В.Удвал:  Үндсэн хуулийн нэмэлт, өөрчлөлтөөс улстөрийн соёл ч, эрх зүйн соёл ч харагдахгүй байна

2017-09-25 10:00      ГэрэгМН

 Хуульч, улс төр судлаач В.Удвалтай ярилцлаа. Тэрбээр өмнө нь Үндсэн хуулийн цэцийн гишүүн, Хууль зүйн дэд сайд зэрэг албыг хашиж байсан.

 -Үндсэн хуулийн өөрчлөлтийн төслийг ард түмнээр хэлэлцүүлээд дууссан. Та төсөлтэй танилцсан байх. Зарчмын өөрчлөлтүүдээ суулгаж чадсан уу?

-Үндсэн хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах журмын тухай хууль гэж бий.Энэ хуулийн хүрээнд л бид асуудлаа тавих шаардлага байдаг. Би нэмэлт, өөрчлөлтийн төслийг үзсэн. Ер нь Үндсэн хууль гэдэг маш сайн өрөгдсөн байшин барилга л юм шүү дээ. Тэр байшин, барилгад тодорхой суурь, нураахгүй байх баганууд гээд чухал ойлголтууд байдаг. Энэ тулгуур, багануудыг нь нураахгүйгээр л нэмэлт, өөрчлөлт хийх ёстой. Тэр үүднээс харахад бас л 1999 онд нэмэлт, өөрчлөлт оруулаад 2000 онд дахин баталсан нэмэлт, өөрчлөлттэй зарим талаараа адилхан болсон байна лээ. Яагаад гэвэл тодорхой хүмүүсийн хүсэлд суурилж өмнөх өөрчлөлтүүдийг хийсэн гэж би үздэг.

Жишээ нь, УИХ-ын гишүүн Засгийн газрын гишүүн байхыг баталгаажуулж өгсөн. Уг нь Үндсэн хуулийг  тодорхой хүмүүсийн хүсэл сонирхолд нийцүүлэх биш, нийтлэг зарчмаа л барьж өөрчлөх ёстой. Тулгуур зарчмууд нь энэ.

-Тодорхой хүмүүсийн хүсэлд суурилсан өөрчлөлт гэхлээр тухайлбал...?

-Ялангуяа УИХ-ын гишүүн Засгийн газрын гишүүн байх гэдэг томьёолол  дээр  хүмүүсийн хүсэл сонирхол их орж ирдэг. 1992 оны Үндсэн хуулиар үүнийг хааж өгсөн. Нэг танхимтай парламенттай, төлөөллийн  ардчиллаар УИХ-аа бүрдүүлдэг улс оронд хяналтын механизм ямар байх вэ гэдгийг маш сайн бодолцох шаардлагатай. 

УИХ-ын гишүүдээс Засгийн газарт олон сайд орох тусмаа л хяналт байхгүй болж, өөрт ашигтай шийдвэр гаргуулах бололцоонууд бий болдог.

Жишээ нь,   УИХ-ын гишүүдийн 50-иас дээш нь хүрэлцэн ирвэл тухайн өдрийн хурал хүчинтэй, тэдний 50 хувиар асуудлыг шийднэ гэж 2000 онд Үндсэн хуульд нэмэлт өөрчлөлт оруулсан.

Ердөө л 19, 20 хүн хууль өөрчлөх бүрэн боломжтой болчихоод байгаа юм. Засгийн газрын гишүүд дээрх 20-ийн олонхи нь байвал ямар ч хяналтгүй шийдвэр гарна л гэсэн үг. Үндсэн хуулийн нэмэлт өөрчлөлтийн төслөөр гуравны нэг гэж хязгаарлаж байгаа л даа. Гэхдээ л хариуцлага тооцох боломжийг хамт байх нь дандаа хязгаарлаж өгч байдаг. Эндээс харахад л Үндсэн хуулийн зарчимд нийцтэй биш зүйлүүд байгаад байна.

Мөн Үндсэн хуульд байгаа зохицуулалтыг давхцуулж өөрчлөлт оруулсан зүйлүүд бас ажиглагдсан. Тухайлбал, төрийн албан хаагчидтай холбоотой харилцаа бол манай Үндсэн хуулиар маш сайн зохицуулагдсан байдаг. Үндсэн хуулийн 46 дугаар зүйлийн хоёрт төрийн жинхэнэ албан хаагч хэн байхыг тодорхойлж өгсөн төдийгүй хуулиар зохицуулахыг заасан байдаг. Ийм тохиолдолд бусад зохицуулалтыг дагалдах хуулиудаар хийж өгөх ёстой. Гэтэл Төрийн албаны тухай  хуульд байсан зохицуулалтаа авч хаячихаад Үндсэн хууль руу оруулах гээд явж байна л даа.

Энэ бол  бидэнд улстөрийн соёл ч, эрх зүйн соёл ч байхгүй байгааг харуулж байна. Мөн Монгол Улсын Үндсэн хуульд оруулах нэмэлт өөрчлөлтийн төслийн нэгдүгээр зүйлээр Үндсэн хуулийн 46 дугаар зүйлд 5 дахь хэсэг нэмж “Төрийн албан хаагчийг улс төрийн шалтгаанаар ялгаварлан гадуурхах, сонгуулийн үр дүнгээр болон хуульд зааснаас бусад үндэслэлээр төрийн албанаас халах, чөлөөлөхийг хориглоно” гэж оруулж байна.

Гэтэл одоо хүчин төгөлдөр мөрдөгдөж байгаа 1992 онд батласан Үндсэн хуулийн 16 дугаар зүйлийн 10-д “...Аль нэгэн нам, олон нийтийн бусад байгууллагад эвлэлдэн нэгдсэний төлөө болон гишүүний нь хувьд хүнийг ялгаварлан гадуурхах, хэлмэгдүүлэхийг хориглоно. Төрийн зарим төрлийн албан хаагчийн намын гишүүнийг түтгэлзүүлж болно” гэсэн байдаг билээ.

Одоо байгаа 46 дугаар зүйл болон 16 дугаар зүйлийн 10-ийг л хэрэгжүүлэх хэрэгтэй байна л даа. Ерөөсөө Үндсэн хуулийн зарчмыг уландаа гишгэж байгаа л үйлдэл. Би өөрөө Үндсэн хууль судлаач, Үндсэн хуулиар мэргэшиж хичээл заадаг багш.Үндсэн хуулиа шинжлэх ухааных нь түвшинд зөв ойлгож, цааш явах юмсан л гэж боддог.

-Хоёр  танхимтай парламенттай байх асуудлыг манайхан ярьсаар ирсэн. Энэ өөрчлөлтөөр уг асуудлыг зохицуулах шаардлагатай юу?

-Анх бид Үндсэн хуулийн тулгуур зарчмаа хийхдээ л нэг танхимтай парламенттай байхаар зааж өгсөн. Төлөөллийг бүрдүүлэхдээ хүн амынхаа тоог харгалзсан. Өнөөдөр Монгол Улсын хүн ам гурван сая өнгөрүүхэн байна л даа. Түүнээс сонгуулийн насныхан хэд билээ. Тэднийг л уг нь төлөөлөх төлөөллийг гаргах гээд байгаа юм. Нөгөө талаар  ихэвчлэн холбооны улсуудад нэг танхим нь нөгөө танхимаа хянадаг хоёр танхимтай парламенттай байдаг.

Холбооны улсуудад газар нутаг нь холбооны улсууддаа хуваагддаг бол манайх шиг нэгдмэл улсад зөвхөн засаг захиргааны нэгжид хуваагддаг. Энэ бүхэн бол Үндсэн хуулийн эрх зүйн шинжлэх ухаанаар бүтээгдсэн зарчмууд. Эдгээр зарчмаа яаж ойлгож хамгаалах вэ гэдэг л гол асуудал.Түүнээс биш хэн нэгэн, хэсэг бүлгийг  УИХ-д оруулж суулгахын тулд 99 хүнтэй парламенттай хоёр танхимтай больё гэдгийг би буруу л гэж боддог.

-Ерөнхийлөгчийг парламентаас сонгодог болох асуудал хэрхэн яаж туссан бэ?

-  Энэ асуудал нилээд яригдаж байсан ч нэмэлт өөрчлөлтийн хэлэлцүүлж байгаа төсөлд байхгүй байна лээ. Харин өөрчлөн найруулах 22 дугаар зүйлд Ерөнхийлөгч тодорхой тохиолдолд УИХ-ыг тараах эрхийг оруулсан харагдсан.

-Үндэсний шударга ёсны тогтолцооны байгууллагууд гэж  намууд, хэвлэл мэдээлэл,парламент, Засгийн газар гээд бүгд доголдчихсон л харагдаад байгаа. Үүнийг засах чиглэл рүү л Үндсэн хуулийн өөрчлөлт явах ёстой байх?

- Хуульч эмэгтэйчүүдийн холбооны шугамаар Авлигатай тэмцэх үндэсний хөтөлбөрийг боловсруулахад оролцсон. Тэгэхэд үндэсний шударга ёсны тогтолцооны асуудлыг нэлээд судалсан.Энэ нь төрийн ажил үйл зөв явахтай л очиж холбогдож байгаа. Хэр сайн эрх зүйн зохицуулалттай байна, хуулийг хүлээж авч, хэрэгжүүлдэг хүмүүсийн соёл ямар байна гэдэгтэй маш их холбоотой. Манайд хууль, эрх зүйн зохицуулалт нь гараад байдаг, түүнийг хүлээж авч хэрэгжүүлдэг хүмүүсийнх  нь соёл дандаа л хоцрогдоод байгаа юм шиг санагддаг. Тийм учраас яг юуг шударга ёсны хэмжүүр гэх вэ гэдгийг гаргах жаахан хэцүү.

Бусад улсуудад тогтоосон хэм хэмжээгээ  дагахыг л шударга ёс гэдэг.

Яах гэж хууль гаргадаг вэ? Нийтээрээ дагаж мөрдөх гэж л гаргадаг. Манайх шиг хууль тогтоосон хүн нь өөрөө зөрчих гэж хууль гаргадаггүй.

Тэр нийтээр дагаж мөрдөж байгаа хэм  хэмжээгээрээ шударга ёсыг тогтоодог. Гэхдээ Монголд шударга гэж үзэж байгаа юмыг өөр улсад шударга биш гэж үзэж болно. Тухайн улсынхаа хуульдаа тусгаад л явна гэсэн үг. Энэ шалгуураар явуулахыг бид нэлээд хичээсэн. Гэхдээ Авлигатай тэмцэх үндэсний шударга ёсны тогтолцооны хөтөлбөр маань зөвхөн Авлигатай тэмцэх үндэсний хөтөлбөр болоод батлагдсан байсан. Манайд хүмүүс нь шударга ёсны тогтолцоогоо ойлготол нилээд хугацаа орох  байх аа даа.

-Хууль тогтоож байгаа хүмүүс нь өөрсдөө хуулиа зөрчөөд байгаа нь бүх хүний нүдэн дээр ил байдаг ч хариуцлага хүлээдэггүй. Эрх мэдэлтнүүдэд хариуцлага хүлээлгэх ямар нэг Үндсэн хуулийн механизм байж болох уу?

-Ийм хариуцлагын тогтолцоо хэрэгтэй гэдгийг одоогоос дөрвөн жилийн өмнө “Эмэгтэйчүүдийн нүдээр” гэдэг Үндэсний чуулган дээр илтгэл тавихдаа нилээд үндэслэлтэй гаргаж байсан. Бид яг нэг ангалын ирмэг дээр ирээд байна, жаахан хальтирах л юм бол ангал руу унахад ойрхон байна гэж илтгэлээрээ сануулж байсан л даа. Тиймээс одоо байгаа хуульдаа нийцэж ажиллая, энэ нь хариуцлагын хэмжүүр юмаа гэдэг илтгэл тавьж байсан. Хэрвээ хариуцлага алдвал зохих шийтгэл байх ёстой л доо.

Мөн илтгэлд УИХ-ын гишүүнийг эргүүлэн татдаг болгоё ч гэж ярьж байсан. Бүх л хуульд хариуцлагыг ямар нэг хэмжээгээр тусгаж өгсөн байдаг. Ямар ч хууль баталсан, түүнийг хэрэгжүүлдэггүй, тэр бүү хэл баталсан хүн нь зөрчөөд явж байна гэдэг нь Үндсэн хууль муугаас болоод байгаа юм биш. Үндсэн хуульт ёсонд 25 жил суралцаж буй бидний эрх зүйн ухамсар, боловсрол маань хүрэхгүй байгаатай л холбоотой.

Төлөөллийн ардчилал нь намайг төлөөлөх боломжтой гэж үзсэн хүнээ л сонгодог зарчим учраас шалгуур тавихад их хэцүү. Гэхдээ Үндсэн хуулийн тогтолцооныхоо үүднээс хэрвээ сонгогдсон хугацаандаа шалгуурт нийцэж ажиллаж чадахгүй бол дараагийн сонгуульд сонгогдохгүй л гэсэн үг. Тэр улстөрийн хүчин, улстөрчид ард түмэн итгэлээ дахиж өгөхгүй. Гэтэл үүнийг өнөөдөр хууль зүйн агуулгаар нь хэрэгжүүлэх боломжгүй болчихоод байна л даа. Хууль зөрччихөөд, дараа нь хүмүүсийн хэрэгцээнд нь нийцсэн мөнгө, амлалт өгчихөөд дахиад л гараад ирчихдэг, дахиад л хуулиа зөрчдөг.

Үүнийг хааж өгсөн хаалтууд бүгд хуульд бий. Харамсалтай нь дагаж мөрддөггүй. Тийм ч учраас нийтдээ шударга бус  болчихоод байгаа юм.

-Та өндөр түвшний авлигын талаар нэлээд ярьдаг хүмүүсийн нэг. Сүүлийн үед МАН-ын дотоодод өрнөж буй үйл явдлаас улбаалсан мэдээллүүдийг сонсоод байхад өндөр түвшний авлига үнэхээр “өндөр түвшинд” оччихсон юм байна л даа. Тэр нь илэрч,хуулийн аргаар биш юмаа гэхэд  улстөрийн аргаар  өөрчлөх тэмцэл яваад байх шиг...?

- Олон улсын байгууллагын шугамаар 2014 онд  нэг судалгаа хийж, түүгээрээ Монголд өндөр төвшний авлигад автах, өртөх, тэр нь газар авах эрсдэл маш өндөр байгааг гаргаж тавьсан. Тиймээс олон улсын авлигатай тэмцэх хэм хэмжээний хүрээнд Эрүүгийн хуульдаа энэ төрлийн авлигын заалтыг оруулж өгөх санал гаргаж байсан.

Олон улсын хэллэгээр Grand corruption, pollitical corruption гэж нэрлэдэг. Энэ бол набор бие биедээ өгөхтэй адилгүй авлигын төрөл. Эрх мэдлээ ашиглаж, их хэмжээний ашиг гаргах шийдвэр гаргадаг үйл явцыг өндөр түвшний авлигал гээд байгаа юм.  Жишээ нь, үнэ тогтворжуулах хөтөлбөр, ноосны урамшуулал бол үүний жишээ. Тиймээс ер нь авлигатай тэмцэх, тэр дундаа өндөр төвшний авлигатай тэмцэх зохицуулалтуудыг Үндсэн хуулийн нэмэлт, өөрчлөлтөөр сайтар хийж өгөх нь болохгүй зүйл биш гэж боддог.

Үгүй ядаж л өөрсдийн эрх ашгийн төлөө хууль баталж байгаа гишүүнийг эргүүлэн татдаг байх заалтыг Үндсэн хуулийн нэмэлтээр оруулах нь чухал. Мөн Авлигын эсрэг олон улсын байгууллагаас ирүүлсэн зөвлөмжийг “одоохондоо дээгүүрээ авлигатай байхад...” гээд хэрэгжүүлэхгүй орхиж болохгүй л дээ.

-Улстөрийн намын санхүүжилтийн асуудал нь өөрөө авлига бас болоод байгаа...?

-Улстөрийн намын санхүүжилтийн асуудлыг бол одоо нэг шийдэх цаг болсон. Уг нь Үндсэн хуулийн 16 дугаар зүйлийн 10-д “... Нам, олон нийтийн бусад бүх байгууллага нийгэм, төрийн аюулгүй байдлыг сахиж, хуулийг дээдлэн биелүүлнэ” гэж заасан л байгаа. Гэтэл өнөөдөр хаана ч байхгүй эрх мэдлийг хэрэгжүүлдэг л хүмүүс болж хувирлаа.

Үндсэн хуулийн заалтыг бусад хуулиар дэлгэрүүлдэг.Тэр дэлгэрүүлсэн хуулиуддаа сайжруулсан зохицуулалт хийхгүй, эсвэл байсныг нь авч хаячихаад одоо дахиад  Үндсэн хуулийн нэмэлт, өөрчлөлтөд оруулна гээд байгаа нь бидний эрх зүйн соёл алга болсны л илрэл. Хууль хэрэгжүүлнэ гэдэг хүний ухамсар, соёлтой л холбоотой асуудал.

Хэн ч гарах боломжтой  төлөөллийн ардчиллаар сонгогдоод гараад ирлээ гэж бодоход “Би бусдыг төлөөлж байгаа шүү” гэсэн ухамсар сэтгэхүйгээр өөрийгөө боловсруулах хэрэгтэй. Би 25 жилийн хугацаанд гишүүн болчихоод өөрийгөө боловсруулаад явж байгаа хүнийг бараг л хараагүй.

Улс төрийн намын санхүүжилтын асуудал маш чухал. Дэлхийд байдаг намын санхүүжилтийн хоёр янзын урсгал манайд бас зөрчилдсөөр байж л байна. Төрийн санхүүжилт болон бусад эх үүсвэр гэсэн зарчим л даа.

Ер нь хуулиа сахиад явбал манай улс төрийн намын санхүүжилтын талаарх эрх зүйн зохицуулалт муугүй шүү дээ. Харин сонгуулийн санхүүжилтыг цэвэр төрийн санхүүжилт байлгаж байж, шударга ёс хэрэгжинэ.

Өнгөрсөн УИХ-ын сонгуулийн бүрэн эрхийн хугацаанд байсан манай эмэгтэй гишүүд баруун европын орнуудад “хүүхнүүд 2000 евро л сонгуульдаа зарцуулсан” гэж байна гээд л гайхаад ярьж байсныг сонссон. Тэнд бүх юм хуулиар зохицуулагдаж, хүн бүр түүнийг сахиж, сонгуулийн гарааг ижилтгэх үүднээс төрөөс санжүүжилт хийж байгаа юм шүү дээ.

-Та МАН-ын олон жилийн гишүүн. Удирдах зөвлөлийн гишүүн байсан, сонгуульт ажлуудыг ч хийж явсан. Өнөөдөр МАН-д өрнөж буй үйл явцыг юу гэж дүгнэж байна вэ?

-Нам бол улстөрийн соёлыг бүрдүүлдэг, нийгмийг өөрөө хөтөлдөг хүч юм гэдэг ойлголтыг бүр арчаад хаячихсан гэж боддог.Нам өөрийн үзэл бодолдоо тулгуурлаж, нэгдэж засгийн эрхийн төлөө л явдаг.

Хуульд заасан агуулгаараа намын үүрэг, зорилго ийм байхад бид илүү хариуцлагатай байх ёстой. Түвшин жаахан доошлоод байна гэж  түрүүн хэлсэн. Үнэхээр МАН-ын үйл ажиллагаа, арга барил, сэтгэлгээний түвшин доошлоод байна. Монголын ард түмний олонхи МАН-д итгээд байна шүү дээ. Өөр намын гишүүд хүртэл итгээд л байна. Гэтэл тэр итгэлийн хариуд бүр нэг аргаа ядсан боловсролгүй шуналтай хүний үйлдэл, сэтгэхүйгээр хариу бариад байж болохгүй биздээ.

Тэгэж ерөөсөө болохгүй. Европын орнуудад улстөрийн намуудын дэргэд том том сангууд ажилладаг. Тэр бол өөрөө өөрийгөө боловсруулдаг механизм.

Манайд үйл ажиллагаагаа сайжруулах ямар механизм байх вэ гэдэг асуудлаар эрэлхийлэхээ бүр  байсан.

Одоо өрнөж байгаа үйл явцыг намын  гишүүний хувьд л хэвлэл мэдээллийн хэрэгслээс л харах төдий байна даа. Ер нь нам аль болох хурдан “хууль зөрчдөг, бусармаг үйлдлээс” татгалзаж чадна, тэр хэрээр бусдаар хүрээлүүлж, бусдын итгэлийг тээж явах боломжтой болно.

Хэдийгээр хэлсэн ярьсан болгон маань хүний дургүйг хүргэдэг байх гэж боддог ч 1978 оноос хойш энэ намын гишүүн байж, намын маш олон сонгуульт ажлыг хийж явсны хувьд нам маань зөв гольдиролд ороосой гэж хүсэх “сэтгэл зүрхтэйгээ” л явна даа.

 

Ярилцсан: www.gereg.mn 

 




Манай сайт таалагдаж байвал л LIKE дараарай

 

Шинэ мэдээ

Н.Энхболд:Миний хувийн бодол цэргийн албыг хоёр жил болгоход болохгүй зүйлгүй

2017-10-18 17:32

Австрали гадаад оюутны англи хэлний түвшинд хатуу шаардлага тавих боллоо

2017-10-18 17:11

Баруунтуруун сумын зодоон гарсан сургуулийн захирал халагдах өргөдлөө өгчээ

2017-10-18 16:59

16 иргэн орон сууцныхаа түлхүүрийг гардан авлаа

2017-10-18 16:47

Н.Цэрэнбатыг БОАЖ-ын сайдаар томиллоо

2017-10-18 16:40

Хятадууд өөрсдөө зохион бүтээж, үйлдвэрлэсэн ARJ21 нисэх онгоцоо амжилттай туршжээ 

2017-10-18 16:32

Насанд хүрээгүй хүүхдүүд хохирсон БЗД-т Хүүхэд хөгжлийн төвийг нь татан буулгасан байжээ

2017-10-18 16:14

Ашиглагдсан усыг нөхөн сэргээж, ирээдүйдээ нөөцөлнө

2017-10-18 15:47

“Их хотын хямдрал-378” нээлтээ хийлээ

2017-10-18 15:37

Зэсийн үнэ 7000 доллар давж өслөө

2017-10-18 15:19

Сэлэнгийн шүүх "салаавч" Ц.Баярцогтыг суллалаа

2017-10-18 15:04

Ши Жиньпин: Хятадын онцлогтой социализм шинэ эрин үед орлоо

2017-10-18 14:43

Т.Аюурсайхан: Оффшорын тухай хуульд 12 улсыг хассан нь өрөөсгөл байна

2017-10-18 14:33

Нийслэлийн 92 дугаар цэцэрлэгээс бүүрэг илэрчээ

2017-10-18 14:30

У.Хүрэлсүх: Хүчирхийлэлд өртсөн хүүхдүүдээс 10 мянган төгрөг нэхдэг журмыг цуцална

2017-10-18 13:37

Г.Занданшатарыг Монгол Улсын сайд, ЗГХЭГ-ын даргаар томиллоо

2017-10-18 13:16

Европын Холбооны хамгийн ядуу орнуудыг нэрлэжээ

2017-10-18 12:55

Шадар сайдаар Ө.Энхтүвшинг томиллоо

2017-10-18 12:38

Урлагийн сайхан гэр бүл хайр дүүрэн жаргалтай

2017-10-18 12:21

Шинэ MS-21-300 онгоц анх удаа Москва руу нисчээ

2017-10-18 11:48