Төрөөс мэдээлэл олж авах иргэний эрхийн хуулийг Та мэдэх үү?

2018-05-28 00:09  

Иргэдийн мэдэх эрхэнд зориулж төрөөс мэдээлэл олж авах иргэн, хуулийн этгээдийн харилцааг зохицуулсан холбогдох хуулиуд болон хуулийн зарим заалтыг цувралаар танилцуулж эхэллээ.

Энэ удаад  Төрийн  үйл ажиллагааны ил тод байдал болон иргэн, хуулийн этгээдийн мэдээлэл хайх, хүлээн авах эрхийг хангахтай холбогдсон харилцааг зохицуулдаг Мэдээллийн ил тод байдал ба мэдээлэл авах эрхийн тухай хуулийн талаар мэдээлэл хүргэе.

 Мэдээллийн ил тод байдал ба мэдээлэл авах эрхийн тухай хууль 2011 онд батлагдан хэрэгжиж байна.

 Уг  хууль нь улсын болон орон нутгийн төсвөөс санхүүждэг дараахь байгууллагуудад хамаатай юм.

  • УИХ-ын Тамгын газар
  • Ерөнхийлөгчийн Тамгын газар,
  • Засгийн газрын Хэрэг эрхлэх газар,
  • ҮАБЗ-ийн ажлын алба,
  • төрийн захиргааны төв болон бусад төрийн захиргааны байгууллага,
  • бүх шатны шүүх, прокурорын байгууллага,
  • УИХ-ын бүтцийн байгууллагууд,
  • нутгийн захиргааны болон нутгийн өөрөө удирдах ёсны байгууллагын ажлын алба,
  • орон нутгийн өмчит болон орон нутгийн өмчийн оролцоотой хуулийн этгээд;
    • төрийн өмчит болон төрийн өмчийн оролцоотой хуулийн этгээд;
    • Засгийн газрын тухай хуулийн[5] 19 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасны дагуу төрийн гүйцэтгэх байгууллагын тодорхой чиг үүргийг гүйцэтгэж байгаа төрийн бус байгууллага;
    • олон нийтийн радио, телевизийн байгууллага-д хамаарах юм.

Уг хуулиар Мэдээллийн ил тод байдал ба мэдээлэл авах эрхийг хангах үйл ажиллагаанд баримтлах зарчмыг зааж өгсөн.

УГ ЗАРЧМУУД НЬ:

  • хууль дээдлэх;
  • иргэн, хуулийн этгээдийн хууль ёсны ашиг сонирхлыг хүндэтгэх;
  • хуулийн дагуу нууцад хамааруулснаас бусад бүх мэдээлэл нээлттэй байх;
  • хараат бус байх;
  • мэдээллээр хангах үйл ажиллагаа шуурхай байх зарчмыг зааж өгсөн байдаг.

Хуулийн хамрах хүрээний дээрх төрийн байгууллагуудын дараахь мэдээллүүд ил тод байна гэж анхны батлагдсан хуулиар зааж өгчээ.

ҮҮНД:

  • үйл ажиллагааны ил тод байдал;
  • хүний нөөцийн ил тод байдал;
  • төсөв, санхүүгийн ил тод байдал;
  • төрийн болон орон нутгийн өмчийн хөрөнгөөр бараа, ажил, үйлчилгээ худалдан авах ажиллагааны ил тод байдал.

Харин дараа нь 2014 онд хуульд нэмэлт, өөрчлөлт оруулж төсөв, санхүүгийн болон худалдан авах ажиллагааны ил тод байдлыг Шилэн дансны хуулиар зохицуулахаар болжээ.

Шилэн дансны тухай хуулийг бүрэн эхээр нь ЭНД дарж уншина уу.

 Мэдээллийн ил тод байдал ба мэдээлэл авах эрхийн тухай хуулийг ЭНД дарж бүрэн эхээр нь уншина уу.

Иргэн Мэдээллийн ил тод байдал ба мэдээлэл авах эрхийн тухай хуулиар олгогдсон эрхээ эдэлж чадахгүй буюу мэдээлэл авах эрх нь зөрчигдсөн бол дээд шатны байгууллага, албан тушаалтан, Хүний эрхийн Үндэсний Комисс, эсхүл шүүхэд гомдол гаргаж болохоор хуульд заасан.

Мөн мэдээлэл өгөхгүй байх асуудлыг ч хуульчилж өгсөн.

  • Монгол Улсын үндэсний аюулгүй байдал, нийтийн эрх ашигт хохирол учруулах бодитой үндэслэл байгаа бол;
  • тухайн мэдээлэл нь Монголбанк, Санхүүгийн зохицуулах хороо, өрсөлдөөний болон мэргэжлийн хяналтын асуудал эрхэлсэн төрийн захиргааны байгууллагад хянан шалгагдаж байгаа асуудалтай холбоотой бол;
  • хэрэг бүртгэх, мөрдөн байцаах, шүүн таслах ажиллагааны явцад төр, байгууллага, хувь хүний нууцыг хамгаалах шаардлагатай бол;
  • тухайн мэдээлэл нь олон улсын гэрээ, хэлэлцээр байгуулах явцтай холбоотой бол;
  • хууль тогтоомжид заасан бусад асуудлаар мэдээлэл өгөхийг хоригложээ.

Төрийн байгууллагаас мэдээлэл авах иргэн, хуулийн этгээд үйлчилгээний тодорхой хөлс төлөх бөгөөд энэ нь уг мэдээллийг өгөхтэй холбогдон гарах хувилах, шуудангаар хүргүүлэх зэрэг шууд зардлаас хэтэрч болохгүй хэмээн заажээ.

Мөн хуулийн  12.1.3-т “Мэдээлэл хүсэгч нь мэдээлэл авах болсон шаардлага, үндэслэлээ тайлбарлахгүй байх” хэмээн заасныг хүмүүс тэр бүр мэддэггүй.

ИРГЭДИЙН МЭДЭХ ЭРХИЙН КЛУБ 

 

 

 




Манай сайт таалагдаж байвал л LIKE дараарай