2018 оны төсөвт Ерөнхийлөгч ээлжит хоригоо тавих уу

2017-11-13 09:00      ГэрэгМН

Ерөнхийлөгч Х.Баттулга Сангийн сайдаар УИХ-ын гишүүн Ч.Хүрэлбаатарыг томилсон тогтоолд хориг тавиад амжилт олоогүй. Дараа нь 11 дүгээр сарын 3-нд Монгол Улсын 2017 оны Төсвийн тодотголд бүхэлд нь хориг тавьсан.

Ийнхүү хориг тавьсан гол үндэслэл нь төрийн албан хаагчдад олгох 300 мянган төгрөгийн нэг удаагийн буцалтгүй тусламж нь Төсвийн хууль зөрчсөн, хэт үрэлгэн зардал гэж үзсэн юм.

Харин УИХ дахь олонхийн бүлэг буюу МАН-ын бүлэг, Хууль зүй, Төсвийн байнгын хороо болон УИХ-ын чуулганы нэгдсэн хуралдаанаар Монгол Улсын 2017 оны төсвийн тодотголд тавьсан Ерөнхийлөгчийн хоригийг хүлээж авахгүй гэж шийдвэрлэсэн.

Ерөнхийлөгчийн тавьсан өмнөх хоригийг УИХ мөн хүлээж аваагүй учраас хоёр дахь удаагийн хоригийг хэлэлцэхэд Ерөнхийлөгч Х.Баттулга чуулганы нэгдсэн хуралдаанд биeчлэн оролцсон юм.

Ерөнхийлөгч Х.Баттулга “Би хийх ажилгүйдээ хориг тавиад байгаа юм биш. 55 тэрбум төгрөг гэдэг их мөнгө. Ажлын байр нээх, цэцэрлэг сургууль барих зэрэгт эл мөнгийг төсөвлөх хэрэгтэй” гэсэн.

Тэгвэл УИХ-ын гишүүд, Ерөнхийлөгч эв нэгдлийг сахиулах ёстой байхад УИХ-аас гарсан шийдвэрт хоёр ч удаа хориг тавилаа, улс орны хувьд тулгамдсан асуудал олон байхад хориг тавиад байх нь буруу гэлцэж байсан.

УИХ дахь АН-ын бүлгийнхэн хоригийг хүлээж авах шаардлагатай гэж үзэн, “ОУВС-гаас гарах хэрэгтэй. Төсвийн тодотголоор халамж хэлбэрээр мөнгө тарааж байгаа нь буруу”, “Ерөнхийлөгч хориг тавих эсэхийг УИХ-ын гишүүд шийдэхгүй. Оруулж ирсэн хоригийн зөв бурууг л шүүх ёстой” гэж байв.

УИХ-ын чуулганы хуралдаанаар хоёр дахь хоригийг хүлээж аваагүй ч Ерөнхийлөгч Х.Баттулга хуралдаанд биечлэн оролцохдоо, УИХ-ын гишүүдэд хандан үг хэлсэн.

Тэрбээр “...төрийн албан хаагчдад нэг удаа 300 мянган төгрөг, нийт 55 тэрбум төгрөг өгөх нь өнөөдрийн нөхцөл байдалтай уялдуулахад харамсалтай шийдвэр. Хүүхдийн мөнгөнөөс бусад халамжийн бодлогоос бид өнөөдөр татгалзах ёстой. Жаахан олсон орлогоосоо халамж тарааснаар бид эдийн засагт юу хүртсэн бэ?

55 тэрбум төгрөг гэдэг бол их мөнгө. Үүгээр ажлын байрууд нээх хэрэгтэй. Болохгүй бол дутагдаад байгаа гурван ээлжтэй цэцэрлэг барих хэрэгтэй... Би бүрэн эрхийнхээ дагуу хориг тавьсан. Хэрэв Монгол Улсын үндэсний эрх ашгийн эсрэг зүйл яригдаж байгаа бол дахиад хориг тавина" гэж мэдэгдсэн.

Тэгвэл өнөө маргаашгүй батлагдах 2018 оны улсын төсөвт төрийн албан хаагчдад ирэх онд урамшуулал хэлбэрээр мөнгө тараах асуудал үргэлжлэхээр тусгаад байгаа.

2018 оны төсвийн тухай хуульд энэ зорилгоор 56,2 тэрбум төгрөг төсөвлөөд байгаа юм. Энэ онд суулгасан мөнгөнд Ерөнхийлөгч хориг тавьсныг авч үзвэл ирэх жил тараах мөнгөнд ч хориг тавих нь тодорхой мэт.

Мөн өөрийнх нь УИХ дээр хэлснийг авч үзвэл 2018 оны төсөвт хориг тавих нь тун ойлгомжтой хэрэг. Ерөнхийлөгч Х.Баттулга хүүхдийн мөнгөнөөс бусад халамжийг хэрэггүй гэсэн байр суурь илэрхийлж байсан. Энэ үүднээс авч үзсэн ч 2018 оны төсөвт бас хориг тавьж таарах байх.

Ирэх оны төсөвт цалинтай ээж хөтөлбөр болон өрх толгойлсон эх, эцэгт тэтгэмж олгохоор суулгаад байгаа нь бас л таалагдахгүй байгаа гэсэн үг.

Хэрвээ Ерөнхийлөгч дахин хориг тавьсан ч түүнийг нь 65 гишүүнтэй МАН-ын олонхийн бүлэг цаашлаад УИХ ахиад л унагах нь ойлгомжтой.

Харин хориг тавьж байгаа Ерөнхийлөгч болоод хоригийг хүлээж авахгүй байгаа УИХ-ын алинд нь ард түмэн нэмэх, хасах оноо тавьсныг ирээдүй л харуулах байх.

И.Болд




Манай сайт таалагдаж байвал л LIKE дараарай


Сэтгэгдэлүүд


Анхааруулга! Уншигчдын бичсэн сэтгэгдэлд gereg.mn хариуцлага хүлээхгүй болно. Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй.
Зочин

Женко их эрээ."Хориг тавих"гэдэг холбоо үгийн утгыг ойлгосон л байгаа юм даа.Молодец

2017-11-14 10:29    150.129.140.192

Сэтгэгдэл нэмэх