
–2022 оны эхээр “Монголын үнэн” сонинд нийтлэгдсэн нийтлэлийг дахин нийтэлж байна-
Өнгөрсөн үегүй одоо ба ирээдүй байх боломжгүй. Өнгөрснөө илүү сайн танин мэдсэнээр одоо буй гацааг арилгаж, ирээдүйд зорьж буйдаа хүрэх жимийг илүү тод болгоно. Тиймээс өнөөдөр бүх эрх мэдлийг атгаж буй МАН-ын гишүүдийн дунд өнгөрснөөс өвлөгдөн үлдсэн зарим “өв”-ийн тухай эхлээд товч өгүүлсү. Учир нь тус нам 30-р Их хурлаараа “ГИШҮҮН ТӨВТЭЙ ДЭВШИЛТЭТ НАМ” болохоор зорьсон бөгөөд дотоод ардчилалтай, гишүүдийн санал бодлоор аливаа асуудлыг шийддэг болохын төлөө явна гэсэн үг. Тэгвэл МАН-ын 280 мянган гишүүн намаа үнэхээр ардчилалтай болгож чадах уу? Ер нь өнгөрсөн,одоо, ирээдүй гурван цагт НАМЫН ГИШҮҮН гэж хэн бэ?
ӨНГӨРСӨН ҮЕИЙН НАМЫН ГИШҮҮН
Арван жилийн өмнө намайг “Монголын үнэн” сонинд ажилладаг байхад МАН-ын ахмад гишүүд сонинд их юм бичиж ирнэ ээ. Хуучныхаар бол “идэвхтэн бичигчид” тэр хүмүүсийн зарим нь ардчиллыг утгаар нь ойлгож, үнэт зүйлээ болгосон байхад зарим нь “энхрий хайрт” намаа энэ дэлхийн цор ганц байх ёстой гэсэн юм бичиж нийтлүүлэх гэж зүтгэнэ.
Намд элсэхийн тулд эхлээд орлогч гишүүн болж, багагүй хугацаанд Монголын хамгийн шилдэг хүн гэдгээ баталж, хамгийн гайхамшигт намын гишүүн болчихлоо гэх сэтгэхүйг үзэл суртлаар тархиндаа суулгасан тэр хүмүүсийн буруу гэж юу байхав. Нэгэнт шилдэгт тооцогдож, намын эгнээнд багтсан хүн ямар нэг алдаа (гэр бүлээсээ салах, даргын үгийг сөрөх гэх мэт нь ёс суртахууны алдаанд тооцогдоно) гаргахад л намаасаа хөөгдөх учир чимээгүйхэн шилдгээ батлаад сууж байхыг илүүд үзнэ. Шилдгээ он удаан жил баталж чадвал ажил, карьер, шагнал бороо мэт асгарна.
Социализмын их бүтээн байгуулалтыг босголцож, шинэ соёлын үрийг тарилцсан гавьяат зүтгэлтнүүд бүгд намын гишүүн байдаг нь тэр үеийн тогтолцоотой л холбоотой хэрэг. Хариуцсан ажлаа хэнээс ч дутахгүй хийдэг хэрнээ намын эгнээнд багтаагүй олон хүн тэр цаг үетэйгээ мартагдсан. Цаг үе нь тийм л байсан юм. Өнгөрснийг шүүх гээгүй, үнэн нь л тэр. Гол нь өнгөрсөнд биежин тогтсон ухамсар, соёл өнөө үед уламжлагдан ирдэг учир одоо цагийн алдаагаа засахын тулд энэ тухай заавал ярих ёстой юм.
Орчин цагийн улстөр судлаачид социализмын үеийн намын гишүүдийг “амьгүй албат” гэж нэрлэсэн байдаг. 1980-аад оны сүүл гэхэд МАН (тэр үеийн МАХН) 100 мянга арай хүрэхгүй “амьгүй албат”-тай байжээ.
Түүхэн баримт бичиг сөхөж үзвэл МАН анх 1923 онд хуралдсан II Их хурлаар баталсан дүрэмдээ намын гишүүний тухай заалт оруулжээ.
Ингэхдээ ард хүн дөрвөн сар, томхон лам, ноёд бол найман сарын хугацаатайгаар намын орлогч гишүүн буюу туршилтаар “элсэх” дүрэм тогтоожээ. Дараа дараагийн намын дүрмүүдээр хоосон ядуу ардууд, үйлдвэрийн ажилчид, цэргүүд, дунд баячууд, тариачин, малчин, өмнө нь тайж ноёд байсан хүмүүс бүгд ямар нэг зааг, ялгаатайгаар туршигдаж, намд элсэж болохоор болсон байдаг.
Ингэж марксизм, ленинизмын ангийн ялгаа намын гишүүн дээр хэрэгжиж эхэлжээ. Хэрэв намын гишүүд хоорондоо ямар нэг асуудлаар маргалдаж, бие биесээ шүүмжлэх бол намын гишүүн бус этгээдийн дэргэд маргалдаж болохгүй гэх зэргээр нам бол “ариун зүйл” гэх суртал ухуулгыг дүрмээрээ зааж өгчээ.
Өнгөрсөн зууны дунд үеэс мөнөөх ганц нам нь “төвлөн удирдах ардчилсан зарчмаар” (хуучин дүрэмд яг энэ өгүүлбэрүүд бий) удирдаж эхэлсэн бөгөөд 1990 оны Онц Их хурлаар “ардчилсан нэгдлийн зарчим”-аар удирдах болж өөрчлөгджээ. Одоо бол “хамтын удирдлага,эв нэгдэл, дотоод ардчиллын зарчим”-аар үйл ажиллагаа явуулах дүрэмтэй.
Утгыг захирах уу, үгийг захирах уу? Үгийг хэрэв захирна гэвэл утгандаа таарахгүй нь олонтаа. Тэгвэл социализмын төвлөн удирдаж асан үед ч “ардчилсан” гэдэг үгийг хэрэглэж байв. Төвлөн удирдах гэдэг нь англиар democratic centralism гэсэн үг бөгөөд “…бүх гишүүд шийдвэрийг заавал биелүүлэх үүрэгтэй, төвлөрлийг шаардсан Ленинист зохион байгуулалтын тогтолцоо” гэж тайлбар тольд өгүүлжээ. Ийм төвлөн удирдах зарчмаар хүмүүжсэн сэтгэхүй чухамдаа пост коммунист орнуудын ардчиллын нэгэн “хорт хавдар” болж буй тухай барууны судлаачид бичсэн нь олон.
Монгол үүнээс яаж зайлахав. Эвгүйхэн ам ангайвал намаа муухай харагдуулчихна, дарга нартаа адлагдана, ажлаасаа халагдана гэсэн сэтгэхүйгээр жирийн намын гишүүд нь 30 жилийн турш “энхрий хайрт намынхаа ивээл нөмөрт” багтахыг хичээж ирсэн нь бодит төрх.
Ийм сэтгэхүй нь МАН-ыг дотоод ардчилалгүй болгож, цөөн хэдхэн хүнд “төвлөн удирдах” боломж олгож ирсэн учир Монголын улс төрд коммунизмын хий үзэгдэл тэнүүчилсээр байна.
Соц үед гэхдээ цөөн хэдэн дарга (магадгүй нэг дарга) төвлөн удирддаг байсан бол ардчиллын үед улс төр бизнесийн нам дамжсан бүлэглэл Монголыг тэр чигт нь төвлөрүүлэн залгиж буй. Намыг, дарга нарыг хэт шүтэх хуучин сэтгэхүй ардчилалд ямар их хортойг, намын гишүүн хэрнээ “амьгүй албат” мэт байх нь орчин цаг үедээ ямар нийцэмжгүй нь эндээс харагдана.
ӨНӨӨДРИЙН НАМЫН ГИШҮҮН
МАН 100 жилийн ойгоо тэмдэглэхдээ сүүлийн 30 жилийг бараг яриагүй юм. Нэг улс-нэг намын үеийг л ярьсан. Мэдээж сонгуулийн үеийн тактик байсныг ойлгох хэрэгтэй. Харин цаашид зөвхөн өнгөрсөн тэр цагаар бахархсанаараа урагш алхах боломжгүй учир 30-р Их хурлаас “гишүүн төвтэй дэвшилтэт нам” болох зорилт тавив. МАН-ын Ерөнхий нарийн бичгийн дарга Д.Амарбаясгалангийн илтгэлд дурдсанаар, нам дотоод ардчиллаа хөгжүүлснээр эрх мэдэлтнүүдийн эрх мэдлээ урвуулан ашиглах явдлыг хязгаарлаж, ёс зүйн хариуцлага тооцдог болох юм.
Авлигатай тэмцэх зорилгоор авлигын хэрэг нь нотлогдсон бол намаас гаргах зэрэг шийдвэртэй алхмуудыг ч хийж эхлэв.
Улс төрийн намууд бол ардчилсан тогтолцооны юугаар ч орлуулшгүй анхдагч нэгж, гол институт учир эрх баригч нам ийм шинэчлэл эхлүүлэхээс өөр зам үлдээгүй. “Юугаар ч орлуулшгүй” гэдэг үгийг анзаарсан байх. Нам нь сонгуульд өрсөлдөж, засгийн эрхийг хэрэгжүүлдэг цорын ганц институт учраас тухайн улс орон авлигад идэгдэх, хөгжиж дэвших эсэх бүх асуудлын зангилааны зангилаа нь намд л байгаа юм.
Намын зангилаа нь тэгвэл МАН-ын 280 мянган гишүүнд бий, уг нь. 2020 оны сонгуулийн дараагаас эхлээд өнөөдрийг хүртэл МАН-ын гишүүдийн дунд үргэлжилж буй нэг яриа бол “Энэ намын төлөө юу ч хийгээгүй, бүр өөр намын төлөө ажиллаж байсан хүмүүс тооноор орж ирээд дарга, сайд боллоо” гэх шүүмжлэл, гомдол. Би ч ийм зүйл ярьдаг.
Гэхдээ сүүлийн үед “Намаа ардчилсан байлгахын төлөө чи юу хийв” гэж өөрөөсөө асууж байгаа. Нам бол нандин зүйл,намын дарга нар маань бүр ч нандин “амьтад” гэсэн соц үеийн сэтгэхүй надад ч бас “энхрий хайрт намаа элэг зүрхэндээ нандигнасан” ахмад үеэс өвлөгдөөд үлдчихсэн байж мэдэх юм. Тэгээд мэдээж, шүүмжилмээр байгаа зүйлээ хэлж чадахгүй, бас л нэг “амьгүй албат” болчихсон юм болов уу.
Өөр нэг шүүмжлэл намын гишүүдийн дунд өрнөнө. Юу ч мэдэхгүй, цүнх баригч бацаанууд гэнэт дарга болцгоогоод улсын ажлыг “алж” байна аа гэцгээнэ. Дарга нарт “төвлөн удирдах” боломжийг чи дуугүй байснаараа өгчихсөн шүү дээ.Тийм л сүрхий карьер хөөх гэж намд орсон юм бол үгээ хэл, үзэл бодлоо илэрхийл, намын бүх шатанд ардчилсан механизмуудыг биежүүлэхийн төлөө зүтгэ.
Ардчилал гэдэг бүх хүнд тэгш боломж олгодог гайхамшигтай тогтолцоо. Тиймээс намдаа (үнэндээ бол даргыг аялдан дагалдаж л үнэнчээ баталдаг) хэтэрхий үнэнч байх мянга мянган соц зангаас болоод намын дотоодод ардчилал хумигдсаныг одоо бүгдээрээ ойлгож эхэлье.
Хуучин нийгмийн үед намын гишүүний асуудалд онцгой анхаарч, дүрмээрээ “чангалж” ирсэн шиг зүйл ардчилсан тогтолцооны Ардын намын дүрэмд байхгүй.
1992 оны дүрэмд “Намын нэр хүндэд хохирол учруулсан гишүүнийг намаас хасна” гэсэн хэт ерөнхий заалт нь нөгөө үнэнч гишүүдэд аянга мэт буусан байж магадгүй. Энэ заалт 97 оны дүрэмд орохдоо ардаа “олон түмэнд мэдээлнэ” гэх үгийг нэмжээ. 2005 оны дүрмээр арай тодорхой болж,гишүүний үүргээ биелүүлээгүй, намын дүрмийг гажуудуулсан, намын нэр хүнд, эв нэгдэлд хохирол учруулсан, эсвэл намаасаа нэр дэвшигчийн эсрэг сурталчилгаанд оролцсон бол намаас хасахаар болжээ.
Ингэж дандаа гишүүдээ “дарамталсан” дүрэм явсаар 2010 оноос эрх мэдэлтнүүдэд чиглэсэн нэг заалт орсон нь “Намаас сонгогдсон буюу томилогдсон төрийн өндөр албан тушаал эрхэлж байх хугацаандаа авлигын гэмт хэрэг үйлдсэн болох нь шүүхийн шийдвэрээр тогтоогдсон бол…” намаас гарсанд тооцох. Энэ заалт явсаар өнөөдөр, 30-р Их хурлаар л “амь” орж байгаа нь хамтран тоглох тоглоомын дүрмээ ер нь нийтээрээ л огт хэрэгжүүлж байгаагүйн илрэл гэлтэй.
Нам дотоод ардчилалтай байна гэдэг намын гишүүн бүх шатны шийдвэр гаргах үйл явцад оролцоно л гэсэн үг. 280 мянган гишүүн бүгдээрээ биш юмаа гэхэд ядаж тал нь намынхаа ажилд оролцоод эхэлбэл юу болохыг төсөөлж үзье.
Наанадаж авлига, ашиг сонирхлын гэмт хэрэг гарах нөхцөл бүрдэхгүй. Ёс суртахуунгүй, хувийн байдал нь шунахайн сэдэлтэй хүмүүс МАН-ын нэрээр албан тушаалд томилогдож очоод авлигын тор нэхэж байгаа нь хэнийг намын нэрээр томилох, дэвшүүлэхийг намын гишүүд ажил хэрэгчээр хэлэлцэхгүй байна л гэсэн үг.
Сонгуулиар намаа ялуулах гэж гутлын улаа эргэтэл, айлын нохойд хөөгдөн хөөгдөн явсан орон нутгийн нэгэн эмэгтэйн хүсэл мөрөөдөл сонгуулийн дараа эрэгтэй даргын тушаалын үзүүрт замхарсан бол тэнд ардчиллын механизм огт ажиллахгүй байгаагийн шинж.
Ардчилал илүү бодитой, илүү амьд байгаа газар л эмэгтэйчүүдийн эрх ашиг бодитой хангагдаж чадна. Гишүүн төвтэй нам болно гэсэн атлаа шат шатны намын удирдах байгууллага зөвхөн дарга нараар дүүрсэн байгаа бол дарга төвтэй нам хэвээр байна аа л гэсэн үг. Монголын сонгуулийн насны иргэд хоёр сая нэг зуун мянга. Үүний 280 мянга нь нэг намын гишүүн байна гэдэг үнэхээр маш их тоо. Аливаа байгууллагын хүний тоо хэт олшрох тусам ардчиллын механизм үйлчлэхээ больдог гэх судлаачийн дүгнэлт дээр энэ тоог жигнэж үзвэл МАН дотоод ардчилалгүй байгаагийн нэг шалтгаан ч байж мэднэ.
280 мянган “амьгүй албат” ардчилсан улсад байж болохгүй ээ. Намын гишүүн л юм бол намынхаа хурал хуйд оролц, ядаж татвараа төл. Тэгээд дарга нараасаа ардчилсан байхыг шаардья.
МАН бол элитийн нам биш, ардын нам. Ардын намд ардын хүүхдүүд дарга болдог гэсэн утга уянгаар ч яахав. Гэхдээ ардын хүүхдүүд нь эрх ашгийнхаа төлөө тэмцэхгүй бол элитүүд үе улиран эрх мэдэлд сууж, нэг л мэдэхэд кастын системтэй болчихсон, баян нь мөнхийн баян, ядуу нь мөнхийн ядуугаараа байх цаг үе хаяанд ирчихээд байна.
Үүнийг өөрчилье гэж МАН 30-р Их хурлаараа дэвшилтэт бодлогууд дэвшүүлсэн, гишүүн төвтэй нам больё гэсэн. Харин намын гишүүд энэ үйл хэрэгт оролцож байна уу? Ер нь оролцох бодол бий юу?
Өнөөдрийн намын гишүүд коммунизмын хий үзэгдлийг орхиод, ардчиллын амьд улс төрийн соёлыг төлөвшүүлмээр санагдана. МАН засгийн бүх эрх мэдлийг хэрэгжүүлж байгаа нөхцөлд “Нэг намын дарангуйлал тогтох нь” гэсэн болгоомжлол байгаа нь нууц биш.
Гэхдээ ардчилсан нийгэмд хэзээ ч хууль, дүрэм, журмаар дарангуйлал тогтдоггүй бөгөөд амьдрал дээр харин ардчилал хэлбэр төдий болчихдог.
Хэлбэрийн, гажуудсан ардчилалд хэдхэн хүн хожиж, нийтээрээ, нийгмээрээ хохирдог. Ийм болгохгүй гэж МАН Их хурлаараа шийдвэрээ гаргасан.Энэ шийдвэр амьдралд бодитой хэрэгжвэл жирийн гишүүдийн эрх ашиг жинхэнээсээ хангагдана. Тиймээс гишүүдийн оролцоо, идэвх, дуу хоолой л хүлээгдэж байна. Ардчилсан тогтолцооны намын гишүүд уг нь “амьд” хүмүүс.
2022 он. “Монголын үнэн” сонин.