Гаалийн албан татвараас чөлөөлөх тухай хуулийг дагаж мөрдөх журмын тухай хуулийн танилцуулга

2018-06-19 10:23  

2018 оны дөрөвдүгээр сарын 19-ны өдөр Засгийн газраас өргөн мэдүүлсэн Гаалийн албан татвараас чөлөөлөх тухай хуулийн төслийг Улсын Их Хурал 2018 оны тавдугаар сарын 10-ны өдөр баталсан. 

 Төрөөс ойн талаар баримтлах бодлогын зорилтыг хэрэгжүүлэх, ойн санг нэмэгдүүлэх, мод, модон материалын хэрэгцээг импортын модоор хангах зорилгоор импортоор оруулж байгаа гуалингаас бусад түлшний зориулалтын мод, тууш чиглэлийн нимгэн давхаргатай хавтан /OSB/, стандартын дагуу хийгдсэн, угсрахад бэлэн модон барилгын угсармал хийцийг гаалийн албан татвараас 2022 оны арванхоёрдугаар сарын 31-нийг өдөр хүртэлх хугацаанд чөлөөлөхөөр  боллоо. 

    Энэ хуулийг 2019 оны нэгдүгээр сарын 1-ний өдрөөс эхлэн дагаж мөрдөх юм. 

    Гаалийн албан татвараас чөлөөлөх тухай хуулийг дагаж мөрдөх журмын тухай хуулийг мөн баталлаа. Энэ хуулиар 2018 оны нэгдүгээр сарын 1-ний өдрөөс 2019 оны нэгдүгээр сарын 1-ний өдрийг хүртэлх хугацаанд импортоор оруулсан тууш чиглэлийн нимгэн давхаргатай хавтан /OSB/, стандартын дагуу хийгдсэн, угсрахад бэлэн модон барилгын угсармал хийцэд ногдуулсан гаалийн албан татварыг буцаан олгохоор боллоо. Буцаан олгох заалтыг Нэмэгдсэн өртгийн албан татвараас чөлөөлөх тухай хууль хүчин төгөлдөр болсон өдрөөс эхлэн дагаж мөрдөнө. 

Хуулийн төсөл батлагдсанаар ойжуулалт, цэцэрлэгжүүлэлт, ойн аж ахуйн арга хэмжээний ажлын чанар, цар хүрээг нэмэгдүүлэх, мод модон бүтээгдэхүүний эрэлт, нийлүүлэлтийн тэнцвэрийг хангах замаар ойн нөөцийн зохистой ашиглалт, нөхөн сэргээлтийг сайжруулан, улс орны ойн санг нэмэгдүүлэхэд бодитой үр дүн гарах болно.




Манай сайт таалагдаж байвал л LIKE дараарай