Хатаж буй Ганга аврал эрж байна

2017-05-22 18:03      ГэрэгМН

Ганга нуур нь Дарьганга сумын төвөөс зүүн урагш арваад километрт Молцог элсний зүүн хойд захад орших хоёр орчим хавтгай дөрвөлжин километр талбайтай, цэнгэг устай нуур. Ганга нуур орчмын нутгийг 2004 онд улсын тусгай хамгаалалтад авсан байдаг. Гэвч тусгай хамгаалалтынхан болоод усны сав газрынхан ч хамгаалж чадахгүйд хүрч арга мухарджээ. Ганга нуур ширгэхэд нөлөөлөх байгалийн давагдашгүй хүчин зүйлээс шалтгаалан ширгэж жилээс жилд усны төвшин цэнгэг байдал нь алдагдаж байна.

Ганга нуурын усны түвшин 2008 оноос багасч, 2007 онд нуурын усны түвшин захдаа 40-50 см, голдоо 1.5 м байсан. Харин одоогийн  байдлаар захдаа 18-25 см, голдоо 0.5 м гүнтэй, гол хэсэг харагдах болсон нь өмнөх дөрвөн жилийнхээс даруй 200-300 м дотогшилж, гүн нь багасчээ. Ганга нуурт өмнө нь 21 булаг шанд цутгадаг байсан бол өнөө Баянбулаг, Хараатан  гэж хоёрхон нуур тэжээж байна.

Малын бэлчээрийн даац хэтэрсэн нь Ганга нуурт нөлөөлж байна

Ганга нуур орчимд нийт 20 хот айлын 37 өрхийн 16024 орчим толгой мал ундаалдаг. Хэт халалт, хуурайшилт, элсний нүүдлээс шалтгаалж Ганга нуур ширгэж байгаа хэдий ч, хүний буруутай үйлдэл ч нэгэн томоохон шалтгаан болж байгаа юм .

Өөрөөр хэлбэл нуураа дагаж амьдардаг малчдын  16 мянга гаруй толгой мал Ганга нуурын орчимд бэлчээрлэн, ундаалж нуурын усыг бохирдуулж   байгаа нь нуурын мөхөлд багагүй нөлөөтэй. Ганга нуурын орчимд үеийн үед иргэд амьдарсаар ирсэн ч малаа услаад гаргадаг байсныг учир мэдэх хөгшчүүд ярьдаг.

1990  онд 67 мянган толгой малтай байсан малчид Ганга нуурт нөлөөлдөггүй байж. Гэвч сүүлийн үед малаа бэлчээрт нь гаргаад тэр чигээр нь орхиж хэт халуунд нозоорсон адуу  нууранд өнждөг нь малчдын буруутай шууд нөлөөтэй үйлдэл юм. Харин сүүлийн жилүүдэд Ганга нуурыг хамгаалах ажил эрчимтэй явагдаж байгаа ч хөрөнгө мөнгөнөөс шалтгаалан санасандаа хүрэх хэмжээнд чаддаггүй гэдгээ нуурын усыг хамгаалах сав газрын мэргэжилтэн ярьж байсан юм.

Өнгөрсөн жил малын хөлөөс хамгаалахаар 40 сая төгрөг зарцуулж хамгаалалтын бүс гаргаж хашлага хийсэн. Гэсэн ч Ганга нуур орчимд хур тунадас багасч элсний нүүдэл нэмэгдэх аюулыг зогсоож чадахгүй байгаа юм .

Жуулчдын татуулсан зам байгальд сөргөөр нөлөөлж байна

Намартаа нэг цугладаг хунгийн чуулган дотоод, гадаадын жуулчдыг эрхгүй татдаг. Гэвч жуулчдын татуулсан зам байгальд сөргөөр нөлөөлж байна. Дарьганга сумын нутаг Ганга нуур руу хөтлөх олон зам гарчээ.

Ганга нуурыг зорих жуулчдын тоо , автомашины гаргасан зам, хүний хөлийг дагасан байгалийн эвдрэл, хог хаягдал гээд  жилээс жилд нэмэгдсээр .2008 онд Алтан овооны их тахилгаар Дарьганга суманд 100.000 орчим хүн очсон гэсэн албан бус тоо байгаа юм. 

Нуур ширгэж, замагшиж, цуглах шувуудын тоо ч цөөрчээ. Нуурыг хамгаалдаг байсан модлог ургамал ч малын хөлөөр устжээ. Мод устаж үгүй болсноор молцог элсний нүүдэл нэмэгдэж одоогоос таван жилийн өмнө  250 метр түрж орсон байдаг. Өдгөө энэ хэмжээ буураагүй, бас зогсоогүй.

Молцог элсийг хамгаалахаар ажиллаж байна

Ганга нуурыг аврах бас нэгэн арга бол молцогт элсийг хамгаалах явдал. Өөрөөр хэлбэл мод, сөөг тарьж молцог элсний нүүдлийг зогсоох явдал юм. 2012 онд  25 га газарт 3-4 жилий настай 5000 тооны хайлаас, бургас болон манай хөрсөнд нэн тохиромжтой улиасыг тарьсан.

2016 онд 4500  мөн бургас, хайлаас мод тарьж элсний нүүдлийг зогсоох арга хэмжээ авсан ч тэр бүр ургадаггүй. Учир нь тариад усалгаа арчилгааг хийх боломж байдаггүй байна.

Тиймээс мод үржүүлгийн газар байгуулж, 2015 онд гүний хутагтай болж, үүлэнд зориудаар нөлөөлж хур оруулах ажлуудыг холбогдох байгууллагууд нь хийж эхэлжээ. Энэ мэт олон жил  байгалиа , нуураа хамгаалах бага ч болов ажилласаар байгаа боловч эдийн засаг, хүн хүчин хүрэлцэхгүй байсаар өнөөдөр мөн л энэ аюул холдсонгүй. 

Г.Отгон 




Манай сайт таалагдаж байвал л LIKE дараарай


Сэтгэгдэлүүд


Анхааруулга! Уншигчдын бичсэн сэтгэгдэлд gereg.mn хариуцлага хүлээхгүй болно. Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй.
Зочин

Оюунхорол авгай аварна гээд байсан яасан бэ

2017-05-23 13:57    202.55.183.173

Сэтгэгдэл нэмэх