамжуулан тээвэрлэхийг хориглоно” хэмээн заажээ. Харин Монголд бий болсон аюултай хаягдлыг гадаад улсад экспортолж болохыг хуулиар зааж өгсөн байна.  Ийм тохиолдолд хүлээн авагч улс нь зөвшөөрсөн байх шаардлагатай. Тухайлбал, автомашин, мотоциклийн аккумлятор гадагш нь экспортод гаргадаг хэд хэдэн аж ахуйн нэгж үйл ажиллагаа явуулдаг байна.

БОАЖЯ-ны Хүрээлэн буй орчин, байгалийн нөөцийн удирдлагын газрын дарга Г.Нямдаваагийн ярьснаар аюултай хог хаягдлын асуудлыг зохицуулсан хууль эрх зүйн орчин өмнө дутмаг байжээ. Харин өнгөрсөн тавдугаар сард шинэчлэн батлагдсан Хог хаягдлын тухай хуулиар   бүтэн бүлэг болж орсон  байна. Хуулийг дагалдан гарах журмуудыг Засгийн газрын хуралдаанаар батлуулахаар БОАЖЯ ажиллаж байна.  Мөн  аюултай хог хаягдал устгах, хадгалах  байгууламжтай болох асуудлыг ярьж, газрын асуудлыг шийдэх шатандаа яваа юм байна.

Хэдий хэмжээний аюултай хаягдал хаядаг вэ? Тоо баримтаас харвал 2008 онд Улаанбаатар хотод 10 800 тонн аюултай хог хаягдал үүсчээ. Энэ нь  нэг хүн жилд  20-30 кг аюултай хог хаягдал хаядаг гэсэн үг аж. Харин Европын дунджаар бол  жилд нэг хүн ойролцоогоор 40-60 кг аюултай хог хаягдал гаргадаг байна.   Улаанбаатар хотод бий болсон аюултай хог хаягдлын  8 000 тонн орчмыг нь  шатааж, 1300 тонныг нь дахин боловсруулж, 1000 тонныг газарт булж, 500 тонн хог хаягдлыг физик, химийн боловсруулалтад оруулдаг байна. Эдгээр тоо баримт дээр үндэслэн улсын хэмжээнд жилд дунджаар 27 000-54 000 тонн аюултай хог хаягдал үүсч байгаа гэж тооцож болно хэмээн БОАЖЯ-ны 2015-2016 оны Байгаль орчны төлөв байдлын тайланд дурджээ.

Аюултай хог хаягдлын онцгой нэг төрөл бол химийн бодис.2014 онд хэрэглээнээс гарсан химийн хорт болон аюултай бодисын тооллогыг улсын хэмжээнд явуулсан байна.  Ингэхэд 21 аймгийн 139 суманд  369 тонн, 69 000 литр хугацаа дууссан химийн бодис хадгалагдаж байжээ.  Эдгээр химийн бодисын  55.6 хувь нь ажлын байранд,  25.4 хувь нь  зохих ёсны хамгаалалтгүй агуулахад, 2.6 хувь нь  задгай талбай дээр хадгалагдаж байсан байна. Улаанбаатар хотын есөн дүүрэгт ч тодорхой хэмжээний химийн хорт болон аюултай бодис хадгалагдаж байсан бөгөөд  дөнгөж 14.6 хувь нь  тусгай зориулалтын агуулахад,  54.9 хувь  нь ажлын байрандаа, 25.4 хувь  нь зориулалтын бус агуулахад, 2.6 хувь  нь ил задгай, 1.7 хувь  барилгын зоорийн давхарт тус тус хадгалж байсан байна. /Байгаль орчны төлөв байдлын тайлан 2015-2016/

Яг юуг аюултай хог хаягдалд оруулахыг Засгийн газрын журмаар жагсаалт баталдаг бөгөөд БОАЖЯ уг журмын төсөл дээр ажиллаж байна. Тээврийн хэрэгслээс гэхэд л бараг 10-аад төрлийн аюултай хог хаягдал гарах бөгөөд нийт тоологдсон тээврийн хэрэгсэлтэй харьцуулан хэдий хэмжээний аюултай хог хаягдал ялгарахыг тооцож болдог байна. Тухайлбал, улсын хэмжээнд  2013 онд 618744, нийслэлд 385090 авто тээврийн хэрэгсэл бүртгэгдсэн. Үүнээс үүсэх аюултай хог хаягдлыг тооцвол жилд  310 000 ширхэг аккумлятор  /2 жилд 1 удаа аккумлятороо сольдог гэж үзвэл/, 1500 тонн хүхрийн хүчил,62000 тонн моторын тос,  620 000 ширхэг тосны фильтр хаягдах тооцоо гарсан байна. Үүнээс гадна хурдны хайрцагны тос, хөлддөггүй шингэн,тормозны шингэн, накладка хаягдана гээд бодохоор автомашинаас хаягдах аюултай хаягдал цөөнгүй байна.

Эмнэлгийн хог хаягдал аюултай хог хаягдалд тооцогддог. 2007 онд Улаанбаатар хотод өдөрт эмнэлэг, эрүүл мэндийн байгууллагаас ойролцоогоор 2.65 тонн хог хаягдал үүсч байснаас 0.78 тонн нь эмнэлгийн хог хаягдал, үлдсэн 1.87 тонн нь ахуйн хог хаягдал байжээ.  Эмнэлэг, эрүүл мэндийн байгууллагаас эмнэлгийн хог хаягдлыг тусгай зориулалтын уутанд цуглуулан авч, ангилан ялгах үйлдвэрт ангилдаг. Ангилсан хатуу хог хаягдлыг автоклавт халдваргүйжүүлж, бутлуурын тусламжтайгаар бутлан жижиглэдэг. Ангилсан биологийн хог хаягдлыг 900-1200°C хэмийн шатаах зууханд шатаадаг бөгөөд  эцэст нь ландфиллд булж устгадаг байна. 

Олон улсад аюултай хог хаягдлын асуудалд 1980-аад оноос онцгой анхаарч эхэлсэн бөгөөд үүнийг  Японы МИНИМАТА хотод 1956 онд  үйлдвэрээс мөнгөн ус алдагдаж, гол бохирдуулсны хор уршигтай холбон авч үздэг.

Дэлхий нийтэд Миниматагийн өвчин гэж нэрлэгдсэн өвчнөөр 2955 хүн өвчилсөн бөгөөд ийм гамшгийн хор уршиг дэлхий нийтэд сургамж өгч, аюултай хаягдлын асуудал НҮБ-ын төвшинд хэлэлцэгдэж эхэлжээ.  1980-аад оноос Удаан задардаг органик бохирдуулагчийн тухай Стокольмын конвенц, Аюултай хог хаягдлыг хил дамжуулан тээвэрлэх, зайлуулахад хяналт тавих тухай Базелийн конвенцуудыг батлан гаргажээ. Мөн 2002 онд Өмнөд Африкийн Иохоннасбург хотод хуралдсан Дэлхийн дээд хэмжээний чуулга уулзалтаас 2020 он гэхэд химийн бодисын ашиглалтаас үүдэлтэй эрүүл мэнд, хүрээлэн буй орчинд үзүүлэх ноцтой сөрөг нөлөөг бууруулах арга хэмжээ авч, химийн бодисын эргэлтийн менежмэнтийг сайжруулах /тухайн бодисыг үйлдвэрлэснээс эхлээд тээвэрлэх, хадгалах, ашиглах, үлдэгдлийг хоргүйжүүлэн устгаж дуусах үе шатууд/-д хамтран ажиллах, харилцан туслах,сөрөг нөлөөллийг бууруулах асуудлуудыг тусгажээ.Дээрх гэрээ, хэлэлцээр, конвенцуудад манай улс нэгдэн орж, аюултай хог хаягдлын асуудалд анхаарч эхлээд даруй 10 гаруй жил болж байна.  

Монгол Улсын Засгийн газар, Швейцарийн хөгжлийн агентлагаас хамтран хэрэгжүүлж буй Тогтвортой хөгжлийн боловсрол төсөл




Манай сайт таалагдаж байвал л LIKE дараарай

 

Шинэ мэдээ

Цаг үе

Үүл буудаж, цас оруулжээ

2018-04-19 15:08