
Өчигдөр УИХ дээр ойрд яригдаагүй сонин сэдэв яригдав. Сонин гэдэг нь Монголын улс төрийн хүрээнд, улстөрчдийн амнаас бараг гарахаа больсон сонгууль, хууль дээдлэх зарчим, ялгаварлан гадуурхахгүй байх зарчим гэх мэт үгстэй Үндсэн хуулийн Цэцийн дүгнэлтийг хэлэлцвэй.
УИХ-ын сонгуулийн тухай хуулийн 41.9-д сонгуулийн сурталчилгаа эхлэхээс өмнө УИХ-ын гишүүн тайлангаа тарааж, уулзалт хийж болох ба энэ нь сурталчилгаанд тооцогдохгүй гэсэн заалтыг Үндсэн хууль зөрчиж байна гэж Цэц үзжээ.
Учир нь ижил тэгш байх, хууль дээдлэх, хүн бүр хууль, шүүхийн өмнө эрх тэгш байх, ажил албан тушаалаар үл ялгаравлах зэрэг Үндсэн хуулийн зарчим зөрчигдсөн гэнэ.
Цэцийн дүгнэлтийг УИХ хүлээж аваад, сонгуулийн жилийн хавар тайлан нэрээр сурталчилгаа хийж явдаг УИХ-ын гишүүдийн давуу эрхийг хазаарлахаар болов. Тэгэхдээ зөвхөн УИХ-ын гишүүн биш “Аливаа этгээд” уулзалт хийж, цахимаар тайлангаа тавьж болно хэмээн өөрчлөхөөр болж.
“Аливаа этгээд” гэдэг нь гишүүн, сайд, жирийн иргэн хэн ч байж болох гэнэ. Гэтэл тайлан тавих, уулзалт хийх гэдэг ойлголт төрийн албан тушаалтанд л байхаас биш, жирийн иргэн ямар юмныхаа тайланг тавих вэ. Хэн нэгэн Дорж, Дулмаа уулзалт хийе гэвэл сонгогчид ирэх үү? Үгүй шүү дээ.
Тэгээд ч сонгуулийн жил гарангуут хэн хүссэн нь уулзалт, тайлан нэрээр сурталчилгаа хийж болох юм бол сонгуулийн сурталчилгааны албан ёсны 18 хоног гэж хугацаа заах ямар хэрэг байна? Гэж зарим гишүүд ярьжээ.
Ер нь манай Монголын улстөрчид, УИХ-ын гишүүд үргэлж өөрсөддөө “гахай илүү эрх” эдлүүлэх хууль баталдагийн жишээ дээрх 49.1 гэх заалт юм. Энэ удаа ч яаж ийгээд уулзалт хийх, тайлангаа тавих давуу эрхээ авч үлдэхээр хичээж буй нь илт.
Ойрд яригдаагүй сонин сэдвийн тухайд, 2024 оны УИХ-ын болон орон нутгийн сонгууль Монголын 35 жилийн түүхэн дэх анхны ТЭГ МАРГААНТАЙ сонгууль болсон.
Гэтэл мөнгө тараасан, санал худалдаж авсан, төрийн нөөцийг ашигласан, төрийн захиргааныхан хүртэл сонгуульд татагдан орсон гэх мэт маш олон Үндсэн хуулийн зарчим болон хууль зөрчсөн үйлдлүүд бүх хүний нүдэн дээр болсон. Санал хураалтын дараа намууд илхэн байгаа баримтуудыг хууль, хяналтын байгуулллагад өгөхөөр төлөвлөж байсан ч “хөнжлийн” Засгийн газар байгуулаад мартсан.
Ардчилсан, чөлөөт сонгуулийн зарчмаараа бол сонгууль гэдэг өрсөлдөөн. Жинхэнэ өрсөлдөөн гарвал маргалдана. Маргаан, мэтгэлцээн гэдэг зөв, бурууг олох хамгийн эрүүл арга. Гэвч Монголд улстөр өрсөлдөөн байхаа болиод хуйвалдаан болсны шинж нь ТЭГ МАРГААН.
Ердөө саяхан “Монголын хамгийн муу хүн байсан” генерал Б.Хурц Тайваньд консулаар томилогдсон гэнэ.
Гурван шатны шүүхээр гэмгүй иргэдийг эрүүдэн шүүсэн хэргээр ял авч, Х.Баттулга Ерөнхийлөгч байхдаа өршөөлөөр сулласан, удалгүй Өмнөд Солонгост суух Элчин сайдаар томилсон ч Солонгосын тал хүлээж авахаас татгалзсан гэх зэргээр түүнтэй холбоотой олныг шуугиулсан мэдээллүүдийг өнөөдрийн эрх баригчид өөрсдөө олон нийтэд өгч байлаа.
Тэгээд түүнийг “Монголын хамгийн муу хүн” гэж олонх нь боддог болсон. Тэгсэн чинь нөгөө муу хүнээ гадаад улсад улсаа төлөөлүүлэх консулаар томилчихов. Б.Хурц хэрэв буруугүй байсан бол ялласан, муу хүн гэж зарласан хүмүүс мэдээллээ залруулах ёстой биш үү? Гэтэл тэгсэнгүй, зүгээр л томилчихлоо.
Сонгууль шударга болсон хийгээд сонгуулийн өмнө муу хүн байсан нэгэн “сайн хүн” болж хувирах хоёр шууд холбоотой. Учир нь шударга өрсөлдөөнөөр эрх мэдэлд очоогүй хүмүүс шударга ёс, хуулийн засаглал, олноос айх, эмээх мэдрэмжээ гээдэг нь жам ёс.
Тэгээд ард түмнийхээ төрд итгэх итгэлийг улам алсруулна. Төр нь ч, түмэн олон нь ч хямарна. Тэгээд эцэст нь юу болох вэ?