Responsibility,accountability хоёрын ялгаа

2018-06-06 20:19  

Англи хэлний responsibility, аccountability хэмээх хоёр үгийг ялгаатай хэрэглэх тухай 2016 онд Дэлхийн банкны зүгээс холбогдох эрдэмтэн,судлаачдын дунд хэлэлцүүлэг зохион байгуулж, нэг дүгнэлтэд хүрчээ. Ингэснээр responsibility-г  “хариуцлага”, аccountability-г “эгэх хариуцлага” хэмээн монгол хэлнээ нэрлэхээр тогтсон байна.

Монгол хэлний толь бичгүүдэд дурдсанаар, “хариуцлага” гэдэг нь хариуцах үйлийн нэр буюу нэгэн биедээ ажил үүрэг хүлээсэн утгатай үг. Харин “эгэх” гэдэг нь хойш буцах, арагшаа ухрах, буцаж ирэх (эгэж ирэх) хэмээх утгатай. Австралийн Үндэсний их сургуулийн Төрийн бодлогын хөтөлбөрийн профессор Ричард Малген “хариуцлага” гэдгийг дотогшоо чиглэсэн буюу хувь хүний ухамсрын мөн чанартай, харин “эгэх хариуцлага” гэдгийг гадагшаа чиглэсэн буюу хоёр талт харилцааны хүрээнд ашигладаг гэжээ. Энэ тухай Швейцарийн хөгжлийн агентлаг, Дэлхийн банкны хамтарсан санхүүжилтээр хэрэгжиж буй  “Нийгмийн эгэх хариуцлага” төслийн номонд өгүүлжээ.

Нэг үе хувь хүнд чиглэсэн хариуцлагын тухай ярьдаг байсан бол одоо нийгэм, хамт олонд чиглэсэн хариуцлагын асуудлыг түлхүү ярьдаг болсон. Нийгэмшин нэгдэх замаар хамтын сайн сайхан ирээдүйг бүтээх шаардлага нь эргэх холбоо, эргэх хариуцлага (эгэх)-ын асуудалд чухалчлан анхаарах хэрэгцээ аж.

Энэ утгаараа “эгэх хариуцлага” нь  төрийн албан хаагчид иргэдийн өмнө хүлээсэн үүргээ ухамсарлах, ажил үүргээ шударгаар гүйцэтгэх, төрийн бодлого, шийдвэрт иргэд оролцох боломжтой байх, хариуцан тайлагнах, хариуцлага хүлээх ойлголтууд. Мөн харилцан хэлэлцэх, хамтран хийх юм.

  Г.Сартуул (Иргэдийн мэдэх эрхийн клуб)




Манай сайт таалагдаж байвал л LIKE дараарай