Уул- бусдын гарт амиа даатгадаг газар биш, харин амь насаа хэн нэгэнд хэзээд өгөхөд бэлэн байдаг газар

2017-10-24 14:17      ГэрэгМН

Отгонтэнгэрт авирсан уулчдын багийг ахалж явсан уулчид, аялагчдын дунд Сэнгүү нэрээрээ алдаршсан   уулын спортын мастер Н.Сүрэнжавыг уулчид,аялагчид дурсаж байна. Талийгаач 1970 онд төржээ.1990-ээд оноос явган аялж эхлээд улмаар ууланд аялах, алхах, авирах хоббигоо уулын спорт, биеийн тамирын төрөл  болтол хөгжүүлсэн шаргуу дайчин, нэр хүндтэй нэгэн байжээ.

Тэрээр өнгөрсөн жил www.gogo.mn сайтад өгсөн ярилцлагадаа “Ууланд авирах, аялалд явах нь өөрийгөө ялах, тэсвэр хатуужилтай болгох, байгалийг танин мэдэх  ач холбогдолтой.  Ууланд явахаар хүн хөл гарын тэнцвэрээ олдог. Биеийн эрүүл мэнд бас эрс өөр болно. Хүчилтөрөгч бага үед амьсгалаа зөв авч хуваарилж чаддаг болно. Далд булчингууд хөгжинө. Элдэв өвчин илааршдаг.

Нөгөөтэйгүүр тэсвэр тэвчээртэй болдог.  Анх явж байгаа хүмүүс хувцасны сонголтоо буруу хийчихдэг, дараагийн удаа тэр хүн хувцсаа сонгож, бэлтгэлээ базааж сурна. Өөрийгөө зоригжуулж, тэсвэр тэвчээрээ шалгадаг” хэмээн ярьж байжээ.

Уулчин хүний  оргил дээр гарах мэдрэмжийн тухай асуусан сэтгүүлчийн асуултад  Оргил дээр гарахаараа ядарч цуцсан байдал, олсонд ороод явахад хүмүүсийн үл ойлголцол, авирах үеэр бий болсон элдэв асуудлууд бүгд сарниад алга болчихдог. Тэр их гоё мэдрэмж л дээ. Хамгийн гол нь баг хамт олноороо гарах нь их сайхан. Нэг нь нийтийн төлөө, нийт нь нэгнийхээ төлөө явдаг” хэмээн ярьжээ.

Үнэхээр ч нийтийн төлөө явдаг, алиа хошин зантай, даарахыг мэддэггүй, ямар ч хүнд байдлаас гарч чаддаг хэмээн нөхөд нь түүнийг дурсаж байна.

Түүний Navaan Surenjav фэйсбүүкт:

Hrd Amjilt:

Та минь олон хүн баярлуулж олон хүний төлөө өөрийгөө үл хайрлан Алтай таван богд уулсын их ангал дундуур өөрөө мөр гарган ангалд унан явахдаа “Уулчин хүний алдаа нь эхнийх бөгөөд эцсийнх байдаг. Уулс байж л байна” гэж хэлдэг байж хэмээн дурсчээ.

“Дандаа хүмүүсийг инээлгэж дандаа хүмүүсийг магтаж дандаа сайн сайхныг хэлж хүнд урам өгч явсан мөр чинь хөтлөөд диваажинд очоод тухлан сууж байгаа биз дээ” 

Түвшинчимэг Баттүвшин:

...Уулчин хүний зориг, тэвчээр хамгийн чанга хатуу
Уулчин хүний сэтгэл зүрх уян зөөлөн ..
Уулчин хүнийг уул нь авдаг гэгддэгсэн 
Уулчин хүн ууландаа ясаа тавихдаа харамсдаггүйн гэнэ лээ .. 
Ах минь дээ ... Одоог хүртэл сэтгэлд багтахгүй.. Та шилдэг нь байсан шүү 

Л. Сайханбилэг:

Та маш мундаг ах, мундаг багш байсан шүү. Ямар ч асуудлаас гарч чаддаг гэдгийг тань мэддэг болохоор одоо ч итгэж чадахгүй нь. Таны хэлсэн зэмлэл дэндүү үнэтэй сургааль байдаг.  

 Та бол жинхэнэ эр хүн, жинхэнэ уулчин, мөнх цаст уулынхаа оройд мөнх хөх тэнгэртээ ариун бурханы орондоо мөнх амгалан нойрс доо ах минь. Тандаа хайртай шүү

Tuka Radnaa:

Ямар ч “тэнэг” зориглох юм бол, ямар ч уул өөд гарч чадна. Гагцхүү гол “асуудал” нь эсэн мэнд буухад л оршиж байгаа юм. Жон Кракауэр (АНУ-ын иргэн, зохиолч, сэтгүүлч, уулчин)

Ямарваа нэгэн юманд санаа зовж, яарч сандарч, зовж зүдрэн амьдарч буй мэт санагдах үе хүнд олон тохиолдоно. 
Үргэлж эрх чөлөөг мөрөөдөж, түүгээр цангаж, “…ер нь эрх чөлөө гэж байдаг юм уу…” хэмээн дотроо хашгичиж, “эрх чөлөө” хэмээх үгийн үнэн учгийг тайлах гэж адгана. Тэгвэл байдаг юмаа, байх байхдаа “ууланд л эрх чөлөө байдаг юм”. 
Уул бол – үүлэнд умбаж, түүнд хязгааргүй шунан дурлаж болох цор ганц газар.
Ихэнх хүмүүс амралтаа хаана өнгөрөөх вэ… хэмээн толгойгоо гашилгаж байдаг. За тэгээд л айраг цагаа, ан гөрөө гээд л… мундахгүй мэт санагдавч, амарч амарч ирснийхээ дараа, ахиад л амармаар, амралт нэг л дутуу мэт санагдах нь олонтаа.
Ер нь бол ойн захад эсвэл хээр талд амарч зугаална гэдэг, хотод амралтаа өнгөрөөхөөс агаар цэвэр, байгаль үзэсгэлэнтэй байх нь ойлгомжтой. 
Харин ууланд гарах гэдэг – жинхэнэ эр чөлөө, юугаар ч худалдаж авч боломгүй, бахдам гоо сайхан. Уул – хүнд гайхамшигтай амралт бэлэглэхээс гадна, хүн чанарыг тань шалгаад авдаг.
Уул – зорьсон зорилгодоо хүрэх хат суулгаж өгдөг. 
Мөнх цаст уулын хормойд зогсоод дээш ажих аваас, түүний оргилд хүрэх нь санаанд багтагүй мэт сэтгэгдэл төрүүлэвч, гарах хүсэл, тэмүүлэл, “хорхой” төрүүлнэ.
Алхам алхмаар дээшилж саад бэрхшээлийг давсаар, оргилд хүрдэг. Уулын оройд гарна гэдэг шинэ шинэ “баатарлаг үйлс”-ийг бүтээх онгодыг хөглөж, өөрөө өөртөө итгэх “итгэл”-ийг өгдөг.

Уул бол - бусдын гарт амиа даатгадаг газар биш, харин амь насаа хэн нэгэнд хэзээд өгөхөд бэлэн байдаг газар.

Сэнгүү … чи шүү. Чамтай танилцаад, олон жил нөхөрлөж явсанаа санаж явах л үлдлээ дээ… харамсалтай… хэмээн бичжээ.

Талийгаач Н.Сүрэнжав ярилцлагадаа ууланд аялах, авирах бүгд цэрэгжилтийн дэглэмтэй байдаг.   "Өглөө жижүүр  3.30 цагт босоод цай, хоолоо бэлддэг. Бүгд л цаг нартай уралдана. Үдээс хойш авиралт хийдэггүй. Учир нь өдөр 13 цагт мөнх цастай өндөр уулнууд үүлээ хураад манан будан буучихдаг болохоор хаашаа ч явах аюултай болчихдог" хэмээжээ

Гэтэл сая Отгонтэнгэр хайрханд авирсан авиралтыг үдээс хойш хийсэн,тийм орой яагаад явсан юм бол хэмээн гавьяат тамирчин Гангаамаа ярьсан.

“ Ууланд гарахаас өмнө зааланд бэлтгэл хийж, амьсгал дарж гүйх, фитнесс клубт явах хэрэгтэй. Ний нуугүй хэлэхэд манай уулчид бэлтгэл дутагдалтай байдаг. UB Hiking  клуб долоо хоногт гурван өдөр зааланд бэлтгэл хийж, хиймэл ханан хаданд авирч, багаж хэрэгсэлтэйгээ танилцаж байна. Уулын  клуб гэсэн сонирхлоороо эрчимтэй бэлтгэл хийж байгаа нь энэ клуб. Хайрхан, Уулчин Монгол зэрэг хэд хэдэн клуб уулын авиралтыг сонирхож байна” хэмээн ярьж байсан уулчин эр харамсалтай нь баг хамт олныхоо нэг хэсэгтэй ууландаа эрсдэв.

 Тэрээр хаана л өндөр уул байна,тийш байнга тэмүүлж байдаг. “ Хангайн нурууны ноён оргил Отгонтэнгэр, Очирваань хайрхан 4080 метрийн өндөртэй. Тийшээ хүмүүс өвлийн авиралт хийдэг. Энэ сард явна. Яагаад гэвэл зун айлууд зусландаа буучихаад шүтдэг хайрхан дээр нь хүмүүс гарахад таагүй байдаг. Тиймээс хүн байхгүй үеэр гардаг юм” хэмээн ярьж байжээ.

.........Уулчид бол эр зоригтнууд, монгол эрчүүдийн хийморь, цог залийн эзэд. Тиймээс ууландаа явж байгаад осолдсон тэднийг шүүх, буруутгах эрх бидэнд байхгүй. Үлдсэн ар гэрийнхэн,төрөл төрөгсдөд гүн эмгэнэл илэрхийлье.

Г.Гармаа




Манай сайт таалагдаж байвал л LIKE дараарай


Сэтгэгдэлүүд


Анхааруулга! Уншигчдын бичсэн сэтгэгдэлд gereg.mn хариуцлага хүлээхгүй болно. Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй.
ХХ

УМ САЙН АМАГАЛАН БОЛТУГАЙ.

2017-10-26 13:38    202.131.249.202
Zochin

Burhan buyantai sain huniig ni turuuleed avaad yavdag gedeg.Saikhan hun bjee.Ger buld ni gun emgenel ilerhiileye. Um maani bad mi hum.

2017-10-24 20:38    112.72.12.78
Аюур

Бурхны орныг зорих цаг нь болсон бол бүх зүйл хаалттай байдаг гэж хөгшчүүлээс дуулж байсан.Гардаггүй цагт гарч. Болохгүй гэдэг үгийг огт хэрэгссэнгүй дээ.

2017-10-24 17:36    202.9.43.147
Zochin

Um sain amgalan boltugai!Uulsiin uud temuuldeg shigee hyazgaargui oddiin dund gerelteh boltugai!

2017-10-24 17:02    139.5.218.197
Зочин

Ум мааний бадми хум

2017-10-24 15:02    103.9.90.66
Зочин

Ум сайн амгалан болтугай.

2017-10-24 14:44    66.181.160.55

Сэтгэгдэл нэмэх

 

Шинэ мэдээ

Цаг үе

Үүл буудаж, цас оруулжээ

2018-04-19 15:08