Д.Нацагдорж: Яр янхны шуудан

2017-09-20 16:51      ГэрэгМН

Монголын орчин үеийн уран зохиолыг үндэслэгчдийн нэг Д.Нацагдоржийн бичиж туурвисан шүлэг найраг, өгүүллэг, жүжгийн зохиолууд он цаг улирах тутам л улам үнэ цэнийг олсоор.

Тэрбээр Ардын эрүүлийг хамгаалах яамны захиалгаар монголчуудаа эрүүл энх, өвчин зовлонгоос гэтгэлгэхийг хүсэн олон арван шүлэг найраглалыг бичиж байсан.

Их зохиолчийн эрүүл мэндийг сурталчилсан 53 бүтээлийг 1935 онд “Ардын эрүүлийг хамгаалах яамнаас өөрийн 10 жилийн ойд зориулав” гэсэн нэртэйгээр түүний нэргүйгээр ном болгон хэвлэж байжээ.

Д.Нацагдорж эдгээр суртал ухуулгын шvлэгтээ тухайн vеийн тулгар шаардлагыг тусгаж байж. “Эрүүл явбал улсын наадам үзнэ”(1935), “Эрүүл” (1935), “Өргүй бол баян” (1935) “Жаргалан” зэрэг шүлэгтээ энэ насандаа хүн эрүүл саруул аж төрж түүнийхээ төлөө анхаарал тавих нь чухал гэсэн санааг дэвшүүлсэн байдаг.

Тэгвэл эдүгээ цагт ч түүний шүлэг найргийг залууст ахин дахин хүргэж байх ёстой санагдана. Учир юу гэвээс, эдүгээ БЗХӨ, тэмбүү, ДОХ ихсэж байгаа түгшүүрт мэдээлэл түгсээр байна. Тиймээс л Д.Нацагдоржийн 80 гаруй жилийн өмнөх шүлэг найргийг дахин дахин нийтэлж, элдэв бузар өвчнөөс сэргийлэх ёстой байна.

Д.Нацагдорж эрүүл энхийн тухай шүлгээ ард түмэндээ их хайртай зохиолчийн догдолсон халуун сэтгэгдлээр бичсэнийг “Эмнэлгийн тухай ийм их сэтгэл санааны хөдөлгөөнтэйгөөр бичигдсэн шүлэг байдгийг би санахгүй байна. Үнэнийг хэлэхэд шинжлэх ухааныг аятайхан эвлэгээр шүлэглэж болно гэж бодоогүй юм” гэж (Поэзия Народной Монголии, ГИХЛ. Москва, 1961 стр 4) яруу найрагч Е. Долматовскийн үнэлжээ.

Тэгвэл шашинд гүнзгий итгэсэн итгэл бишрэлээ олон түмэн бүрэн алдаагүй, боловсон эмнэлгийн ёсыг төдий л ухамсарлаагүй 1920-30-аад оны үеэс тэдэнд хуучин нийгмийн байдлаас гарах арга замыг зааж шинэ аж төрх ёсыг хэвшүүлэх гэж шинжлэх ухаан, шинэ цагийн анагаахын энэрэл ачийг уран зохиолоор сурталчилсан явдал хүний ухаанд нэвтрэхдээ амар байснаас тухайн цагтаа “хэдэн арван эмчээс багагүй тус болсон” (Ц. Дамдинсүрэн . Дашдоржийн Нацагдоржийн амьдрал, уран бүтээл. Соёл утга зохиол, 1961 ¹44) хэмээн бичиж үнэлсэн байдаг. Ингээд Их зохиолчийн шүлгийг хүргэж байна.

ЯР ЯНХНЫ ШУУДАН

1.Өглөөний нар сая гарч уур цан оргилно

Өргөн чөлөөгөөр нэг ч хүн үл үзэгдэн нохой бас унтаж байна

Өнөөх хар хүн дамнуурчны гудамжнаас сүүмэлзэн гарч ирээд

Өлбөлзөн сөлбөлзөн алд дэлмээр алхана.

2. Өвлийн хүйтэн хангинаж байтал, дан сармай дээлтэй

Өрөөсөн гараа өвөртөө хийж, нөгөөх гартаа бас таяг барьжээ

Өргөө гэр нь хаана вэ гэвэл, хүрээ нийт, хороо даяар

Өчигдөр шөнө хэнийд хонов гэвэл, Хуар хүүхний халуун ханзан дээр

3. Харанхуй шөнөөр явахад дадалтай, ханцуйдаа гэрэлтэй, хармаандаа хутгатай

Гудамжны нохой дайравч гөлөөг гэвэл түүнийг таниад буцна

Хөгшин хүнийг хуурч чадна, хүүхэд хүнийг айлгаж ч чадна

Хүүхэн хүнийг хөөж ч чадна, эхнэр хүнийг эргүүлж ч чадна

4. Нүдэндээ том гэгчийн дүгрэг шил хийж, хүнтэй уулзвал хөмсгөө зангидна

Нүүртээ бага бага оо тавьж, хүүхэн уулзвал бас жаахан духи үнэртүүлнэ

Хийдэг ажил нь юу вэ гэвэл хэсэх, тэнэх хэрэлдэх, зодолдох хааяа хааяа

Хичээл эрдэм нь аль гэвэл хүүхэн мүүхэн, хөзөр даалуу, архи дарс, алиа зугаа

5. Өчигдөр гар тариулсан өнгөрсөн шөнө нойр бас дутуу

Өнөө өглөө жавар чанга, одоо хаашаа одох юм билээ

Өнөөх айлдаа ор юу, өглөөний цайг бууд юу?

Өндөр хоршоонд ор юу, өнөөх хүүхнийг хүлээ юу?

6. Ууж идэхийг яарахдаа урт хөлөө гуравдугаар араанд залгав

Ууцаан үүрч, элгээн тэврээд, урт хороо уруу харайлгав

Гудамжны дунд нэгэн юмны үнэр өндөр хамрыг цохив

Гурвантаа шиншиж, ийш тийш хэдэнтээ хараад тэр зүг тэмүүлэв

7. Тэр айлын үүдэнд очоод, дээлээ засаж малгайгаа тэгшилнэ

Дэргэдүүрээ хүн гарахад, дээгүүр харж төв байдлыг гаргана

Нүднийхээ жилийг арчиж, нүүрнийхээ тоосыг цэвэрлэнэ

Нусаан нийж, хоолойгоон засан, хоёр гурав ханиагаад оров

8. Олон хүн тулга тойрон суухад нь толгой дараалан мэндлэв

Орон дээр нь сандайлаад, олон хэлийг хольж ярина

Цай авчраад өгөхөд нь “За за зүгээр зүгээр” гэнэ

Цаашаа аваад явахад нь “За яахав нэг хийгээд аль” гэнэ

9. Буурал толгойтой эмгэн будаатай цай хийгээд

Бувар бувар хүлхэж, буйл завжаа бунтайлгана

Өнөөх хүний өлссөнийг хэлэх үү, өнөөх чавганцын идэхийг хэлэх үү

Үмхэж хүлхэж байгаа юманд нь өт хорхой хөдөлнө

10. Баруунтаа суусан хүүхний хөөрхөнийг хэлэх үү

Пялан дотор байгаа махны сайхныг хэлэх үү

Хорхойг хөдөлгөсөн түүний нүд, хоёр дээр ээлжлэн тусахад

Хойгуур урдуур суусан хүүхдийн шивэр авир ярилцах нь хэцүү

11. Хөгшин авгайг эмээ гэж аргадаад, элдэв юм ярьж,

Хөөрхөн хүүхнийг дүү минь гэж энэ тэрийг асууна

Хуучин танил гэж худал хэлэн, хоршооны түшмэл гэж хоймор сууна

Хуудас гаргаж, хий гайхуулан хувь цалин ихтэй гэж хээв ярина

12. Өглөөний цайны яриа үдшийн хоолны үед хүрэв

Өнөөх хүн хэдийнээ хоймор суув.

Хоол хийх болов

Хэсэг махыг тас тас цавчин, бүдүүн өөхийг бөөнөөр холино

Хийсэн хоол нь хүүхэнд хурцдаж, чавганцад шорвогдов

13. Хүргэн хүү ч болов. Хэдэн шөнө ч хонов. Гэрийн эзэн ч суув

Хориод өдөр ч өнгөрөв. Хөөрхөн хүүхэн ч ярвайна

Энэ тэрийг асуухад ичих царай, өвдөх нүүр

Эрүүлийг хамгаалахад орвол ичгүүрт яр гэнэ

14. Үүнийг хэнээс олов гэвэл, өнөөх хүнээс зайлахгүй

Өөрийг нь авчраад үзвэл, үнэр танар нь ч муухай

Хайран хүүхнийг гэмтүүлснийг харааж зүхэвч баршгүй

Халдаасны хууль байх тул өнөөх түүнийг эдлэв

1934 он




Манай сайт таалагдаж байвал л LIKE дараарай


Сэтгэгдэлүүд


Анхааруулга! Уншигчдын бичсэн сэтгэгдэлд gereg.mn хариуцлага хүлээхгүй болно. Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй.
Зочин

Үндэслэгчдийн нэг Нацаг агуу. Зохиол ч бас төлөв. Гэхдээ нэг учир байна ардууд минь. Өвчин халдаагчийг мэдээж зүхэвч баршгүй. Гэвч халдварт өвчнийг дамжуулан авагч хүүхнийг хэн шүүмжилсэн билээ, та минь? Алив үүл борооны хэрэгт ер ганц хүн оролцдог буюу? Эрх биш арга бэлгэ нийлж хэрэг бүтью. Хар хүн элдэвлэвч хүүхнийг хүчээр аваачсан билүү? Аяыг дагалдагч энэ хүүхэн, алтан амиа алдагч саяхны 13-тай охин үнэн хэрэгтээ бүгд гэмтэнгүүд бус уу? Алив нэг хүүхэн хүний биеийг үнэлүүлэх хэрэг босоход бид яагаад дан ганц 3-дагч этгээдийг хамаарах гээд байдаг нь юу вэ? Тэр биеэ үнэлэгч эм ӨӨРИЙН МЭДЭЛТЭЙ ХҮН БИШ ГЭЖ ҮҮ?

2017-09-21 01:01    150.129.140.71

Сэтгэгдэл нэмэх

 

Шинэ мэдээ

Цаг үе

Үүл буудаж, цас оруулжээ

2018-04-19 15:08